С.Арслан: Монголын нутаг лиценз нэрийн дор 300 мянган жилээр бусдын мэдэлд орсон


С.Арслан: Монголын нутаг лиценз нэрийн дор 300 мянган жилээр бусдын мэдэлд орсон

 

Монгол бол ашигт малтмалын баялагтай баян орон. Гэтэл баялаг хаачдаг вэ. Монголчууд яагаад ядуу амьдарч байна. Энэ сэдвээр 1980-аад оноос өнөөг хүртэл   үе шаттай судалгаа хийж ирсэн Монголын төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны гүйцэтгэх захирал, Монгол Улсын зөвлөх инженер С.Арсланг  “Экспертийн үг” булангийн зочноор урьж ярилцлаа. Энд дурдагсан тоон үзүүлэлтийн  эх сурвалж нь Сангийн яам, гааль, татварын байгууллагын тайлан мэдээлэл юм.

 

-Монгол Улсын хөгжил  удаашралтай, хүн амын амьдралын түвшин доогуур байгаагийн  шалтгааныг та юу гэж дүгнэж байна?

-Манай улс шигт малтмалын баялгаа түүхийгээр нь 20 гаруй жил гадагш нь зөөлөө.  Борлуулалтын өртгөөс улсын төсөвт маш бага хувь нь ордог. Бусад нь хээрийн боохойтой нийлсэн хотны нохойн халаасанд орчихсон. Тэднийг өнөөдөр зарим нь 30 гэр бүл гэдэг, мөн 200 гэр бүл гэх  нь ч бий. Тэд суга  баяжиж, энгийн иргэд улам ядуурч ирлээ. Улс орон нь өрөөс өрийн хооронд, хүн ам нь цалингаас цалингийн хооронд гар дээрээ бэлэн мөнгө тавилгүй өр, зээлээ төлөөд өлөн зэлмүүн  амьдарч ирлээ. Монголчууд “Хаан хүн алдаж болохгүй, хатан хүн урваж болохгүй, харц хүн цөхөрч болохгүй” гэлцдэг ч  өнөөдөр харц ардууд цөхөрч, хүүхэд залуус нь хүн шиг амьдрахын тулд гадагшаа гарч  хар бор ажил хийж бусдын боол болж байгаа. Энэ бол төр, засгийн буруу бодлогын уршиг.

-Эдийн засаг 6.5-6.7  хувь өслөө гэж эрх баригчид хэлдэг. Гэтэл ард түмний амьдралд юу ч наалдахгүй байна шүү дээ. Ашигт малтмалын борлуулалт яаж явагдаж, хэчнээн орлого олж, тэр нь хэрхэн зарцуулагдаж байна вэ?

-Монгол Улс 1995-2018 он хүртэл 24 жил  юу экспортолж, юу олж ирэв гэвэл  бид “Найман нэрийн дэлгүүр” гэдэг шиг гол  найман төрлийн эрдэс, түүхий эдээ гадагш нь зөөжээ. Жишээлбэл, төмрийн хүдэр, түүний баяжмал, зэсийн хүдэр болон  баяжмал, цайрын хүдэр түүний баяжмал, гянтболдын хүдэр баяжмал, молбидений хүдэр баяжмал, жонш,алт, нүүрс, газрын тос байна. Судалгаанаас үзэхэд өнгөрсөн 24 жил манай улс энэ найман төрлийн эрдэс, түүхий эдийг экспортолж,  127.7 их наяд төгрөгийн борлуулалт хийжээ. Үүнээс улсын төсөвт ердөө 14.1 их наяд төгрөг орсон байна.Үүнээс 113.6 их наяд төгрөгийн зөрүү гарч байгаа. Энэ мөнгө  хаашаа орсон нь мэдэгддэггүй. Нөгөө 30-200 гэр бүлийн халаасанд ороод алга болсон байх.

-Ийм их баялаг борлуулдаг атал иргэдийн амьдрал дээшлэхгүй байгааг судалсан юм уу эсвэл монголчуудын цалин, орлого, амьдралын байдлыг харьцуулсан  судалгаа байна уу?

