Иргэдийг ядуу болгож сонгуулийн саналыг худалдан авах гэсэн ядмагхан оролдлого


"Эдийн засаг элгээрээ хэвтсэн” гээд л ярьж хэлж хаа хаанаа хэцүү байна.  Төр ч хэцүү байна өр ихтэй, талцал ихтэй, улс төрчдийн бужигнаан ихтэй,  бие биенээ "намнан” суух улс төрчид. Иргэд нь нийгмийн бүхий л "үйлнээ” бухимдаж, өрнөөс өрний хооронд, өвчин зовлонтойгоор өдөр хоногийг л өнгөрүүлж байна. "Жаргалтай газар хүн тогтдоггүй, өвстэй газар мал тогтдоггүй” гэдэг үг эсэргээрэй болж. Зовлонтой газраа "тогтож” нэг үзүүлж байх шиг. Тогтохгүй гээд ч хаачих билээ.

52e365783eeb0c239adbac8107681b44_x3

Төрийн буруу зөрүү бодлого, энэ их үймээн дунд хөөрхийлөлтэйгээр хохирох иргэд. Улс төрийн байдал хэцүүдэн хаана хаанаа нөлөөлж эхэлснээр шинээр байгуулагдсан битгий хэл тогтмол орлого ашигтай компаниуд ч "дампуурах” дээрээ тулж байна. Ийм үед байгууллага төрөөс авах авлагатай, өрнөөс өрний хооронд байснаар ажилчиддаа цалингаа ч өгөх боломжгүй болтлоо "доройтож”. Гадуур дүүрэн ажилтай мөртлөө цалингүй иргэд холхиж эхэллээ. Цалин авч амьдрах ахуйдаа зарцуулахгүй юм бол ажил хийхийн хэрэг юун. Малаа маллаж өөртөө ажилласан нь үр ашигтай ч юм шиг.

сонгууль

Монгол хүн "мал, хил, хэл” гуравтайгаа байхад баян хэмээн мөнхөлсөн үг ч бий. Ажил амьдрал хамгийн хүнд байгаа энэ жил сонгууль өгч байгаа нь иргэдийн бухимдал, сэтгэл ханамжгүй байдлыг дээд цэгт нь хүргээд байх шиг. Давахгүй гэсэн даваагаараа гурав дагдаг гэдгээр сонгуульд санал өгөхгүй гээд хаачих билээ. Зөв сонголтоо л хийх хэрэгтэй байх. Цаашид цалинтай орлоготой хийсэн ажилтай, бүтээлтэй байхыг улс төрийн оролцоо хамгийн их "мэддэг” болсон энэ үед  ядахдаа цалингийн доод хэмжээг нэмэх хэрэгтэй. Цалингийн доод хэмжээгээр нэг хүн нийгэмд хөл алдахааргүй амьдрах хэмжээний мөнгө байх ёстой байх. Хамгийн энгийнээр ойлгоход л энэ. Гэтэл хөдөлмөрийн хөлсний хамгийн бага үнэлэмжээр нэг айл өрх 4-5 хүнтэйгээр амьдраад байна. Тэд өлсөж үхэхгүй хэрнээ цадахгүй. Тог цахилгааны мөнгө, банкны өр, төрийн үйлчилгээний өрүүд хураагдан амьдарсаар.

9128addef103326bbig

Төр алсдаа үйлчилгээгээ үзүүлэхээ болин өрөө төл хэмээн банктай зэрэгцэн дарамтална. "Авахгүй” цалинтай ажилласныхаа төлөө тог цахилгаангүй болж хог, тоосондоо дарагдан "зэрлэгшинэ”. Энэ бол манай төрийн иргэдийг ядуу байлгаж сонгуулийн санал худалдан авах гэсэн ядмагхан оролдлого. Ядуу хүн эдэнд хууртагдах нь элбэг биз.  Гэхдээ ухаантай иргэн та өгөх юмыг нь авчихаад өөрийн саналдаа "хэнийг” ч битгий оролцуулаарай. Сонгуулийн дараа нийгэм сэргэлээ, хөдөлгөөнд орлоо, эдийн засаг сэргэж байна мэтээр ярих байх. Энэ үед адаглаад л таны цалин цагтаа буух байх. Учир нь сонгууль дууссан тул таныг "ядуу болгох” тактик дууссан байх болов уу.

Өглөө.мн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.