ДЭЭД ШҮҮХЭД БҮРТГЭЛТЭЙ 2971 ӨМГӨӨЛӨГЧ БАЙДАГ Ч УР ЧАДВАРТАЙ УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧ ХОВОР
Манай улс 2014 оноос төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийг хэрэгжүүлж улсын өмгөөлөгчийг шүүх хуралд оролцуулж эхэлсэн. Улсын өмгөөлөгчийн үүрэг бол ҮСХ, нийгмийн халамжийн газраас баталсан аргачлалын дагуу өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон, амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур иргэд болон насанд хүрээгүй хүнд үйлчилж тэдний хууль ёсны эрхийг хамгаалах ёстой. Гэвч хорих ангид ял эдэлж буй хүүхэд, эмэгтэйчүүдийн дийлэнх нь хуулийн мэдлэг дутуу, өмгөөлөгчийн хариуцлагагүй байдлаас шалтгаалж олон жилийн ял авсан байх нь элбэг. Хэдийгээр шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцдог боловч тэдгээр нь улсаас томилсон нэртэй мэддэггүй, сэтгэл, зүтгэлгүй өмгөөлөгч байдгаас эрх ашгаараа хохирсоор иржээ.
Жишээ нэг: Эмэгтэйчүүдийн хорих ангид хоригдож буй ялтан О-гийн яриа "Энд хорих ял эдэлж буй ихэнх эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн улмаас аргагүй хамгаалалт хэрэглэж, хүний аминд хүрсэн.
Шүүхийн байгууллага хүн амины хэргийг шүүхдээ эхнэр, нөхрийн хэн нь хүчирхийлэгч байв гэдгийг судалж байж шийдвэр гаргадаг байх. Аргагүй хамгаалалт авсан эмэгтэйчүүдийг харж ялыг нь хөнгөрүүлдэг байгаасай. Өмгөөлөгч аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэдэг зүйл ангийг сайн мэддэггүйгээс олон жилийн ял авч хохирсон”
Жишээ хоёр: Хүний эрхийн хуульч М.Ичинноров "Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охид, эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тусгай өрөөг бэлдэж өгсөн ч улсын өмгөөлөгч ашигладаггүй. Шүүгч ч ач холбогдол өгдөггүй. Уг нь тус өрөө эрх нь зөрчигдсөн иргэнд дахин айдас мэдрүүлэхгүй, дарамт шахалтад орохгүйгээр тусгай өрөөнөөс шүүх хуралд оролцож, үнэнийг тогтоох боломжийг бүрдүүлсэн байдаг”.
Жишээ гурав: УИХ-ын гишүүн Н.Оюундарь "Яг адилхан хэрэг үйлдсэн хүмүүст заримд нь олон жил, нэг хэсэгт нь хэдхэн сарын ял оноож байна. Хөрөнгө мөнгөтэй хэсэг нь сайн өмгөөлөгч авч хөнгөн ял авдаг. Гэтэл хохирогчид зарим тохиолдолд өмгөөлөгчгүй шүүх хуралд оролцож байна. Өмгөөлөгч хөлслөх боломжгүй тохиолдолд төрөөс өмгөөлөгчөөр үнэ төлбөргүй хангах ёстой. Гэвч улсаас томилсон өмгөөлөгч нь ур чадвар муу, шүүх хуралдаа ирдэггүй”.
Эдгээр жишээнээс үзэхэд улсын өмгөөлөгчийн ур чадвар муугаас, мөнгөнд нь тааруулж ажилласнаас шүүх хуралд оролцсон болоод хүний хувь заяаг шийдчихэж байна. Энэ тохиолдолд өмгөөлөгчтэй байхын давуу тал, эрх ашгаа хамгаалах боломж ямар байдаг нь тодорхой. Мэдээж улсын хэмжээнд ажиллаж байгаа томилгооны өмгөөлөгчид бүгд ийм биш гэдгийг ялгаад ойлгочиход гэмгүй.
Эдгээр жишээнээс үзэхэд улсын өмгөөлөгчийн ур чадвар муугаас, мөнгөнд нь тааруулж ажилласнаас шүүх хуралд оролцсон болоод хүний хувь заяаг шийдчихэж байна.
Улсаас үнэ төлбөргүй өмгөөлөгч томилох ажиллагааг ХЗДХЯ-ны харьяа хууль зүйн туслалцааны төв (ХЗТТ) салбар нэгжээрээ дамжуулан хийх ёстой. Өөрөөр хэлбэл эднийх төлбөрийн чадваргүй болон хүүхэд холбогдсон гэмт хэрэгт улсын өмгөөлөгч ажиллуулах ёстой юм. 2018 оны байдлаар тус төвөөс 2781 эрүүгийн хэргийн 3003 холбогдогчид үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлжээ.
