“Рио тинто” гэдэг компани Оюутолгойн ордод хөрөнгө оруулагч биш юм байна. Хөрөнгө оруулагч гэдэг нь өөрөөсөө хөрөнгөө гаргагчийг хэлдэг болохоос биш манай улсын өмнөөс монголчуудын өмч Оюутолгойн ордыг барьцаанд тавьж дэлхийн банк санхүүгийн байгууллагуудаас мөнгө зээлэхийг хэлэхгүй. Юуны өмнө үүнийг ойлгох хэрэгтэй юм байна. Зуучлагч гэвэл арай л дөхөх байх. “Рио тинто” бол хөрөнгө оруулагч биш өрөнд оруулагч. “Рио тинто” гэдэг луйварчин компани байсан байгаагүй монголчууд Оюутолгойн ордоо дэлхийн санхүүгийн байгууллагуудад барьцаанд тавьж мөнгө босгоод түүгээрээ техник хэрэгслээ худалдан авч мэргэжилтэн энэ тэрийг нь хөлслөөд Оюутолгой ордоо төрийн өмчит үндэсний компани байгуулж 100 хувийг эзэмшиж, 100 хувь үр ашгийг нь хүртэж болох байсан байна. Гэтэл одоо өөрсдийнхөө баялаг болох Оюутолгойн ордынхоо 34 хувийг эзэмших гэж 2037 он хүртэл сохор зоос ч авахгүйгээр өр төлөх гэрээ хийчихээд сууж байна. 2037 онд Оюутолгойн орд дахь баялаг нь байгаа ч уу үгүй ч үү гэдэг нь тодорхой бус. “Брогоулд” шиг хугацаанаас нь өмнө бүх баялгийг нь ухаж аваад хонхорхоо нүх үлдээгээд явчихгүй гэх баталгаа байхгүй.
Монгол Улсад татвар төлдөг гээд байгаа. Жилд 300 гаруй тэрбум төгрөгийн татвар төлдөгч түүнээс илүү өрийг Монголд үлдээж байна гэдгийг нэр бүхий УИХ-ын гишүүд мэдэгдээд байгаа.
Энэ татвар төлөх биш татаас авч байна гэсэн үг биз дээ. Мөн 10 мянган хүнийг ажлын байраар хангаж байна гэж бахархаж ярьдаг. Тэртэй тэргүй хуулиараа монголчууд ажиллахгүй өөр хэн ажиллах юм бэ.
Тэгээд монголчуудыг эх оронд нь гадаад иргэдээс нэг дахин биш, тав дахин биш арав дахин хямдхан үнэлж доромжилчихоод түүнийгээ гавъяа байгуулсан юм шиг гайхуулаад байгаа юм. “Оюутолгой” компанийн гадаад ажилчдын цалин 10 000-20,000 ам.доллар байхад Монгол ажилчид 2-6 сая төгрөг юм байна.
Монгол хүний үнэлэмж эх орондоо гадаадын иргэдээс хамгийн багадаа арав дахин бага байна гэсэн үг. Монгол хүн гадаад иргэдээс арав дахин хямдхан боолын боол юм уу. Мөн олон хувиараа бизнес эрхлэгчидтэй хамтарч ажиллаж байгаа гэдэг. Нөгөөх нь ихэнхдээ манай хэдэн олигархиудын боловсон авилга, амаа хамхисных нь шагнал л байгаа байхгүй юу.
Бидний өвөг дээдсийн үлдээсэн асар их баялаг дээр минь манай хэдэн урвагчдыг ашиглаж эзэн суусан шар чөтгөрүүд бол “Рио тинто”. Мөн дээр нь дэлхийн банкуудаас 2-3 хувийн хүүтэй зээлсэн мөнгөө Монгол Улсад 7-8 хувийн хүүгээр тооцож байгаа нь мөнгө угаах гэмт хэрэг. Наад зах нь энэ. За тэгээд Оюутолгойн анхны гэрээ бол энэ цаг үеийн Монголд бүү хэл дэлхийд байхгүй луйварын гэрээ болсон гэдэг нь цаг ирэх тусам илчлэгдсээр байгаа. Тэр Дубайн гэрээ гэдэг нь бол бүр гэрээ ч биш. Зүгээр л улаандаа гарсан дээрэм гэж байна. Эхлээд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гэдэг хулгайчийн босгосон шударга бусын хонгилийг нь яаралтай нурааж дуусчихаад Оюутолгойн луйврын гэрээг бүхлээр нь хүчингүй болгох, луйварчдаас баялгаа эргүүлж авах эх оронч тэмцэлд ард нийтээрээ ханцуй шамлан орцгооё. Дэлхийн хэмжээний тэмцэл хийсэн ч ялна. Яагаад гэвэл ямар ч зальтай хулгайч энэ луйвраа далдалж чадахааргүй илэрхий луйвар тул хаана ч ялна. “Рио тинто” компанийг дэлхийд жигшил болтол нь, гишгэх газаргүй болтол нь тэмцэж, дотоодын дайснуудыг жижиг томгүй олж илэрүүлж төрийн хамгийн хатуу цээрлэлийг хайр найргүй хүлээлгэх хэрэгтэй. Өнөөдөр Оюутолгойн ордоо дээрэмдүүлснээ мэдсээр байж зүгээр хараад суугаад байвал маргааш эх орноо тэр чигт нь бас дээрэмдүүлнэ шүү!
