"Жордан халзан азарга түрүүллээ" гэж Монгол хүн зарлаж байх юм


"Жордан халзан азарга түрүүллээ" гэж Монгол хүн зарлаж байх юм

Нийтлэлч, морь судлаач Н.САНЖААДОРЖ нийтлэлээ ийнхүү гарчиглажээ. Түүний бичлэгийн гол санаа юунд байна гэвэл морин уралдаан гэдэг бол хэн нэгний санаагаар өөрчлөгдөж, өнгө төрх утга агуулга нь бохирдох учиргүй Монголчуудын хамгийн бахархалт өв соёл юм. Иймээс элдэв санаархлаас энэ сайхан өв соёлоо хамгаалах нь бидний үүрэг гэсэн байна.
 
Монгол Улс мөнх орших тавиланг тээн авчирсан зөн билэгт тэнгэрлэг Монгол адуу бидний мөнхийн шүтээн байсаар ирсэн. Аливаа үндэстний орших, эс орших нь үндэстний өв соёлын дархлаатай шууд холбоотой гэдгийг бүгд мэддэг. Их зохиолч Д.Нацагдорж “Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл...” гэсэнтэй нэгэн адил "... үндэсний морин уралдаан бол өөрчилж бас мартаж болшгүй Монгол үндэстний агуу их өв соёл билээ.
 
Тэгвэл одоо уламжилж ирсэн Монгол адуугаа уяж сойж, уралдуулж нааддаг уламжлалт өв соёл, үндэсний бахархалт чанар алдагдсаар байна. Өөрөөр хэлбэл, Монгол үндэстний оршихуйн нэгэн дархлаа болсон Монгол адуун соёл гээгдэж устаж байгаа эмгэнэлт үзэгдэл бий боллоо гэсэн үг юм.
 
Хамгийн чухал нь Монгол адуун соёлын оргил болсон үндэсний морин уралдаан наадмаа үндэстний хувьд хадгалан хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, соёлжуулан хөгжүүлэх үүргээ ухаарах түүхэн цаг үед ирээд байна. Бидний бахархдаг Монгол үндэсний морин уралдаан нь шунал, хулгай луйвар шингэсэн ёс бус тоглоом болон хувирч нийтэд тэлж байгааг бүгд жигшин харцгааж байна. Өнөө цагт Монгол адууны эрлэгийн элч болоод байгаа Монгол адууг эрлийзжүүлэгчдийн үг сургааль, яриа, үйлдэл нь эцэстээ үндэсний соёл уламжлалыг үгүй хийж байна. Тухайлбал, тэд “Монголын нууц товчоо” номонд харь орноос өндөр хөлтэй урт хүзүүтэй адуу татвараар буюу бэлгэнд орж ирж байсан... тухай тэмдэглэгдсэний утгыг нь өөрчлөн “Монголын нууц товчоо”-нд үе үеийн хаадууд монгол адуугаа эрлийздүүлж сайжруулж ирсэн.
... “Хардэл жанжин бэйс, өвгөн ноён М.Пүрэвжав Монгол адууг эрлийзжүүлж Галшар адууг бий болгосон... гэх мэтээр барин тавин мушгин гуйвуулж тэрнийгээ нийтэд түгээн сурталчилж үнэмшүүлж, огт байхгүй худал зүйлийг судалж тогтоосон мэтээр зохион ярьж бичсээр одоо эцэстээ “Монгол адуу бол мал хариулдаг адуу...хоцрогдсон адуу... “ гэх боллоо. Үүнд итгэсэн ММСУХ-ны удирдлага УИХ-ын зарим гишүүн, төрийн сайд, түшээд нь хүртэл итгэн үнэмшиж төрөөс хэмжээ хяналтгүйгээр гаднаас өөр үүлдрийн, эрлийзжүүлгийн адууг оруулах зөвшөөрөл олгодог болсон нь монгол адуугүй болгох үйл ажил төрийн дэмжлэгтэйгээр хэрэгжсээр байна.
 
“Монголын нууц товчоо” болон хардэл жанжин бэйс М.Пүрэвжавтаны нэрийг барьж түүхийг гуйвуулж, гөр, олон түмнийг төөрөгдүүлснээр сүүлийн 20-оод жилийн дотор монгол адууг эрлийзжүүлэхийг нийтийн үйл хэрэг болгон дэлгэрүүллээ.
 
