УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн үйл явцыг шалгах УИХ-ын Түр хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар голчлон ярив. Түр хорооны хуралдаанаар хууль хяналтын байгууллагуудын удирдлагатай ойлголцолд хүрч, Олон улсын парламентын холбооны хоёр хүсэлтийг хангахаар болсон байна.
- Олон улсын парламентын холбооны шинжээчид гурван шатны шүүхийн шийдвэртэй танилцах боломжийг олгож өгөөч гэсэн хүсэлтийг олон удаа тавьсан. С.Зориг агсныг хөнөөсөн гэх гурван залууг шүүсэн шүүхийн шийдвэрийг тагнуулын байгууллага нууцын ангилалд авч, ил гаргахгүй байсан. Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат түр хорооны гишүүдтэй уулзаж, ярилцан гурван шатны шүүхийн шийдвэрийг ил болгохоо амалсан.
- Олон улсын парламентын холбооны шинжээчид Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нартай уулзах хүсэлт тавьсан. Хүний эрхийн байгууллагууд уулзах хүсэлт тавьсан ч өнөөдрийг хүртэл уулзуулаагүй. Өчигдөр прокурорын байгууллагын төлөөлөл, Хуульзүйн сайд, ШШГЕГ-ын хүмүүстэй ярилцсаны үр дүнд олон улсын байгууллагын шинжээчдийг Содномдаржаа, Чимгээ, Амгаланбаатар нартай уулзуулах боломжтой гэсэн шийдэлд хүрсэн.
Энэ хоёр асуудал шийдэгдсэн учраас Олон улсын парламентын холбоонд Монгол Улсад ирж болно гэсэн бичгийг өнөөдөр албан ёсоор явуулж байгаагаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдэгдлээ. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэхдээ олон хүнийг хэлмэгдүүлж, айлган сүрдүүлж, эрүүдэн шүүсэн талаар иргэдээс гомдол ирж байгаа аж. Тиймээс энэ хэрэгтэй холбогдож хохирсон иргэд Түр хорооны 26 71 55 утсаар холбогдох болон өөрийн биеэр ирж уулзахыг хүсч байна гэв.
Ж.Бат
Сэтгэгдэл