Галбадрахын НАЙМАНЖИН
“РИО ТИНТО” ОЮУТОЛГОЙГООР ДУТАХГҮЙ
“Рио Тинто”-г дүгнэсэн хөнгөн бичвэрийг хөрөнгө оруулалтын өнцгөөс няцаах нь
“Олон улсад хөрөнгө оруулагч нь өөрөөсөө хөрөнгө гаргана” гэсэн тодорхойлолт хаана ч байхгүй. Тэгвэл хөрөнгө оруулагч гэж хэн юм бэ. Хөрөнгө оруулагч гэдэг нь товчхондоо ашиг олох зорилгоор хөрөнгө (капитал) гаргадаг хувь хүн, эсвэл аж ахуйн нэгжийг хэлдэг. Хөрөнгө оруулагч худалдаачнаас ялгарах нэг гол зүйл нь урт хугацааны ашгийн төлөө хөрөнгө гаргадаг бол худалдаачин нь маш богино хугацаанд ашиг олох зорилгоор капиталыг тэр даруй зарж борлуулж, дахин худалдан авч байдаг. Хөрөнгө оруулагч нь хувьцаа, эсвэл зээл хэлбэрээр аливаа төсөлд санхүүжилт хийдэг. Хувьцаа гаргаснаар тухайн компанид хувь эзэмшиж, ашигтай ажиллабал улмаар ногдол ашиг тараах боломж бүрддэг гэсэн үг юм.
Оюу толгой” ХХК-ийн хөрөнгө оруулагч тал болох “Туркойз Хилл Ресурс”, “Рио Тинто” компаниуд “Оюу толгой” төслийн хөрөнгө оруулалтад яг энэ зарчмаар олон улсаас хөрөнгө босгож байгаа юм. Үүнийг ч тухайн үед үйлчилж байсан Монгол Улсын Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль[1] (өдгөө хүчингүй болсон), өдгөө үйлчилж буй Хөрөнгө оруулалтын тухай Монгол Улсын хуулийн тавдугаар зүйлд тодорхой заасан байгаа. Энэхүү тавдугаар зүйлд хөрөнгө оруулалтын хэлбэрийг тодорхой зааж өгсөн байдаг. Ийм олон улсын практик, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу “Оюу толгойн” Хувь нийлүүлэгчдийн гэрээний 9.2-т заасны дагуу энгийн хувьцаа, зээл (өр) гэсэн хоёр хэлбэрээр Оюу толгойн бүтээн байгуулалтыг санхүүжүүлж байна. “Рио Тинто” хөрөнгө оруулагч биш зуучлагч уу. Зуучлагч гэж хэлэх нь төөрөгдөл юм. Хувь нийлүүлэгчдийн гэрээний 9.1, 9.3-т шаардсан мөнгөн хөрөнгийг ОТ ХХК-ийн хувь нийлүүлэгч бүх тал (үүнд Монгол Улсын Засгийн газрын хувь эзэмшлийг төлөөлж буй Эрдэнэс “Оюу толгой” ХХК багтана) нийлүүлэх эрхтэй юм. Харин “Оюу толгой” ХХКийн 34 хувийг эзэмшиж буй Монгол Улсын Засгийн газар (ЭОТ ХХК) заавал энэхүү мөнгөн хөрөнгийг нийлүүлэх үүрэг хүлээгээгүй тул бусад талууд болох “Туркойз Хилл” Ресурс, “Рио Тинто” мөнгөн хөрөнгийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь нийлүүлэх зохицуулалтыг тусгасан. Монгол Улсын Засгийн газар анхнаасаа санхүүжилтэд ямар нэг хөрөнгө гаргахгүй байх шийдвэр гаргасан тул санхүүжилтийг бүхэлд нь хөрөнгө оруулагч бусад талууд гаргаж байна. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар “Оюу толгой” төсөлд хөрөнгө оруулаагүй ч өдгөө татвараа аваад явж байгаа юм. Нөгөө талаар “Рио Тинто” зөвхөн хөрөнгө оруулагч гэж харах нь өрөөсгөл юм. “Рио Тинто” өөрөө олон улсад 20 гаруй уурхайтай бөгөөд тэр бүгдийг өөрсдөө ямар нэг хэлбэрээр ажиллуулдаг.
