Япон улсын 126 дахь эзэн хаан Нарүхито хаан ширээндээ залраад дөрөв хонож буй билээ. Эцэг Акихито нь эрүүл мэндийн байдлаар эзэн хааны ороо ууган хүүдээ залгамжлуулснаар Нарүхито ийнхүү хаан ширээнд заларч Рэйвагийн тооллыг эхлүүлээд байна.
Эзэн хаан Нарүхито 1960 оны хоёрдугаар сарын 23-нд Токио хотноо Тогу ордонд мэндэлжээ. Эзэн хааны нэрийг Хирономия Нарүхито гэдэг. багад нь Хиро-но Мия буюу Хиро ханхүү хэмээн нэрлэдэг байжээ. Нарухитогийн өвөө, эзэн хаан Хирохитог тэнгэрт хальсны дараа 1989 оны нэгдүгээр сард түүнийг угсаа залгамжлагчаар албан ёсоор зарласан байна.
Эзэн хаан Нарүхито 1982 онд Гакүшүин Их сургуулийн уран зохиолын факультетийн түүхийн ангийг дундад зууны үеийн Япон улсын тээврийн түүх гэсэн тун чиг сонирхолтой сэдвээр дипломоо хамгаалж төгсөөд, 1983-1985 онд Лондон хотын Оксфордын Их сургуулийн дэргэдэх Мертоны коллежид суралцаад эргэн ирж 1991 онд Гакүшүин Их сургуульдаа докторын зэрэг хамгаалсан гэдэг. Тэрээр Оксфордод өнгөрүүлсэн өдрүүд болон Темза мөрний наймаачдийн тээврийн талаарх судалгаагаа нэгтгэн Темза мөрөн ба Би хэмээх ном бичиж хэвлүүлсэн байдаг. Тэрээр Түүхийн судалгааны их сургуулийн төвийн гишүүн, Дэлхийн усны комиссын хүндэт гишүүн, Дэлхийн ус түншлэлийн идэвхтэн гишүүн төдийгүй Японы Засгийн газрын дээд зөвлөл болох Төрийн зөвлөлийн гишүүн.
2007 оны зургаадугаар сарын эхээр одоогийн эзэн хаан, тухайн үед угсаа залгамжлах ханхүү байсан Нарүхито 12 нугалаа гэдэсний хавдар авах мэс засалд орж байжээ. Эзэн хаан Нарухитогийн өвөө Хирохито гэдэсний өмөн үүгээр нас барсан бол, аавд нь тунгалгийн булчирхайн өмөн үү гэсэн оношийг эмч нар 2002 онд тавьсан ч 2008 онд хорт хавдартай болсон нь оношлогдож, хаан ширээгээ эрүүл мэндийн байдлаас болж залгамжлуулахаар болж, хаан ширээнээсээ татгалзаж байлаа.
Ханхүү агаарт аялах, гүйх, ууланд авирах дуртай төдийгүй хийл сайхан тоглодог гэдгээрээ алдартай. Дөрвөн настайдаа хийл хөгжим тоглохыг заалгаж, хожмоо Гакүшүины их сургуулийнхаа оркестрт эрдүү хийл тоглодог байжээ. Нарухитогийн дунд сургуулийн нөхөд түүнийг биеэ барих чадвар сайтай, маш шийдэмгий хүн хэмээн тодорхойлсон байдаг.
Ханхүү ирээдүйн гэргий, өөрөөсөө гурав дүү Масако Овадатай 1986 онд хүлээн авалтан дээр танилцжээ. Масако бол Японы Гадаад хэргийн дэд сайд, тус улсаас АНУ-д суух Элчин сайдын алба хашиж асан Хисаши Овадагийн гурван охины ууган нь бөгөөд дипломатч эцэгтэйгээ хамт бага насныхаа ихэнхийг хилийн чанадад өнгөрүүлсэн боловсролтой, үзэсгэлэнтэй, товчхондоо төгс бүсгүй юм.
Үнэнийг хэлэхэд ажил хэрэгч, мэргэжилдээ хайртай Масаког гэргийгээ болгох гэж Нарухито зургаан жил зарцуулсан түүхтэй. Европт олон жил болж, Оксфордод боловсрол эзэмшсэн Масако ажлаа орхиж, хатуу чанд дэг жаягтай, хааны гэр бүлд бэр болохоос цааргалж 2 ч удаа татгалзсан хариу өгч байсан нь Нарүхитог ийнхүү чилийсэн 6 жил зарцуулахад хүргэсэн байна.
Масакогийн өвөө Кюшю арлын Минамата буланд хог хаягдлаа булснаас нутгийн иргэдийг олноор нь хордуулж, амь нас эрүүл мэндийг нь хохироосон “Тиссо” компанийг тэргүүлж явсан нэгэн учир хааны гэр бүл бэрдээ тийм ч дуртай байгаагүй гэдэг.
Ямартаа ч хайр сэтгэлээ зориулсан бүсгүйгээ өөрийн болгож, зөвшөөрсөн хариу авч чадсан учир 1992 оны арванхоёрдугаар сард Масаког хаан эзэн, хатан хоёрт танилцуулж, 1993 оны зургаадугаар сарын 9-нд эзэн хааны ордонд шинто шашны ёсоор хуримлажээ. Европын бүх хаад, сонгуулиар томилогдсон төр, засгийн тэргүүнүүд заларсан уг хуримын ёслолд 800 зочин оролцож, дэлхийн 500 сая хүн телевизээр үзжээ.
2001 оны арванхоёрдугаар сарын 1-нд анхны хүүхэд өлгийдөн авсан нь бяцхан гүнж Айко байв. Гэхдээ гүнжийг мэндэлсний дараа уламжлал, ёс заншилдаа үнэнч япончуудын дийлэнх нь 1947 оны Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас өөр гарц олдохгүй нь гэцгээж байв. Бүсгүй хүн төрийн толгойд залрах эрхийг Үндсэн хуулиараа баталгаажуулахаар орон даяар ажил хэрэгч, халуун яриа эхлүүлэж, нилээн олон жил үргэлжилжээ. Уг маргаан ид өрнөж байх үед буюу 2006 оны намар Нарухитогийн дүү, ханхүү Акишиногийнд хааны угсаа залгах нуган үр мэндэлснээр Ерөнхий сайд Шинзо Абэ Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт хийх алхмаас ухрах болсноо мэдэгдсэн гэдэг.
Сэтгэгдэл