Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилсан энэ цаг дор Монголын хөдөөд зуд болоод сүйд хийж байгаа юм байх аа. Гадаад, дотоодын хандив, элдэв сайхан нэртэй хүмүүнлэгийн аян, тусламжийн цуваануудыг харвал тийм л бололтой. Өчигдөр гэхэд Хүнс, хөдөө аж ахуйн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө ахуйн байгууллага хамтран өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудын малчдад өвс тэжээл, ядарч доройтсон малын эрүүл мэндэд тустай сувиллын багц хүргүүлэх хүмүүнлэгийн тусламжийн цувааг ёс төртэйгөөр үдэн гаргаж өглөө шүү дээ.
Урд өдөр нь НҮБ-ын Онцгой байдлын үед зарцуулах нэгдсэн сан (CERF)-аас 2.4 сая ам.долларын үнэ бүхий бараа материал манай талд өгсөн бол Азийн хөгжлийн банкныхан мөн л хоёр сая ам.долларын буцалтгүй тусламж олгох гэрээнд гарын үсэг зурсан. "Монголд зуд болж байна гэнэ, хөөрхий” хэмээн гадаадынхан манай хүүхэд, эмэгтэйчүүдэд оймс, дотуур хувцас, гар нүүрийн саван, алчуур хүртэл явуулжээ. Байгалийн гамшигт "нэрвэгдсэн” ард түмэнд аль байгаагаараа туслахыг хичээсэн олон улсын хүмүүнлэгийн байгууллагын сайхан сэтгэлтнүүдэд талархаж байна. Бас та бүхнээс уучлал гуймаар байна. Учир нь монголчууд бусдаас тусламж гуйлгүйгээр зудаа аль хэдийнэ даваад, урин хавартай золгочихсон шүү дээ
Монголчууд 2015 оны эцсээр тоолуулсан 55.9 сая толгой малынхаа 858 мянгыг нь өдгөө зүй бус хорогдлоор алдаад буйг ХХААЯ-ны мэргэжилтэн хэлж байна. Энэ бол оны эхэнд байсан нийт малын 1.5 хувь нь гэсэн үг. Нийт малын хоёр хувь нь зүй бусаар үхэхийг байдаг л хорогдол гэж үздэг юм билээ. Хаваржилт хэчнээн хүнд байлаа гээд мал өвлийнх шиг хорогдохгүй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлсэн. Тэгээд ч хөхөө өвлийн хүйтнийг жамаар нь даван туулж, айдгаа авдартаа хийсэн малчид одоо "Өвс тэнхээ оржээ, удахгүй шинэ ногоо идэх нь” гэцгээж байна. Юуны чинь зуд турхан.
"Аймагт тусламжийн өвс, тэжээл ирсэн шүү. Очиж аваарай” гэх зар Говь-Алтай аймгийн Шарга сумын хөдөө нутгаар таржээ. "Хоёр, гурван боодол өвс олж авахын тулд 100-гаад км зам туулж тэрнээсээ илүү зардал гаргаад яршиг” гэх хүн аймгийн төвийг зоригсдоос дутахгүй олон байгаа гэнэ. Өвөл болдгоороо болж, малчид туулдгаараа туулж, байгалийн шалгарал ч явагддагаараа явагдаж, мал үхэх нь үхэж л байдаг зүй тогтол жамаараа яваагийн жишээ энэ.
"Зуншлага тааруу байсны улмаас зудтай гэгдээд буй Увс, Баянхонгор, Архангай, Завхан, Дундговь, Сүхбаатар аймгийн хувьд хаваржилт хүндхэн болж магадгүй ч зудын хэмжээнд хүрч, мал нэмж олноор хорогдохгүй болов уу” хэмээн Цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилан сэргийлэх секторын эрхлэгч Ж.Цогт хэлсэн. Гэтэл зуд болж байгаа мэтээр дотоод, гадаадад ойлгуулж, малчдад хандив, тусламж цуглуулж өгөх, тэр хэрээрээ тэднээс дэмжлэг авах сонирхолтой хүмүүсийн хувьд шоу дөнгөж эхэлж байх шиг. Энэ янзаараа бол зургадугаар сарын сүүлчээр сонгууль болж дуустал Монгол даяар зудтай байх нигууртай шүү. Уг нь энэ бол тоглоом наргиан болгох, хүсэх эд яавч биш билээ.
Зуд хэмээх байгалийн гамшигт үзэгдлийн "зохиогч” нь Монгол юм шүү дээ. "Монголын зуд гэж ийм айхтар юм байдаг” гэдгийг 2001 онд дэлхийн гамшгийн хэмжээнд бүртгүүлж, хандивлагч орнуудаас тусламж авах эрхтэй болж байв, бид. Тэгэхэд 12 сая гаруй малаа алдаж, хамгийн гол нь гадаад, дотоодын таван хүний алтан амиар төлөөсийг нь хийснийг мартаж болохгүй. Манай ард түмний олон жилийн туршлагаас харахад 30 хоногийн турш өдөр, шөнөгүй 35 градусаас дээш хүйтэрвэл зуд боллоо гэж үздэг байсныг Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар хэлсэн.
Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу.
Сэтгэгдэл