“Мэргэжлийн” хамаатнуудаа тушаал дэвшүүлсэн ЗАСАГ


ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр Элчин сайдаар томилуулахаар Засгийн газраас дэмжлэг авч, тун удахгүй УИХ-аар хэлэлцүүлэн томилогдоно. Тэгвэл  БХ-ын сайд Н.Энхболдын хүү Бээжингийн ЭСЯ, хүргэн нь Сөүл-ийн ЭСЯ-д тус тус томилуулж, ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны эхнэрийн дүү мах экспорлох эрх авчээ.  Ц.Нямдорж сайдын хүү Н.Анхбаярыг “ГХЯ-нд олон жил ажилласан, ажлаа сайн мэдэх нэгэн” гэж ГХ-ны сайд Д.Цогтбаатар онцолсон. Харин Н.Энхболд сайд хүү, хүргэн хоёрынх тухайд “Надад нөлөөлсөн  зүйл байхгүй. Манай хүү ГХЯ-ны Дэд захирал хийдэг байсан. Манай хүүг таних уу та нар. Хэр зэрэг ажилтай, ямархуу ажилтан бэ гэдгийг асуугаарай. Хүргэн ч олон жил ГХЯ-д ажиллаж, хойд Солонгост хоёр ч удаа ажиллаад мэргэшсэн” гэж тас өмөөрсөн байна лээ. Тэгвэл ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны эхнэрийнх нь дүүгийн “Бит Монголиа” эрхийг нь авах тухайд “Миний эхнэрийн дүүгийн компани надад хамааралгүй” хэмээн мөн л асуудлыг өөрөө бултуулсан хариултыг өгсөн байна. УИХ-ын тухай хуулиар УИХ-ын гишүүний хориглох зүйлд “гишүүний нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах”-ыг хориглодог. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар ийтийн албан тушаалтны хамаарал бүхий этгээд гэдэгт:

-Эцэг, эх,

-Төрсөн ах, эгч, дүү,

-Гэр бүлийн гишүүн,

-Хамтран амьдрагч,

-Эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх,

-Эхнэр /нөхөр/-ийн төрсөн ах, эгч, дүү,

-Бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хамруулсан байдаг. Тиймээс ч эрх мэдэлтнүүдийг мэдээллийн давуу байдал, эрх мэдлээ ашиглан хамаарал бүхий этгээддээ “боломж” олгохыг хуулиар хориглосон байдаг билээ. Харамсалтай нь хамаарал бүхий этгээдийг нь хуулиар нэр цохон дурдсаар байхад “надад хамааралгүй” хэмээн гэдийж, “мэргэжлийн хүн” гэх хуулийн гадуурх тайлбарыг өгч байна.

У.Хүрэлсүхийн танхим анх бүрдэхдээ авлига, хээл хахуулыг устгаж, ёс зүйг дээдэлж, нийгэмд шударга ёсыг тогтооно гэж тунхаглан, “Ардын Засаг” гэж өөрсдийгөө өргөмжилж байлаа. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах суурийг тавиад буусан Ж.Эрдэнэбатын Засгийн боловсруулсан “ бэлэн бүтээгдэхүүн дээр томилогдсон У.Хүрэлсүхийн танхим нийгэм, эдийн засагт эерэг өөрчлөлтийг авчирсангүй, харамсалтай. Өнөөдөр эдийн засаг өссөн гурван жилийн өмнөхөөс 6.9 хувиар өссөн гэх ч энэ нь өрхийн амьжиргаанд мэдрэгдээгүй, хөрсөн дээр буугаагүй хөөсөрсөн үзүүлэлт хэвээр байна. Тэр байтугай өнгөрсөн гурван жилийн өмнөхтэй харьцуулахад өнөөдөр ам.долларын ханш чангарч, шатахууны үнэ өсч, энэ хэрээр  өргөн хэрэглээний бараа, таваарын үнэ нэмэгдэж, ард түмний нуруун дээрх ачаа улам хүндэрсээр ирлээ.

Харин У.Хүрэлсүхийн танхимын бүрэлдэхүүнээс жижиг, дунд үйлдвэрлэгчдэд чиглэсэн ЖДҮХС-гийн зээлийг мэдээллийн давуу байдал, эрх мэдлээ хэтрүүлэн өөрийн хамаарал бүхий компанидаа, бусад УИХ-ын гишүүддээ хуваарилж, хариуцлага, ёс зүйн алдаа гаргасан үндэслэлээр ХХААХҮ-ийн сайд, БСШУС-ын сайд  тус тус нэг удаа, ЗТХ-ийн сайд хоёронтаа огцроод байна. Эдүгээ ч сайд нар 10 сая ам.долларын авлигад холбогдсон, салбартаа хариуцлага алдсан гэх үндэслэлээр огцруулахыг шаардсан иргэний хөдөлгөөний шаардлага үргэлжилсээр байгаа. Харин сөрөг хүчин АН-ын зөвлөл авлигатай, аллагатай У.Хүрэлсүхийн Засгийн газрыг нэн даруй огцруулах шаардлагыг УИХ-д хүргүүлсэн. УИХ-ын зүгээс одоогоор ямар нэг хариу өгөөгүй байгаа.

Эдүгээ дипломат нар хар тамхины хэрэгт холбогдсон асуудлаар ГХ-ны сайд Д.Цогтбаатарыг, амьд малыг хөлөөр нь гарахыг эсэргүүцэж Махны холбооноос ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулахыг шаардаад байгаа. Энэ долоо хоногт, өнөөдөр ч ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг холбогдох асуудлаар огцрохыг шаардсан жагсаал яамны өмнө болж байна. 

Ер нь хамаарал бүхий этгээдээ “мэргэжлийн” гэх хуулиас гадуурх тайлбар хийх Засгийн газрын томилгоо ч танхим дотроо явагдаж байна. Ингэснээр ардын хүүхдүүд бизнес эрхэлж, ЖДҮХС-гийн зээлд хамрагдаж, төрийн болон дипломат албанд тушаал дэвших хаалттай нийгэм үйлчилж байгаа нь нууц биш. Нийгэмд шударга үнэнийг тогтоох таны үг, үйлдэл зөрөөд байна, Ерөнхий сайд аа. 

Н.Энхлэн  

Эх сурвалж: shuud.mn

 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.