-Одоогоос 3-4 жилийн өмнө Олон улсын байгууллагууд монголчуудын гар дээрээ авч байгаа цалингийн үзүүлэлтийг судалсан байна. Монгол хүний дундаж цалин 154 ам.доллар гэсэн тооцоо гарсан. Энэ бол Норвеги улсын иргэдийн цалингийн дунджаас  25 дахин бага, АНУ-ынхаас 24, БНСУ-ынхаас 17, Японыхоос 15  дахин бага байгаа. Манай улсын мөнхийн хоёр хөрш, ОХУ-ын иргэдийн авдаг цалингийн дундаас тав дахин бага, БНХАУ-ынхаас дөрөв дахин бага цалинг монгол хүн авч байна. Манайхны  “яанаа” гэж яриад байдаг Грекээс  бид  найм дахин бага цалин авдаг бол  Казахстанаас 4.5,  Украинаас 2.9 дахин бага цалин авдаг. Монголчууд ийм л байдалтай байна.

-Та дахиад нэг тоо бодож өгнө үү.  Ашигт малтмалын баялгийн  борлуулалтаас сох дутсан 113.6 их наяд төгрөгөөр монголчууд юу хийж болох  байсан бол?

-Одоогийн ханшаар нэг цэцэрлэгийг 200 тэрбум төгрөгөөр бий болгоно  гэж тооцвол   56.8 мянган цэцэрлэг байгуулах боломжтой. Хэрэв  нэг сургуулийг таван тэрбумаар босгоно гэж үзвэл энэ мөнгөөр  22.700  дунд  сургууль байгуулж болно. Нэг эмнэлгийг 15 тэрбумаар байгуулна гэж тооцвол 7500  эмнэлэг байгуулж болох байлаа.  Авто зам тавьсан бол  75.7 мянган км /нэг км хатуу хучилттай зам 1.5 тэрбум төгрөгийн  өртөгтэй/  зам тавьж болохоор. Орон сууц гэхэд манайд тогтсон дундаж жишгээр  хоёр өрөөтэй нь 100 сая төгрөгийн өртөгтэй байгаа. Энэ тооцоогоор бол 1.1 сая орон сууц барих  мөнгө шүү дээ. Тэгвэл ийм их хөрөнгөө  бид алдчихжээ.

-Монголын төрийн бодлого, үе үеийн  эрх баригчдын улс орныг удирдаж ирсэн байдалд та ямар дүн тавих бол?

-Айлын эрхэлж өссөн хүүхдүүд том болоод өөрийн хамаг үнэ цэнэтэй бүхнийг гэрээсээ хулгайлж аваад  хямдхан зараад архи авч уугаад байгаатай адилаар Монголын төрийн үйл ажиллагаа  төсөөлөгддөг. Манайхан  яг  ийм байдлаар баялгаа маш хямдханаар  зарж борлуулаад явж байна. Тэгэхээр “согтуу төр” гэсэн нэр томъёо онох  болов уу.

-Эцэст нь асуухад бид яагаад хамаг юмаа гадагш нь зүгээр тавиад  туучихав. Үүний шалтгааныг тодруулна уу?

