Нийслэлийн гэр хорооллын айлууд жилд дунджаар сая гаруй тонн нүүрс хэрэглэдэг нь агаарын бохирдлын гол эх үүсвэр болдог гэж үздэг. Үүнтэй холбогдуулан, Өнөөдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Тодруулбал, нийслэлийн төвийн бүсийн зургаан дүүргийн 220 мянган айл өрх түүхий нүүрснээс татгалзаж, оронд нь сайжруулсан шахмал түлш хэрэглэхээр болоод байна.
Ингэснээр Улаанбаатарын агаарын бохирдлыг хоёр дахин бууруулна гэсэн тооцоо бий. Ингэж тооцоолох шалтгаан гэвэл урьд нь гэр хорооллынхон жилд 1.2 сая тонн түүхий нүүрс түлж байсан бол одоо энэ хэрэглээг 600 мянган тн сайжруулсан түлшээр хангах боломжтой гэж байгаа. Өөрөөр хэлбэл, бодит түлшний хэрэглээ хоёр дахин буурч байгаа болохоор утаа мөн энэ хэмжээгээр багасна гэж үзэж байгаа юм.
Шахмал түлшийг нийслэлд 107 цэгт борлуулна
Тиймээс өнөөдрөөс эхлэн нийслэлд түүхий нүүрс оруулахгүйгээр зөвхөн сайжруулсан түлшийг худалдаалж эхлэх юм.
Түүхий нүүрсийг нийслэл рүү оруулахгүй байх тал дээр хяналт тавихаар ЦЕГ-аас 58 хүний бүрэлдэхүүнтэй тусгай нэгж байгуулж, Морингийн даваа, Тахилт, Гачуурт, Налайхад нэмэлт явуулын пост гарган ажиллаж байгаа аж. Харин нийслэлийн гэр хорооллын 220 орчим мянган айлыг түүхий нүүрс хэрэглэхгүй сайжруулсан түлш хэрэглэх талаарх мэдээлэл өгч, хяналт тавих ажлыг төвийн зургаан дүүргийн хорооны засаг дарга, хэсгийн ахлагч нар хийх юм байна.
Хэрэв Засгийн газрын тогтоолыг зөрчиж түүхий нүүрс хэрэглэсэн, худалдан борлуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 300 мянган төгрөгөөр, аж ахуй нэгжийг 3 хүртэлх сая төгрөгөөр торгоно гэдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Сайжруулсан түлшийг 25, 600, 900 кг болон нэг тонн гэсэн хэмжээтэйгээр савлаж, нэг шуудайг нь 3750 төгрөг буюу нэг тонн нь 150 мянган төгрөгөөр өмнө нь нүүрс борлуулж байсан цэгүүдээр худалдаалах аж.
Сайжруулсан түлш нөөц иргэдэд хэр хүртээмжтэй байгаа талаар УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазараас тодруулахад, "Сайжруулсан түлш үйлдвэрлэхээр байгуулсан "Тавантолгой түлш” ХХК одоогоор 85 мянган тонныг үйлдвэрлэсэн мэдээлэлтэй байна. Манай яамнаас түлшний түүхий эдийг нийлүүлэх болон тээвэрлэх үүрэг хүлээсэн. Үүний хүрээнд, шахмал түлшний 125 мянган тонн түүхий эдийг Улаанбаатар хотод тээвэрлэн авчраад байна. Гэр хорооллын анхан шатны хороо нэгжүүдээр дамжуулан сайжруулсан түлшийг айл өрх, албан байгууллага, ААН-үүдэд нийлүүлнэ. Үүнийг Улаанбаатар хотын захиргаа хариуцан ажиллаж байна” гэв.
">Тавантолгой түлш” ХХК-иас сайжруулсан түлшээ хэзээ худалдаанд гаргах эсэх талаар тодруулахад, "Манайх маргаашнаас худалдаанд гаргахгүй. Манайхаас гадна 11 аж, ахуй нэгж сайжруулсан түлш үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг. Урин дулаан цаг ирж байгаа учраас тэдгээр аж , ахуй нэгжүүд иргэдийн хэрэгцээг бүрэн хангачих байх гэж бодож байна. Бид үйлдвэрлэсэн түлшээ нөөцөлж, хүйтрэхээр зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа" гэсэн юм.
Бид иргэдээс түүхий нүүрснээс татгалзаж, сайжруулсан түлш хэрэглэхэд бэлэн эсэхийг нь тодрууллаа.
Ё.Ганбаатар: Түүхий нүүрсийг бодвол илчээ удаан барьдаг юм шиг санагдсан
Баянзүрх дүүргийн иргэн
-Манай гэр бүл сайжруулсан түлшийг өнгөрсөн өвлөөс эхлэн хэрэглэж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл хэрэглэж байна. Түүхий нүүрсийг бодвол илчээ удаан барьдаг юм шиг санагдсан учраас хэрэглэж эхэлсэн. Утаа их байна гэж худлаа цэцэрхэж суухынхаа оронд өөрөөс шалтгаалах зүйлсээрээ бага ч болов хувь нэмэр оруулах хэрэгтэй шүү дээ. Түүхий нүүрснээсээ татгалзаж үзээд утаа хэр зэрэг буурахыг харахад буруудах зүйл байхгүй болов уу гэж бодож байна.
Л.Дэлэгням: Хүмүүс илч муутай, цог муутай, гэж ярихыг сонсоод бүр сонирхохоо больсон
Баянзүрх дүүргийн иргэн
-Түүхий нүүрс хориглохоор болсныг сонсоод сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж үзэх гээд хайгаад олоогүй. Их ховор байдаг юм байна лээ. Дараа нь хүмүүс илч муутай, цог муутай, гэж ярьж байхыг сонсоод бүр сонирхохоо ч байсан. Би хувьдаа бол дэмжихгүй байгаа. Хэрэв хүмүүсийн ярьсан үнэн бол бид чинь ирэх өвөл гэртээ сууж байгаад хөлдөж үхэх болж байна уу. Үнэхээр ойлгохгүй юм.
Д.Пагмаа: Түүхий нүүрстэй дүйцэхүйц илчтэй, үнийн хувьд адилхан байх юм бол хэрэглэхээс татгалзаад байх зүйл алга
Баянзүрх дүүргийн иргэн
-Нэгэнт түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглочихсон юм чинь бид сайжруулсан шахмал түлшийг нь хэрэглэхгүй гээд яах вэ дээ. Худалдаанд гараад элбэг болохоор нь хэрэглэж үзнэ гэж бодож байна. Хэрэв түүхий нүүрстэй дүйцэхүйц илчтэй, үнийн хувьд адилхан байх юм бол хэрэглэхээс татгалзаад байх зүйл алга. Мөн одоо шигээ олдохгүй ховор байх юм бол энэ хэдэн иргэд чинь хөлдөж үхнэ гэдгийг нь сайн бодолцоорой гэж хэлмээр байна. Ирэх өвлийг хүртэл хангалттай сайн нөөцлөх хэрэгтэй.
Т.Гэрэл
Эх сурвалж: Zaluu.com
Сэтгэгдэл