Түүний үр дүнд Монгол адуугаа аварч хамгаалах тэмцэл хөдөлгөөн өрнөөд нийт малчин уяачдын 80-90 хувь саналаа ирүүлсээр байна. Бодит үнэн нь болохоор “Эрт үеэс монголчууд адуугаа эрлийздүүлж сайжруулсан болон Галшар адууг эрлийз гэх түүхийн ямар ч баримт нотолгоо олдоогүй. Галшар адууны цусны генийн шинжилгээгээр ч илрээгүй байна. Энэ бол хэн ч маргах боломжгүй юм шүү.
Гэтэл Улсын баяр наадмын тухай хуульд “Монгол төрийг Монгол адуугүй наадам хийдэг болгох” заалт оруулахаар нэр бүхий УИХ-н гишүүн санаачлан хөөцөлдсөөр яваа нь хамгийн эмгэнэлтэй. Уул нь бидний дайрч өнгөрсөн одоогоос 60-аад жилийн өмнө Жаргалантын морин заводын эрлийзжүүлэг үр дүнгүй болж татан буугдсан. 50-аад жилийн өмнөх морин тойруулгын эрлийзжүүлэг өмнөх нийгмийн үзэл суртлын үзэгдэл байсныг ойлгож ухаарахад тийм ч хэцүү зүйл биш юм. Үүнээс үүдээд “Улс, хүн, ахуй, соёлыг нь устгахын тулд эхэлж түүхийг нь өөрчилж мартуулдаг...” гэсэн дээдсийн сургааль байдгийг сэхээлэг хэсэг нь санаж байгаа байх.
 
  Монгол адууны түүхийг мартуулж, генийг өөрчилж байгааг “...малчин ахуйг нь, соёлыг нь устгах...” гэсэн үндэсний аюулгүй байдалд нөлөөлж буй далд бодлого гэж үзэж байгааг зарим судлаач, сэхээтнүүдийн зөв санаа бодлоос харж болно.
 
Хоёр нийгэм дамжсан сүүлийн 70-аад жилд улсын баяр наадмаар Монгол адуутай хольж эрлийз адуу уралдуулдаг болсон гажууд явдлыг арилгах анхны шийдвэрийг 2015 онд одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх гарган хэргэжүүлэхэд нийгэм нийтээрээ дэмжин хүлээн авч байлаа.
Гэтэл гурван жилийн дараа 2018 оны төрийн наадмын их насны морьд ирэхэд морь тайлбарлагч “жордон” халзан өнгөллөө, түрүүллээ... гэж зарлав. “Жордон” гэдэг англи азарганы төл үеийн эрлийз морь гэдгийг уяачид, морины комисс бүгд мэддэг ярьдаг юм байна.
 
“Жордон” халзангийн дараа аман хүзүүдсэн морь бол өнөөгийн ММСУХ-ны ерөнхийлөгч Цогтын Батсайханы эрлийз хээр морь оржээ. Ийм хоёр эрлийз морь түрүү, аман хүзүүнд ороход морины комисс алийг ньч хассангүй.
 
Дааганы айргийн тав бүгд эрлийз даага цоллуулж харагддаг нь морины комисс хэрхэн хариуцлагагүй ажиллаж байгааг хэлээд өгч байгаа юм. Үүнээс болж наадмын сайн сайхны билэгдэл шударга үнэний итгэл алдарч хөрч байна.
Монголчуудын “төр, морь, бөх гурав нэг саванд байдаг ...” гэсэн мэргэн үг бий. Үнэндээ үндэсний морин уралдаан нь наадмын ёс, зарим уяач, эзэд нь хүний ёс жудаггүй болоод байгаа нь угтаа монгол төрийн наадмын ёс, соёл алдарсныг илэрхийлээд байгаа хэрэг. Жишээ нь, Монгол Улсын Ерөнхийлөгч ч хамгийн муу уяачид хамгийн сайн уяачийн цол олгоод байгаагаа мэддэггүй. Засгийн газрын тогтоолоор явагддаг бүсийн уралдаан нь наадам биш цолны төлөөх нийтийг хамарсан “эрлийз адууны мөрийтэй тоглоом” болоод байна. Бүр эрх мэдэл бүхий албан тушаалтан хууль зөрчин байж эрлийз адууг дэмжих бодлого явуулж улсын баяр наадмаар тусд нь эрлийз насны уралдаан хийж улсаас цол хэргэм горьдцог болсон нь өв соёлоо арилгаж гээсэн идэвхтэй үйл ажиллагаа сүүлийн 20-оод жилийн дотор даамжирлаа.
 