Тухайлбал насанд хүрээгүй 263, бичиг үсэг тайлагдаагүй 348, хөгжлийн бэрхшээлтэй 91, оршин суух тодорхой хаяггүй 17 иргэн улсын өмгөөлөгчөөс төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ авсан. Тэд хэрэг маргаанаа шүүхээр болон шүүхийн өмнөх шатанд шийдвэрлүүлсэн байна. Гэвч эдгээр иргэдийн хэд нь эрх ашгаа бүрэн хангуулж, хохирлоо барагдуулсан хийгээд тохирсон ялаа авсан бол гэдэг нь эргэлзээ төрүүлж байгаа юм.
Баримт нэг: Аймгийн шүүгчийн яриа "улсын өмгөөлөгчтэй шүүн таслах ажиллагааны явцад л тааралддаг. Ер нь шүүх дээр л явж байгаа харагддаг. Нэгэнт улсын өмгөөлөгч гэж байгаа тохиолдолд төлбөрийн чадваргүй хүмүүсийнхээ хууль ёсны эрх ашгийг бүрэн гүйцэт хамгаалдаг байвал зүгээр. Хэргийн материалтайгаа танилцалгүй орж ирэх явдал гардаг”.
Баримт хоёр: Аймгийн прокурорын яриа "улсын өмгөөлөгч яг ямар тохиолдолд шүүх хуралдаанд оролцоод байгаа нь тодорхойгүй болсон. Эрх зүйн зохицуулалт нь өөрчлөгдөжбайгаа гэсэн. Улсын өмгөөлөгчийн талаар жишиг гарын авлага шиг зүйл гаргаж тараах нь зүйтэй байх”
Баримт гурав: Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч "Улсын өмгөөлөгчид ур чадвар гээд байхаар юм бараг байхгүй гэж боддог. Хувиараа өмгөөлөл хийж байгаа өмгөөлөгч хүн 100200 хуудастай хавтаст хэрэгтэй 1-2 цагийн дотор л танилцаад, хэрэгтэй мэдээллээ авч чаддаг. Гэтэл улсын өмгөөлөгч хэрэгтэй танилцах цаг өгсөнгүй гээд гэдийдэг. Үүнийг ойлгохгүй байгаа юм. Чадвартай өмгөөлөгч томилбол энэ хүмүүсийн эрх ашиг нь илүү хамгаалагдах байх. Одоо бол жижүүрийн хэдэн үгээ хэлээд л шүүх хуралдаанд оролцсон болдог.
• Улсын өмгөөлөгч яг ямар тохиолдолд шүүх хуралдаанд оролцоод байгаа нь тодорхойгүй болсон.
• Өмгөөлөгч хөлслөх боломжгүй тохиолдолд төрөөс өмгөөлөгчөөр үнэ төлбөргүй хангах ёстой. Гэвч улсаас томилсон өмгөөлөгч нь ур чадвар муу, шүүх хуралдаа ирдэггүй.
• Чадвартай өмгөөлөгч томилбол энэ хүмүүсийн эрх ашиг нь илүү хамгаалагдах байх, одоо бол жижүүрийн хэдэн үгээ хэлээд л шүүх хуралдаанд оролцсон болдог.
ХЗДХЯ-наас хийсэн судалгаанд хуулийн байгууллагын ажилтнууд улсын өмгөөлөгчийн талаар баримттай ийм мэдээллийг өгчээ. Тэгэхээр улсын өмгөөлөгч гэж хэн бэ гэдэг асуулт гарч байна. Улсын хэмжээнд Дээд шүүхэд бүртгэлтэй 2971 өмгөөлөгч бий. Тэднээс хууль зүйн туслалцааны төв зарим өмгөөлөгчтэй гэрээ хийж аймаг дүүргийн салбараар дамжуулан үйлчилгээ үзүүлдэг. Тэдний цалинг улсын төсвөөс олгохоор хуульчилсан байгаа. Харин яагаад улсын өмгөөлөгч сэтгэл, зүтгэлгүй "өөр гараар” ажиллаад байна вэ гэдгийг тодорхойлох гээд үзье.
Дэлхийн олон улс нийгмийн үнэт зүйлсийг хамгаалсан чөлөөт, хараат бус, бие даасан мэргэжилтнүүд бол өмгөөлөгчид гэж үзэн өмгөөлөгчдийн эрх зүйн байдлыг тусгай хуулиар зохицуулж байна.
Өмгөөлөгчид ёс зүйн дүрэм болон хуульчдын холбоонд хамаарах чиг үүргийнхээ хүрээнд жилд хоёроос доошгүй удаа төлбөрийн чадваргүй иргэнд үйлчилгээ үзүүлсэн байх ёстой. Гэтэл ажлынхаа хажуугаар улсын өмгөөлөгчийн гэрээг хууль зүйн туслалцааны төвтэй хийж "халтуур” хийдэг болсон нь энэ. Дээр өгүүлсэн аймгийн шүүгч, прокурорын ярианд улсын өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцдаггүй, ямар байдлаар шүүн таслах ажиллагаанд оролцох тодорхойгүй зэрэг нь өмгөөлөгчийн ажлаа халтуурдаж буйн тодорхой баримт юм.
