ҮЕИЙН ЗАЛУУСАА ӨМӨӨРӨХҮЙ


ҮЕИЙН ЗАЛУУСАА ӨМӨӨРӨХҮЙ

 

Хар цай, хатсан боорцогоор хоол хийж масло сахартай талх тансаг хэрэглээнд тооцогдож, эцэг эх ганзагын наймаанд явж шатаж бас сэргэж, тавын гаа, арвын чихэрээр сэтгэлээ хуурч, айлын ах эхнэртээ гар хүрэхийг байрны хүүхдүүд тэр чигээрээ харж, зарим нь цус нөжтэй нь хутгатал зодож байхад нь очиж салгадаг, орос спиртээр найруулсан сархадыг нэг хэсэг нь хийж зардаг, нөгөө хэсэг нь ууж устгадаг, үзэх телевиз хомс, гардаг кино нь цөөн ийм л хүнд хэцүү үеийн гэр бүлд гэгээ татуулж, ирээдүйд итгэх итгэл нь болж явсан тэр үеийн хүүхдүүд …

Өнөөдрийн нийгэмтэй харьцуулахад газар тэнгэр шиг ялгаатай өссөн ерөөд оныхон хэдийн улс эх орны ажиллах хүчний дийлэнхийг бүрдүүлж яваа залуус болжээ. 20 хэдтэй залуу хүчирхийлэл үйлджээ, 20 хэдтэй хэдэн залуучууд бүлэглэн гэмт хэрэг хийжээ, мөн л энэ үеийн залуучууд амиа хорложээ гэх мэдээллийг та бүхэн өдөр тутамдаа л сонсож байгаа байх. Би эдгээр хар бараан зүйлсэд холбогдсон, алдаж оносон үеийн залуучууддаа бурууг өгмөөргүй байна. Тэр үеийн нийгэм энэ зам руу хөтөлсөн … Эцэг эхчүүдийн буруу ч үүнд байхгүй товчихондоо бол төр буруутай. Соц нийгмээс ардчилал руу шилжсэн шилжилтийн үед төлөвлөлт, стратеги алдагдсан улс төрийн тогтолцоо буруутай гэдгийг хатуухан хэлж бас чадна. 
БИД ХҮҮХДҮҮДЭЭ, ХҮНЭЭ ГЭЭСЭН, ОРХИСОН, МАРТСАН НИЙГМИЙН ЗОЛИОС БОЛСОН ХҮҮХДҮҮД.

Хорин хэдтэй, гучин хэдтэй залуучууд гэр бүлээсээ салж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, нэгнийхээ амь насыг хохироож, хүүхдүүд хүчирхийлж, хэний ч санаанд багтамгүй хэрэг төвөг үйлдэж байгаа шалтгааныг би нэг зүйлтэй холбож тайлбарлахыг хүсч байна. Дээр дурьдсанчлан аав нь ээжийг нь зодохыг харж өссөн хүү, байрны ах эхнэрээ үсдэж чирээд цустай нь хутгаж байхыг харсан хүүхдүүд, нэг нэгнээсээ кино хальс ээлжлэн сольж кино л бол кино гэж ямар ч шүүлтүүргүй хүчирхийлэлтэй киног өдөр шөнөгүй үзэж, гэртээ ганцаараа цоожлуулж, хүүхдүүд хүүхдүүдээ харж томчууд ажил хийж мөнгө олох гэж зовж явсан үед төрж, өссөн хүүхдүүдээс юу хүлээгээ вэ. Тиймээ хүний үзсэн харсан, мэдсэн сонссон бүхэн далд ухамсарт хадгалагдаж хэзээ нэгэн цагт өөрөө ч бодоогүй байхад үйлдэл болон гардаг гэдгийг шинжлэх ухаан баталсан.


Эмэгтэйчүүдийн нүд нүүрэн дээрх цохилтын хөх толбыг хүлээн зөвшөөрч, нөгөө нэг хар юм чинь ингэчихээ юу гэх үгэнд тиймээ гэж хариулж явсан ээжийгээ, эгчийгээ харж том болсон охидоос эмэгтэй хүний үнэ цэнэ, эрх чөлөө, хайрлагдах хүсэл зэргийг бүү асуу бас бүү шүүмжил. П…. Хэмээх үг амнаас нь өгүүлбэр бүртээ нь цуг урсаж, хүүхдүүдийнхээ дэргэд архи ууж халамцан, хүүхэддээ гар хүрэхийг эцгийн хүмүүжил гэж андуурч явсан аавыгаа харж өссөн хөвгүүнээс хариуцлага, эр хүний хайр халамжийг бүү нэх ....

ТИЙМЭЭ БИДНИЙ ҮЕИЙН ЗАЛУУС ХЭЦҮҮ ҮЕИЙН ЗОЛИОС БОЛСОН ХҮҮХДҮҮД ЮМ БАЙЖ, ОДОО ЯАЖ ӨӨРЧЛӨХ ВЭ. 
Энэ үеийн залуучуудад чиглэсэн хөгжлийн үйлчилгээний нэр төрлийг олшруулж, соён гэгээрүүлэх сургалт нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулан, оролцох идэвхийг сэргээж, эцэг эх байх талаар зааж сургаж, хүүхдийн хүмүүжлийн эерэг аргыг түгээн дэлгэрүүлж, сэтгэлзүйд нь хандсан олон ажлыг тасрахгүй зохион байгуулсанаар нийгэмд бага ч гэсэн гэрэл асна.

Ийм хэцүү нийгэмд өссөн ч амжилттай яваа залуусаараа бахархахгүй байхын аргагүй. Өөртөө асаасан гэрэлээ нийгэмдээ түгээдэг залуус улам олон болоосой гэж хүснэ ...

Ихэнх залуучууд маань өөрсдийнхөө өссөн нийгмийг мэддэг, өөрийнхөө амьдралаар хүүхдүүдээ амьдруулахгүйн тулд хариуцлагатай эцэг эх байх гэж хичээж, хүүхдүүдийнхээ хөгжилд илүү анхаардаг болсон. Одоо л зөв нийгмийг бий болгож, зөв иргэдийг төлөвшүүлэхгүй бол өнөөдөр гарч байгаа өнгөрсөн нийгмийн сөрөг үр дүн ирээдүйд ч давтагдаж мэднэ …

Ийм өрөвдөм амьдралыг устгахад хүн бүрийн хичээн зүтгэл хэрэгтэй.
Ирээдүй минь илүү сайхан гэрэл гэгээтэй байх болтугай.

 

Boloroo Suhee

https://www.facebook.com/boloroo.suhee.9/posts/434639540414598


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.