“Рио Тинто” байсан байгаагүй хөрөнгө эзэмших боломж байсан гэж байгаа нь нэг талаар үнэн юм шиг мөртлөө боломжгүй зүйл юм. Хуулийн өнцгөөс нь тайлбарлая. Үүний тулд ашигт малтмалын өмчлөл гэдэг зүйлийн тухай бид ярих хэрэгтэй болно. Юуны өмнө Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч байдаг. Мөн Ашигт малтмалын тухай Монгол Улсын хуулийн 5.5-д “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно. Уг гэрээгээр тогтоосон төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно” гэж заасан байдаг. Оюутолгойн бүлэг орд нь улсын төсвийн оролцоотойгоор хайгуулж хийж нөөцийг нь тогтоосон орд биш юм. Өөрөөр хэлбэл та бидний сайн мэдэх “Айвенхоу Майнз” компанийн мөнгөөр ийм том хэмжээний орд гэж анх 2000- аад оны эхээр нөөцийг нь анх тогтоож байсан түүхтэй. Ийм ч учраас улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдээгүй Оюутолгой ордын эзэмшил дээр Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу Монгол Улс 34 хувь эзэмших шийдвэр гаргасан.
Нөгөө талаар монголчууд бид төсвийн мөнгөөр өөрсдөө ордыг нээж нөөцийг нь тогтоосон байсан гэж төсөөлье. Тэгвэл бид шууд ордоо барьцаанд тавьж байгаа мөнгө босгох байсан гэж үү. Олон улсын зах зээл дээр мөнгө босгох тийм амар зүйл үү. Олон улсын зах зээл дээр хувьцаа маягаар мөнгө босгоход маш олон шалгуурыг давах хэрэгтэй байдаг. Заримаас нь дурдвал: санхүүгийн бололцоо, санхүүжилтын олдоц, үйл ажиллагаа явуулах зардлын тооцоо, төслийн техник эдийн засгийн үндэслэл, ашгийн хэлхээ буюу тооцоолол, дотоодын тогтвортой хууль эрх зүйн орчин, дэд бүтцийн боломж, боловсон хүчний хангамж, хүрэээлэн буй орчинд үзүүлэх нөлөөлөл, тэгээд хамгийн гол нь компанийн засаглалын тухай асуудал юм. Олон улсын банк санхүүгийн байгууллагууд бидэнд мөнгө өгөх бол энэ бүх шалгуурыг хангаж буй эсэхийг хамгийн түрүүнд харах юм. “Эрдэнэс Тавантолгой дээр IPO босгох үйл явц ямархуу удаан үйл явцтай явж байгааг та бүхэн гадарлаж буй биз. Баялаг гэдэг ойлголтыг манайхан өдгөө нэг мөсөн цэгцтэй нэг мөр ойлгох цаг болжээ.
Баялаг гэдэг нь 1,300 метрийн гүнд буй зэсийн хүдрийг нэг утгаар ойлгож болох ч тэрхүү зэсийн хүдрийг гаргаж ирэхэд зарцуулагдаж буй зардал ямар байх вэ. Уул уурхайн салбарын нэг онцлог нь энэхүү анхны хөрөнгө оруулалт маш өндөр, эрсдэл өндөр буюу уул уурхайн бүтээгдэхүүний үнийн мөчлөгөөс шууд хамаарч байдаг. Ийм учраас зэсийн баяжмал буюу эцсийн бүтээгдэхүүн гаргах хүртэлх гаргаж буй зардал, зардлын бүтцийг бид сайтар ойлгож байж баялаг хэрхэн бүтээгддэгийг ойлгох хэрэгтэй юм. Хэрэв баялаг гээд газрын гүнд зүгээр хэвтэж байдаг зүйл юм бол манай “нинжа” нар шууд очоод ухаад авчих байсан биз.
Дараагийн зүйл бол Оюутолгой ордоос анх Хөрөнгө оруулалтын гэрээ зурагдах байтугай анх хайгуулын лиценз олгогдсон 1990-ээд оны дунд үеэс л Монгол Улсад хайгуулын лицензийн төлбөрөө төлж ирсэн юм. Ингээд 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах үед Монгол Улсад их хэмжээгээр мөнгө орж ирэх болсон түүхтэй. Сохор зоос ч орж ирдэггүй гэж мэтгэх нь аюултай төөрөгдөл юм. Мөн ордын тогтоогдсон нөөцийг нь юуны түрүүнд Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн нөөцийн зөвлөл баталгаажуулдаг тул маш богино хугацаанд олборлоод гараад явна гэдэг ойлголт огт байхгүй. Техник, эдийн засгийн үндэслэл дээр ч олборлох хүдэр, боловсруулах баяжмалын хэмжээг он оноор нь тодорхой төсөөлсөн байдаг. Үүнийг нь мөн л Эрдэс баялгийн нөөцийн зөвлөл баталгаажуулдаг болно. Оюутолгойн ордын нөөцийн 80 гаруй хувь нь оршиж байгаа гүний уурхай 2021 оноос л анхны хүдрээ гаргаж эхлэх юм.
