70 кг хар тамхины хэрэгт холбогдсон Консулын газрын хоёр ажилтан баригдсан даруйдаа Э.Мөнх-Очиртой холбогджээ


БНТУ-ын Истанбул хот дахь Консулын газрын дэд консул н.Баттүшиг, жолооч н.Эрдэнэбилэгийн хамт Чех улсаас ХБНГУ-ын хилээр нэвтэрч байх үедээ дипломат дугаартай автомашинтай саатуулагдсан. Энэ үедээ 70 кг геройн буюу хар тамхи тээвэрлэж яваад баригдсан бөгөөд тус улсад хоригдон шалгагдаж байгаа билээ. Тэгвэл энэ талаар БНТУ-ын Истанбул хот дахь Ерөнхий консулаар ажиллаж байсан Э.Мөнх-Очир сэтгүүлчдэд тодруулга өглөө. 

Тэрбээр "Уучлалт гуймаар байна. Миний тэргүүлж байсан дипломат төлөөлөгчийн газарт ийм үйл явдал болсонд харамсаж байна" гэдгээ хэлээд "Б.Баттүшиг наймдугаар сарын 1-нээр томилогдоод есдүгээр сараас Истанбул дахь Консулын газар ажиллаж эхэлсэн. Ажлаа сайн гүйцэтгэж байсан. 

Консулын газрын хувьд энд байгаа яам, тамгын газрын жолооч шиг жолооч гэсэн албан тушаал байдаггүй. Эрдэнэбилэг гэдэг хүн ирэхдээ Аж ахуйн эрхлэгчээр томилогдож ирсэн. Шаардлагатай үед машин барьдаг байсан. Консулын газар ажиллаж буй бүх хүн машиндаа дипломат дугаар авдаг" гэсэн тайлбар өглөө. 

Э.Мөнх-Очир нь БНТУ-ын Истанбул хот дахь Ерөнхий консулаар ажиллаж байгаад Засгийн газрын гуравдугаар сарын 28-ны тушаалаар чөлөөлөгдөж, дөрөвдүгээр сарын 3-нд эх орондоо ирээд байсан юм. Тиймээс эх орондоо ирснээсээ хойш тэрбээр Консулын газартай эргэж холбогдоогүй гэдгээ хэллээ. Харин 70 кг хар тамхины хэрэгт холбогдсон хоёр ажилтан баригдсан даруйдаа түүнтэй холбогдсон бөгөөд Э.Мөнх-Очир тухай үед ХБНГУ-д суугаа Монголын ЭСЯ-нд мэдэгдэж, анхаарал хандуулахыг хүссэн байна. 

Т.САРАН, IKON.MN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.