-Ашигт малтмалын тухай хуульд хамаг учир байна. Ашигт малтмалын тухай хуулийг анх 1994 онд Б.Чимид, Ч.Хурц нар боловсруулсан.Энэ хуулийн ерөнхий зарчим нь  мөнгөтэй  гаднынханд түүхий эд, эрдэс баялгаа түрээслүүл гэсэн. Гэтэл 1997 онд манайхан гадны захиалгаар, тэр дотроо АНУ-ын гэр бүлийн хоёр хүний боловсруулсан Ашигт малтмалын хууль гээчийг шинээр гаргасан. Гадны хөрөнгө оруулагчид тухайн улсын баялгийг цөлмөхийн тулд эхлээд ашигт малтмал, эрдэс баялгийн болон татварын хуулийг нь хийж өгдөг. Сүүлд нь хэл ам болоход бид танай хуулийн дагуу явсан гээд бултчихдаг. 1997 оны  хуулийг 2006 онд хүчингүй болгож дахин хууль боловсруулж баталсан ч, тэр нь  мөн гадны захиалгаар бүтсэн. Өөрөөр хэлбэл, өмнөхөөсөө ч дордуулсан хууль гаргасан нь өнөөдөр ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Энэ хууль 100 хувь гадны хөрөнгө оруулагчдыг хамгаалж ирсэн.  Ганц жишээ хэлэхэд,  хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг гурван жилээр гурван удаа, нийтдээ есөн жилээр сунгаж болно. Ашиглалтын өмнөх хугацаа гурван жил  гэж тогтоосноор нийт 12 жил болж байгаа. Дээр нь хадгалах хугацаа 10 жилийг нэмэхээр 22 жил болчихож байна. Ашиглалтын лиценз эхнийх нь 30 жилийн хугцаатай,  дараагийнх нь 20 жилээр хоёр удаа сунгах, үүн дээр 22 жилийг нэмэхээр 92 жил гэсэн үг. Энэ мэтээр манайд 3000 гаруй тусгай зөвшөөрөл бий. Үүний 1600 нь хайгуулын, 1500 гаруй нь ашиглалтын тусгай зөвшөөрөл байгаа. 3000 гаруй лицензийг 92 жилээр үржүүлбэл ашиглалтын хугацаа нь 300 гаруй мянган жил болох гэж байгаа биз. Гэтэл хүн төрөлхтөн үүссэнээс хойшх жилийг тооцвол 2000 гаруйхан жил болж байна шүү дээ. Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр нь тухайн хайгуулын талбайн га тутамд бодогддог. Ашигт малтмалын хуулиар эхний жил  энэ төлбөр нь нэг га нь 145 төгрөг, хоёр дахь жилдээ  290 төгрөг  гэж байгаа. Энэ мөнгө  ганц боодол бохьны үнэ ч  хүрэхгүй. Цаашаа гурав дахь  жилдээ  435 төгрөг, 4-6 дахь жилд 1450 төгрөг гэж байгаа. Гэтэл Улаанбаатар хотын нэг айлын хажуу өрөө гэхэд 10 м/кв-ыг сард 350 мянган төгрөгөөр түрээслэдэг шүү дээ.

-Одоо УИХ, Засгийн газрын түвшинд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ярьж байна. Нааштай өөрчлөлт гарах болов уу?

-Ашигт малтмалын хуульд нэмэлт,өөрчлөлт оруулснаар ямар ч нааштай өөрчлөлт гарахгүй.Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа гадныхны захиалгаар хийсэн 2006 оны Ашигт малтмалын хуульд 2018 он хүртэлх хугацаанд 27 удаагийн үйлдлээр 257 заалтад өөрчлөлт,нэмэлт,найруулга,хүчингүй болголтыг оруулснаас 29 заалтад хоёр удаа, дөрвөн заалтад гурван удаа засвар оруулсан байна.Эдгээр 257 заалтын ихэнх болох 70-аад хувьд нь шинэ он, Цагаан сар, улсын баяр наадмын үеэр олны анхаарал суларсан үеийг далимдуулж ашиг сонирхлын зөрчилтэй заалтыг оруулсан байдаг. 2018 онд УИХ-д өргөн барьсан “Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах” хуулийг зөвхөн давхардал,хийдэл,зөрчил арилгах зорилгоор хуулийн 60 зүйлийн 49-д, нийт 107 заалтад яаран сандран өнгөц /утгын тайлбар гэх мэт/ засал, найруулга, тайлбар хийсан байна лээ. Иймд гадны захиалгаар тэдэнд зориулж хийсэн одоо мөрдөгдөж байгаа 2006 оны хуулийг үндсээр нь өөрчлөн шинэчлэх шаардлагатай.Иймээс би хувьдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийг хориг тавиасай гэж үзэж байгаа. Энэ байр сууриа ч Төрийн тэргүүнд албан ёсоор баримт судалгаатайгаар өргөн барина гэж бодож байна.

 

Ч.ҮЛ-ОЛДОХ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.