Монгол Улсад өрөнд орж байна гэж ярьдаг ч энэ ор үндэсгүй зүйл юм. Оюу толгойн ордын бүтээн байгуулалтад шаардагдах зардалд зориулж холбогдох хөрөнгө оруулагч талууд олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас мөнгө босгосон. Бүтээн байгуулалтын зардалд зориулж босгосон зээл, түүний хүүг Монгол Улс 34 хувь эзэмшиж байгаагаараа өөрөөсөө төлөхгүй, харин Оюутолгойн ордын ирээдүйн ногдол ашгаас суутгуулах юм. Ногдол ашиг гэхдээ Монгол Улсад ирж буй өгөөжийн зөвхөн нэг хэсэг гэдгийг бид мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл ногдол ашиг авахаас өмнө татвар, хураамж хэлбэрээр ихээхэн хэмжээний мөнгийг Монгол Улс авсаар байх юм. Жишээлбэл, “Оюутолгой” ХХК улсын төсөвт 2010-2018 онд 2.3 тэрбум ам.долларын татвар, хураамжийг төлөөд байгаа юм.
Оюутолгойн эдүгээ 16 гаруй мянган хүн ажиллаж байгаагийн 93 хувь нь монголчууд байна. 1,300 метрийн гүнд уурхай байгуулж байсан түүх Монгол Улсад байхгүй тул ийм хэмжээний мэдлэг туршлагатай олон улсын тэргүүний мэргэжилтнүүдийг ажиллуулахаас өөр аргагүй. Эрдэнэтийн ил уурхайг хүртэл бид ажиллуулахдаа анх орос мэргэжилтнүүдийг урьж ажиллуулж байсан билээ. Бид нар өөрсдөө ажиллуулж чаддаг болох өдөр тийм ч хол биш. Ийм өндөр технологи, мэргэжил, туршлага олон улсад үнэгүй байдаг зүйл биш. Тэр бүхнийг мөнгөөр хэмжиж байдаг. Энэхүү технологийг нутагшуулах, Монгол Улсад авч үлдэхийн тулд гадаадын өндөр мэргэжилтнүүдийг байлгах нь ганц Монголын туулж байгаа зам биш юм. 1950-1960-аад онд Арабын хойгт газрын тосны ордууд ар араасаа нээгдэхэд ч байсан зүйл. Тухайлбал, Арабын орнууд анх дандаа Өрнөдийн мэргэжилтнүүдийг ажиллуулж байгаад 10-20 жилийн дараа гэхэд өөрсдөө бүх технологи, ноу-хауг мэддэг болж, эдүгээ газрын тосны ордуудаа бие дааж ажиллуулж байна.
“Рио Тинто” Монгол Улсад мөнгө зээлээгүй гэдгийг мартаж болохгүй. “Рио Тинто” Оюутолгой төслийн санхүүжилтийг босгохын тулд олон улсын банк санхүүгийн байгууллагаас зээл авсан бөгөөд 34 хувийг нь эзэмшдгийн хувьд Монгол Улсын Засгийн газар тус зээлийн төлөлтөөс үүрэлцэнэ гэсэн үг юм.
Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний ачаар эдүгээ арав гаруй жилийн хугацаанд Монгол Улсад зөвхөн тус төслөөр дамжин ес орчим тэрбум ам.доллар орж иржээ. Энэхүү төслийн ачаар долларын ханш 5000 руу үсрэлгүй тогтвортой байж, 15 гаруй монголчууд ажилтай орлоготой, мянга гаруй үндэсний компани Оюутолгойгоос шууд хамаарч үйл ажиллагаа явуулж байна. Харин энэхүү төсөл бид яах вэ. “Рио Тинто”-д дахиад 20 гаруй уурхай байгаа гэдгийг дээр дурдсан. Тэдний хувьд зэсийн бизнес ч гол бизнес нь биш. Харин төмрийн хүдэр юм. “Рио Тинто” Оюутолгойгоор дутахгүй.
Хөрөнгө оруулалтын шинжээч Д.НОМУН-ХАН
Сэтгэгдэл