Хууль зүйн сайд Ц.Нямдорж сайд хэргийн захиалагчтай холбоотой юу?


Zindaa.mn сайт өчигдөр С.Зориг агсны хэрэгт яллагдагчаар татагдаад буй Б.Булганы Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хаягласан захидлыг нийтэлжээ. Ингэхдээ уг захидлыг нууцын зэрэглэлээс гаргасан хэмээн мэдээлсэн байна. Захидлын эх сурвалж нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан бөгөөд тэр нөхөр хоёр өдрийн өмнө сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ дээрх захидлыг уншиж танилцуулсан аж. Гэвч уг захидал яагаад нууцад орсон, яг хэдийд Ц.Нямдорж сайдад очсон зэргийг тодруулаагүй байна.

Захидлын агуулга нь хуулийн байгууллага С.Зориг агсны хэргийг шалгах явцдаа хууль болон хүний эрх зөрчсөн, өмгөөлөгчгүйгээр байцаасан, охиныг нь ашиглаж айлган сүрдүүлсэн, прокурорын зөвшөөрөлгүйгээр (тодруулбал, зөвшөөрлөө үзүүлээгүй гэж бичсэн байгаа) гүйцэтгэх ажиллагаа явуулсан, гэм зэмгүй хүмүүсийг хилсээр яллан хорьж байгаа гэсэн утгатай. Мэдээж Ц.Амгаланбаатарын нэр ч гэсэн уг захидал дотор дурьдагдсан байна. 2015 оны арваннэгдүгээр сарын 13-нд ТЕГ дээр аваачин байцааж, Ц.Амгаланбаатартай нэг өрөөнд хорьсон, нөгөөх нь “унтаж хэвтэж байснаа санахгүй байна уу, хэргээ хүлээ” гэж дарамталсан тухай.

Цаг хугацааны хувьд хөөгөөд үзвэл нөгөөх дуулианд бичлэг хийгдсэнээс хойш хоёр сарын дараа захидалд дурьдагдсан энэ үйл явдал болсон бололтой. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг 2015 оны наймдугаар сарын 31-нд цагдан хорьж (С.Зориг агсны хэрэгт яллагдагчаар татаж), есдүгээр сарын 1-нээс тагнуулын гүйцэтгэх ажилтнууд өрөөнд нь камер суулган “гүйцэтгэх ажил” нэртэй эрүү шүүлтээ явуулж эхэлсэн байдаг.

Гэхдээ энэ явдлаас хойш дөрвөн жил, С.Зориг агсны хэргийг шүүхээр шийдвэрлэснээс хойш гурван жилийн хугацаа өнгөрөөд байна. Хэргийн холбогдогчид гурван шатны шүүх хурал дээр энэ тухай нэг ч үг дуугараагүй атлаа одооноос ам нээж эхэлсэн нь бас л сонин. Тэгээд ч яагаад заавал Ц.Нямдорж сайдад бүх мэдээллүүд очдог байх вэ? Яагаад захидлыг нууцын зэрэглэлд оруулж, бас яагаад нууцаас гаргасан, нууцаас гаргасан захидлыг яагаад ганцхан Ж.Батзанданд өгсөн гээд олон асуулт гарна. Ингэхэд ялаа, батгана болгон яагаад Ц.Нямдорж сайд дээр л шавж байдаг юм. Яагаад Д.Дорлигжавд, эсвэл С.Бямбацогт сайдад захидал бичиж болоогүй юм?

Саяхан Zarig.mn-ийн сэтгүүлч Эрдэнэтэд Т.Чимгээгийн ээж дээр очиж ярилцлага хийсэн нь baabar.mn дээр тавигдсан байна лээ. 75 настай хөгшин “охиныг минь суллаж өгөөч, миний охин тийм хэрэг хийх хүн биш шүү дээ” хэмээн уйлж байгаа бичлэг. Үхтэл үр харам гэдэг болохоор ямар ч эх хүн хүүхдээ, тэр дундаа охин хүүхдээ хүн амины онц хүнд хэрэгт (тэр нь бүр төр нийгмийн зүтгэлтэн, олны танил эрхэм) буруутгаж чадахгүй нь мэдээж. Харин ярилцлага хийсэн сэтгүүлч “Т.Чимгээг С.Зориг агсныг амиа алдах үед Дундговьд хүүхдээ харж байсан тухай нутгийнхан нь ээжид нь хэлжээ” хэмээн ярьсан. Өөрөөр хэлбэл эмгэн энэ үгийг өөрийн амаар хэлээгүй. Тэр ч байтугай хэргийг мөрдөн шалгаж байх үед ч гэсэн ээж нь аравдугаар сарын 2-ны өдөр охиноо хаана байсан тухай нарийн тодорхой хэлж чаддаггүй. Айл хөршүүд нь болохоор “Чимгээ хүүхдээ эх дээрээ орхиод явсан, эзгүй байсан” гэж гэрчилсэн байдаг. Энэ тухай уг хэрэгт хяналт тавьсан прокурорын ярилцлагад дурьдсан нь бий.