Ийм тохиолдолд хохирогчийн болон төлбөрийн чадваргүй иргэний эрхийг ханган ажиллаж байгаа гэдэгт итгэхэд бэрх. Хариуцсан ажлаа халтуурдах бас нэг шалтгаан нь улсын өмгөөлөгчийн цалинг багаар тогтоодогтой холбоотой. Цалин бага учраас унацтай хэргийн араас хөөцөлдөж, улсын ажлыг унагааж байдаг аж. Нөгөөтэйгүүр цалин бага учраас тэтгэвэртээ гарсан, ажлаасаа халагдсан шүүгч, прокурор, хуульчид улсын өмгөөлөгчийн ажлыг гүйцэтгэж буй нь чанарын өөрчлөлт үзүүлж байгаа тал бий.
Энэ байдлыг өөрчлөх боломжтой хуулийн төслийн хэдэн жилийн өмнө Засгийн газраас өргөн барьсан ч УИХ хүлээж аваагүй. Тус хуульд гэмт хэрэгтнээс хурааж улсын орлого болгосон хөрөнгөөр сан байгуулж гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах болон төлбөрийн чадваргүй иргэнд чадвартай сайн өмгөөлөгчөөр үйлчлэх зэрэг иргэнд ашигтай олон заалт байсан юм. Харамсалтай нь гэмт хэргийн мөрөөр хурааж авсан орлогыг улсын төсөвт авч захиран зарцуулах шуналдаа хөтлөгдсөн улстөрчид иргэндээ хэрэгтэй хуулийн төслийг санаачлагчид буцаасан нь тэр. Улсын өмгөөлөгч чадваргүй болсны бас нэг шалтгаан 2013 онд өмгөөллийн тухай хуулийг хүчингүй болгосноор өмгөөлөгчид ёс зүйн хариуцлага тооцох механизм үгүй болсонтой шууд холбоотой гэж олон хуульч хэлж байна.
Удахгүй өмгөөллийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэнэ. Гэвч бас л хуульчдын холбоо гэх байгууллага тал гишүүнээ алдахгүйн тулд Ерөнхийлөгчид тус хуулийн төслийн хэлэлцүүлгийг зогсоох хүсэлт гаргасан байгаа. Уг нь тус хуулийн төсөлд өмгөөлөгчийн цалин, төлбөр, ёс зүйн хариуцлага, гэмт хэрэгт өртсөн, холбогдсон, хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалах зэрэг олон эрх ашгийг нэг "хайрцагт” багтаах ач холбогдол бий л юм. Монголын өмгөөлөгчдийн холбоо ТББ-аас 2016 онд явуулсан санал асуулгад оролцогчдын 91.9 хувь нь хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг бүрэн тодорхойлж чадаагүй гэж хариулсан байна лээ. Тиймээс өмгөөллийн тухай хуулийг УИХ-аар яаралтай хэлэлцэж төлбөрийн чадваргүй иргэд, хүүхдийн эрхийг хангах нь чухалд тавигдаж байна.
Дэлхийн олон улс нийгмийн үнэт зүйлсийг хамгаалсан чөлөөт, хараат бус, бие даасан мэргэжилтнүүд бол өмгөөлөгчид гэж үзэн өмгөөлөгчдийн эрх зүйн байдлыг тусгай хуулиар зохицуулж байна. Тухайлбал, ХБНГУ, Франц, Япон, ОХУ, БНСУ, Итали, Сингапур, БНХАУ, Хонконг зэрэг өөр өөр эрх зүйт улсууд өмгөөлөгчийн эрх зүйн байдал, өмгөөллийн үйл ажиллагааны төрөл, хэлбэр, өмгөөлөгчдийн өөрөө удирдах ёсны тогтолцоог зохицуулсан бие даасан хуультай байна. Тусдаа хууль нь ч төлбөрийн чадваргүй иргэдийн эрхийг ч бүрэн хангахбололцоог бүрдүүлж байгаа юм.
Нийтлэлд дурдсан гурван жишээ, гурван баримтыг эерэг өнцөгтэй болгоход энэ хуулийн үүрэг чухалд тооцогдоно. Хэрэв байдал үүгээр үргэлжилбэл улсын өмгөөлөгч нэртэй урагшгүй "халтуурчид”-ын балгаар олон хүүхэд, эмэгтэйчүүд хохирч төлбөрийн чадваргүй иргэд хууртсаар байх болно.
Б.Гарьд
Эх сурвалж: "Засгийн газрын мэдээ" сонин
Сэтгэгдэл