МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп нар баасан гарагт утсаар ярьжээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын мэдээлснээр, хоёр улсын төрийн тэргүүн нар 1 цаг 30 минут орчим ярилцсан байна. Путин, Трамп хоёр Вашингтоны санаачилгаар утсаар ярьсан гэдгийг Кремль тэмдэглэжээ.
Ким Жөн Унтай хийсэн хэлэлцээний тухай
Цагаан ордны төлөөлөгч Сара Сандерсын мэдээлснээр, хоёр улсын удирдагчид голчлон БНАСАУ-ын тухай ярилцсан байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай өнгөрсөн долоо хоногт Владивостокт хийсэн хэлэлцээнийхээ үр дүнгийн талаар Трампт ярьсан байна. БНАСАУ хүлээсэн үүргээ шударгаар биелүүлсний хариуг барих ёстой гэдгийг Путин цохон тэмдэглэжээ.
Харин Трамп үүний хариуд цөмийн зэвсгээсээ ангижрахад БНАСАУ-д шахалт үзүүлэхийг ОХУ-ын Ерөнхийлөгчид уриалсан байна.
Үүний сацуу, хоёр орны төрийн тэргүүн нар цөмийн зэвсгээс ангижрахад чиглэсэн замыг тууштай дагах, Солонгосын хойгийн байдлыг цаашид тогтвортой хэвийн болгох нь чухал гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Венесуэл болон Украины байдлын тухай
ОХУ-ын Ерөнхийлөгч Венесуэлд үүссэн нөхцөл байдлын талаар хөндөхдөө, улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, эрх мэдлийг хүчээр өөрчлөх оролдлого нь хямралыг улс төрийн арга замаар зохицуулах үйл явцыг нурааж байна гэж цохон тэмдэглэсэн байна.
Цагаан ордны төлөөлөгчийн мэдээлснээр бол “АНУ Венесуэлийн ард түмнийг дэмжиж байгаа гэдгийг Трамп тодорхой хэлжээ”.
Талууд мөн Украины асуудлыг хөндсөн байна. Тухайлбал, Киевийн шинэ эрх баригчид Минскийн гэрээг хэрэгжүүлэхэд чиглэсэн бодит алхмуудыг зайлшгүй хийх шаардлагатай гэдгийг Путин онцлон дурдсан байна.
Цөмийн болон Стратегийн давшилтын зэвсэглэлийн тухай хэлэлцээр
ОХУ болон АНУ-ын Ерөнхийлөгч нар янз бүрийн салбарт, тухайлбал, стратегийн тогтвортой байдалтай холбоотой асуудлаар яриа хэлэлцээгээ идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа нотолжээ.
Талууд мөн ОХУ, АНУ болон БНХАУ-ын хооронд цөмийн шинэ гэрээ байгуулах, мөн одоо хэрэгжиж буй Стратегийн давшилтын зэвсэглэлийн хэлэлцээрийн хугацааг сунгах боломжийг хэлэлцсэн байна.
Гадаад худалдааны эргэлт ба Мюллерийн тайлан
Путин, Трамп нар мөн хоёр орны бараа эргэлтийн талаар хэлэлцсэн байна. Цагаан ордны төлөөлөгч Сандерсын хэлснээр, Трампын үед хоёр улсын бараа эргэлтийн хэмжээ нэмэгджээ.
ОХУ-ын Гаалийн албаны мэдээллээр, 2018 онд ОХУ болон АНУ-ын бараа эргэлтийн хэмжээ 2017 оныхоос 8 орчим хувиар өсөж, 25 орчим тэрбум ам.долларт хүрсэн байна.
Үүнээс гадна, тэд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Трамп ОХУ-тай хуйвалдаагүй гэдгийг нотолсон тусгай прокурор Мюллерийн тайлангийн талаар хэлэлцжээ.
Эцэст нь Кремлийн мэдээлснээр, ажил хэрэгч, үр дүнтэй яриа болсонд Путин, Трамп нар сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Талууд мөн янз бүрийн түвшинд холбоо харилцаагаа үргэлжлүүлэхээр тохиролцсон байна. Харин Цагаан ордны мэдээлж буйгаар, хоёр орны удирдагчдын яриа эерэг уур амьсгалд болжээ.
Сэтгэгдэл