Харин Ц.Нямдорж сайд болохоор “хөдөө хүүхдээ харж байсан хүнийг хотод гарсан гэмт хэрэгт буруутгалаа” гэж ярьсаар л байгаа. Яг ямар чөтгөр нь сайдын чихэнд тэгээд шивнэчихсэнийг бүү мэд. Эгээ л нэг хажууд нь суугаад харж байсан мэт цуурна л даа.

Өчигдөр Б.Булганы захидал сайтад тавигдсаны дараа, орой нь TV9 телевизийн “Монгол коммент”-оор “Элбэгдорж оо, Хурц аа, алуурчид аа, хэдэн монгол хүний аминд хүрэх ёстой юм бэ, энэ С.Зоригийн хэрэг чинь” гээд л хоолойгоо шахаж байгаад бахирч байна лээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ярьдаг үгийг л өөрийнхөө өмнөөс хэлчихэж байна лээ л дээ. Тэгэхээр сэтгүүлчид нь ч гэсэн нийтэлж, нэвтрүүлж байгаа мэдээ, мэдээлэлдээ, бас өөрийнхөө үзэл бодол, үнэлэмжид бага ч гэсэн цензур тавьж сурахгүй бол улсаараа солиорлоо шүү. Хүн болгон Ж.Батзандан шиг эрүүл согтуу яриатай байж болохгүй биз дээ. Ядаж л ямар хүн хэлсэн билээ гэдгийг нь бод...

Үнэхээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг ч, Б.Булганыг ч шалгах явцад хууль болон хүний эрх зөрчсөн асуудал байгаа бол хуулиа бариад л асуудлаа шийд. Ямар ч баримт, нотолгоогүй зүйлээр, сэжиг таамгаар, хэн нэг хэргийн холбогдогчийн үгээр, хэвлэл мэдээллээр битгий яллагаа хийгээд бай л гэх байна.

Ж.Батзандан жишээ нь өөрөө УИХ-ын Түр хорооны гишүүн шүү дээ. Түр хороон дээрээ энэ асуудлаа ярь л даа. С.Зориг агсны хэргийг шалгах явцад алдаа мадаг, хууль зөрчсөн зүйл гарсан байна гэж үзэж байгаа бол тэрнийгээ ярь. Ядаж шүүхийн архивт очоод хавтаст хэргээ уншчих. Тэгчихээд яривал бас нэг хэрэг. Тэрийгээ хийхгүй байж яах гэж хэргийн холбогдогч нартай л хэлхэлдээд байдаг юм.

Яах гэж жишээ нь Ц.Нямдорж сайд энгийн нэг захидлыг нууцын зэрэглэлд оруулж хав дарсан, яагаад өнөөдөр нийтийн өмнө уншиж байгаа юм. Тэр ч гэсэн хачирхалтай биз дээ.

Б.Булган жишээ нь сүүлийн гурван жилийн дотор, хэргийн мөрдөн шалгасан сүүлийн ажлын хэсэгт лав нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй (нотолгоогоо гаргаад ир гээд салаавч үзүүлээд байцаагчийн өрөөнөөс гарч байгаа бичлэгийг жишээ нь бид харсан л даа), хэргийн яллагдагчаар татагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг ч гэрчлээгүй (анх нь өөрийх нь үгээр гаргасан ам зурагтай таарсан, өөр бусад хүмүүс ч гэрчилсэн байдаг) гэдгийг прокурор ярьж байсан. Тиймээс бид энэ хүн угаасаа хэргийг гэрчлэх сонирхолгүй юм байна, өөр сонирхолтой юм байна, хэргийн холбогдогч нартай хамсаатан юм биш үү? гээд яллагдагчаар татсан. Гүйцэтгэгч нартай холбоотойг нь нотолж чадаагүй учраас захиалагчийн хэрэг дээр яллагдагчаар татаад явж байгаа гэж ярьсан даа.

Т.Чимгээ ч гэсэн нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй. "Та нарт нотлох баримт байгаа юм уу?" гэдэг ганцхан үг л хэлсэн байдаг. Гэм буруугүй хүн ийм үг хэлдэг үү? Ээждээ хэлсэн "би хүн алаагүй" гэдэг үгээ мөрдөн байцаагчид яагаад хэлээгүй юм бэ? Үүнийг бичигч жишээ нь яаж ч бодсон Ж.Батзандан, Ц.Нямдорж хоёроос илүү хэрэгт хяналт тавьсан прокурорын үгэнд итгэмээр байна. 

Харин манай УИХ-ын гишүүд, Хууль зүйн сайд яг юу хийгээд явна вэ? Жинхэнээсээ хэргийн захиалагчидтай нэг тал юм биш биз? Эсвэл зүгээр энэ хэргийг өмнөх 20 жилийнх шигээ сонгуулийн “шоу” болгоод явна уу?

Б.Сэмүүн

Эх сурвалж: inews.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.