Улс үндэстнийхээ уг сурвалж, гарвал түүхийг мэдэхгүй бол ойд тѳѳрсѳн сармагчин лугаа адил гэж тооцдог юм билээ. Цорын ганц ҮНЭН түүхтэй, тэр нь СССР ийн түүхтэй адил хуулбарлагдаж байдаг, цорын ганц НАМ тай, түүний их бага, бүгд хурлуудын шийдвэрүүдийг ойлгосон ч эс ойлгосон ч хамаагүй судлах нэрээр хуулж бичиж байдаг, СЭТГЭЛГЭЭНИЙ ДАРАНГУЙЛАЛ-ын он жилүүдэд залуу нас минь ѳнгѳрсѳн. Ѳнгѳрсѳн үеийн түүхээ мэдэхгүйн улмаас ҮНЭТ ЗҮЙЛ-ээсээ хагацсан үндэстэн монголчууд бид байлаа. Ердѳѳ л зусардагсад, матагсад, хэн нэгний мууг үзэн байж сэтгэлийн таашаал авдаг дорой үндэстэн болж хувирсан. Энэ гаж дуршил ѳнѳѳ хүртэл үргэлжилсээр л байгаа. Аугаа үндэстнээс арчаагүй дорой үндэстэн болсон шалтгаан нь үнэн түүхээ мэдэхгүй мунхагийн улмаас бахархах бардамнал нь үгүй болсных. “Эх орон” гэж хѳѳрѳн орилолдох, “эзэн Чингис” хэмээн цээжээ дэлдэн хашгиралдах хоосон хийрхэл бүр нь эх түүхийн мэдлэг нимгэний илрэл.
“ Тѳрийн соёрхолт”, түүх судлаач эрдэмтэн Д.Ѳлзийбаатарын “Монголчууд” нэртэй сонсдог бүтээл ѳдгѳѳ цагт олон монголчуудын сонорыг баясгаж, сэтгэлийн мэлмийг нээж буй. Эрхэм танд үүний тѳлѳѳ чин сэтгэлээсээ талархаж байнаа. Ѳнѳ эртний Хүннү гүрнээс ѳнѳѳгийн Ардчилсан хувьсгалын эхлэл хүртэлх түүхийг товч тодорхой хэрнээ энгийнээр ойлгомжтой ѳгүүлсэн нь үнэхээр гайхалтай байв. Эх түүхийн сурвалж талаас нь мэргэжлийн түүхчид шүүмжлэх, анхааруулах зүйл байдаг л байх. Гэхдээ “ойд тѳѳрсѳн сармагчин” лугаа бидний сэтгэлд, бахархалын их галыг асааж чадаж байгаа нь л хамгаас ҮНЭ ЦЭНЭ тэй бүтээл болж байна. Маш олон монголчууд аян замын уртад энэ бүтээлүүдийг сонсож Монголын түүхийн үнэний нугачаан дунд сэтгэлээрээ бэдэрч явна. Тэд уулзаж энэ тухай ярилцахаараа сэтгэлд нь бардамнал бадарч байгааг анзаарч болно. Аугаа ѳвѳг дээдсийн үр сад болохоороо харийн нутагт бусдаас “муу явж болохгүй” үүрэг хариуцлагаа ухамсарлаж эхэлж байна. Ядаж л ѳѳрсдийн үр хүүхдүүддээ энэ сэтгэлгээгээ уламжлуулах гэж хичээж явна.
Хэдийгээр энэ цаг дор бид уруудан доройтож яваа мэт гутранги байдлаар хандах авч, монголчууд бид туулах замаа туулж, үзэх муугаа үзэн байж ѳѳдлѳн сэргэж яваа үндэстэн. Бидэнд бахархах бахархал дутаад байсан нь үнэн. Дэлхийн талыг дайлаар мордож, олон улс гүрнүүдыг нэгэн тугийн дор захируулж, ѳѳрсдийн хэл бичиг, соёл уламжлалаа сэргээн бадруулж байсан үндэстэн тун цѳѳхѳн. Хичнээн амаргүй цаг үед ч туурга тусгаар газар нутаг дээр тусгаар тогтнолоо авч үлдсэн улс гүрэн бүр ч цѳѳхѳн. Тийм ѳвѳг дээдсийн үр сад бид ѳнѳѳ үед ч муу явж, муухай үнэлэгдэх эрхгүй. Монголчууд бидний үндэстэний бахархал эх түүхээсээ л эхэлнэ. Хүн бүр эх түүхээ мэдэж, үүрэг хариуцлагаа ухамсарлаж эхлэх дор бид нэгэн ҮНЭТ ЗҮЙЛ ийн дор нэгдэж чадах болно. Харин тэр үнэт зүйлсийг бүтээгчид нь бид ѳѳрсдѳѳ байх юм шүү дээ. Аль нэгэн үндэстэн баллуурдан бүдгэрүүлж чадсан бидний үнэт зүйл одоо л сэргэн бадарч эхэлнээ. Дахиад олон олон түүхүүдийг бидний үр сад дэлгэрүүлэн тодруулж, бахархал бардамналыг бадруулан түгээх болно.
Хэрвээ монголчууд бид энэ зуунд ѳѳрсдийн үнэт зүйлийг сэргээж, хүн бүр дагаж мѳрдѳх "СУРТААЛ"-ыг бий болгох аваас бид ѳѳдлѳн хѳгжих болно. Монголчууд бид оюун сэтгэлгээний чадамжаараа дэлхийн хѳгжилд тус дэм болж чадна. Улс орнуудын хоцрогдол зарим үед хѳгжил дэвшлийнх нь боломж болох тохиолдол бий. Монголын түүх бол монголчууд бидний алдаа онооны дэнс билээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Сэтгэгдэл