Эрдэнэтийг барьцаалсан этгээдүүд “цагаадаж” магадгүй


Одоогоос яг 10 жилийн жилийн өмнө буюу 2009 онд “Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларыг зээлж авсан байдаг. Энэхүү зээлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлэн зээл авч, улмаар Монгол Улсын Засгийн газар Арбитрын шүүхэд дуудагдсан билээ.

 

Арбитрын шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх хуультай тул Монгол улсын Засгийн газраас 40 сая ам.долларыг төлөх шийдвэр гаргаж, тус мөнгийг “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдлийн сангаас гаргасан саяхны үйл явдлыг бүгд санаж байгаа байх.

Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин “Ямартай ч үйлдвэрийн асуудлыг шийдчихлээ. Одоо дотооддоо учраа олж, Ш.Батхүүгээр өрийг төлүүлнэ” хэмээн мэдэгдсэн юм. Хэдийгээр ингэж үйлдвэрийнхээ талыг алдчихалгүй авч үлдсэн ч “Жаст”-ын Ш.Батхүүгээс сохор зоос ч авч чадахгүй байж магадгүй нөхцөл байдал үүсчихээд байна.

Одоо энэ талаар тайлбарлая.

Монгол улсад одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулинд “хөөн хэлэлцэх хугацаа” гэж бий. Хэрэв хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан бол хэн ч, ямар ч хэрэг үйлдсэн гэмгүй болж өнгөрдөг хуулийн заалт юм. Миний мэдэхээр АТГ газрын мөрдөн байцаагчид авлига өгсөн өмгөөлөгчийн асуудал хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болж байсан юмдаг.

Тэгвэл одоо Монгол Улсын саалийн үнээг барьцаалж, улсад онц ноцтой хохирол учруулсан этгээдийн энэ хэрэг хуулийн хүрээнд хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч, ял завших боломжит нөхцөл үүсчээ.

Ш.Батхүүд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хэзээ дуусах вэ?

Тэрээр анх 2009 онд “Стандарт” банкаас зээл авсан. Энэ тухай монголын хуулийн байгууллага 2013 онд мэдэж, шалгаж эхэлсэн юм. Тэгэхээр тухайн хэргийг үйлдсэнээс хойш даруй 10 жил өнгөрчихөөд байна. Эрүүгийн хуульд зааснаар тусгай ангид хорих 5-15 жилийн ял авсан тохиолдолд хэргийг үйлдсэнээс хойш 12 жилээр хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болно хэмээн заажээ.

Өөрөөр хэлбэл Ш.Батхүүд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хэрэг үйлдсэн 2009 оноос хойш 12 жил буюу 2021 онд дуусгавар болж хэрэгт холбогдолтой этгээдүүд бүтэн нойртой унтах боломжтой болж байгаа юм. Тэд одоо 2021 оныг хоног тоолон хүлээж байгаа гээд хэлчихвэл хилсдэхгүй.

Ш.Батхүү нь өөрийн өгсөн мэдүүлэгтээ “Эрдэнэт үйлдвэрийн нэр бүхий албан тушаалтнуудтай үгсэн хуйвалдаж, “Стандарт” банктай байгуулсан гэрээний зарим баримтыг хуурамчаар үйлдэн 220 тэрбум 276 сая 450 мянган төгрөгийн зээлийг залилан мэхлэх аргаар авч, өөртөө болон өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд зарцуулсан” хэмээн мэдэгджээ.

Өөрөөр хэлбэл тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Мөн түүний мэүүлэгт Г.Алтан, хүү Э.Сүрэн нар дурдагдсан учраас тэднээс ч бас мэдүүлэг, байцаалт авч байгаа.

Анхан шатны шүүх гэм буруутай этгээдүүдийг шүүсэн боловч тодруулах шаардлагатай зүйлс байна гэж үзээд прокурорын байгууллагад буцаасан. Эндээс Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэрэг нэлээд даамжирч мэдэхээр байна. Магадгүй хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг хүлээж байж ч болох л юм.

Эх сурвалж: Undesten.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.