Ард түмэн, нийт уяачдын 80-90 хувь төрийн наадамдаа зөвхөн зургаан насны Монгол адуугаараа уралдаж, наадаж цэнгэхийг хүсч хүлээсээр байна. Үндэсний энэ агуу өв соёлыг Монголын төр эргэлзэж, самуурч будилалгүйгээр хамгаалах цаг болжээ.
 
Уламжлалт ёс заншил, өв соёлыг тээгч морин эрдэнийг шинжиж засах эрдмээрээ олон түмэнд эрэмбэлэгдэн үнэлэгддэг, хүнийг Монголчууд “Уяач” гэж хүндэлж ирсэн. “Уяач” гэдэг нэр бол өөрийн гэсэн төгс ёсыг агуулснаараа хүндтэй нэр юм. Уяач нь заавал унаач хүүхэдтэй байх учраас уяачдын ёс жаяг, сэтгэл зүтгэл, үг яриа бүр унаач хүүхдийн хүмүүжил төлөвшилд шууц нөлөөлж тогтдог учиртай. Уяач хүнийг малчин эсвэл тамирчин мөн дасгалжуулагч гэж үзэх нь буруу. Харин уламжлалт ёс заншил, өв соёл тээгч, соёл түгээгч хүн байдгаараа онцлог хүн болж таарч байгаа юм.
 
Тиймээс Монгол адуутай харьцах авьяас чадамж, уяачийн ёе заншил, өв соёлыг хадгалах, хамгаалах, уламжлуулах, төлөвшүүлж, төгөлдөржүүлэхэд оруулсан хөдөлмөр зүтгэлээр уяачийн үнэлэмжийг үнэлдэг болох нь нэн даруй шийдвэрлэх ёстой зүйл мөн.
 
Монгол наадам, үндэсний морин уралдааныг уламжлалт зан заншлын хүрээнд явагдаж хэрэгжихээр хэмжээ хязгаарыг нь тогтоож хуульчлах хэрэгтэй болжээ ... гэсэн дүгнэлтэд хүрч байгаа юм. Сум, багийн наадам хамгийн сайхан наадам болдог гэж яриад байгаа. Мөн чанартаа бол ёс заншлын хэм хэмжээнд хамгийн ойрхон байгаа учраас таалагдаад байгаа хэрэг. Төрийн наадмыг ч тийм л байлгах ёстой. Наадам хэмжээтэй нь дээр, найр дэгтэй нь дээр гэж эртний сургааль бий. Хэмжээг нь төр л тогтооно гэсэн үг. Уламжлалдаа суурилж хуульчлах хэрэгтэй гэсэн санал зүй ёсоор тавигдаж байгаа юм.
 
Наадам бол нэг талаасаа хүндэтгэл ёс заншил, өв соёлын үзүүлбэр. Үндэсний морин уралдаан бол Монголчуудын Монгол адуугаа дээдэлж, хүүхэд унуулж уралдуулж цэнгэдэг билэгдлийн наадам. Түүнийг дагалдаад шударга ёс, ёс суртахуун, төрөө дээдлэх үзэл, аливаа сайн сайхны билэгдэл, хүндэтгэлийг дадуулан хэвшүүлж ирсэн нь Монголчуудын оюун санаанд дархлаажин сууж тогтсон үндэсний өвөрмөц өв соёл, зан заншил мөн. Үүнийг дэлхий нийтийн спорт, уралдаан тэмцээнтэй адилтгаж үзэж огт болохгүй.
 
Монгол адуу бол Монголчуудын оюун санааны үнэт эрдэнэ, Монголын ард түмний бахархал мөн. Монгол адууны цус генийг өөрчилж, алдуулж огт болохгүй. Тиймээс юуны өмнө Монгол адууны генофондыг дархлан хамгаалах нь хойшлуулшгүй чухал болжээ. Монгол хүн юм бол үүнийг орхиж, мартаж, өөрчилж болохгүй гэдгийг ухаарах хэрэгтэй болжээ.
 
 
Н.Санжаадорж
SONIN.MN

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.