Ахмад дайчны гомдлын нулимс


 

Кутевт суралцахаар явав

-Би Халхын голд эх орноо хамгаалан тулалдаж байгаа Зөвлөлт Монголын Улаан Армийн ар талыг бэлтгэлээр хангах 10 хоногийн хугацаат даалгаврыг Хэнтий аймгийн Буянт-Галшар суманд найм хоногт багтааж амжилттай сайн гүйцэтгэсэн учир намайг ЗХУ-ын Москва хотноо Кутевийн сургуульд гурван жилийн хугацаатай суралцуулахаар 1935 онд явуулсан билээ.

Тэнд суралцаж байтал дэлхийн II дайн дэгдсэн. Монгол сурагчид хувийн эд зүйл хандивлан, цусаа өгч, хүнсний ногоо түүж хураах, танкын саадын хуваарьт газрыг өдөржин ухаж Москва хотыг хамгаалахад Зөвлөлтийн Улаан армид тусалж байлаа. Дайны хүнд нөхцөлд Зөвлөлт орныг хамгаалахад гар бие оролцон хүчин зүтгэж явсан минь түүхэнд тэмдэглэгдэх гавьяат үйлс болохоор би ямагт бахархан дурсаж явдаг юм.

Би дэлхийн II дайны сүүлчийн голомтыг устгах Зөвлөлт Монголын армийн хүч хавсарсан тулалдаанд Халх голын Байшинтын  VII дивизийн 19-дүгээр морьт хорооны гуравдугаар суманд Улс төрийн орлогч, ахлах дэслэгч цолтой ажиллаж байлаа.

Энэ үеэр Жэхэ хотод олзлогдсон япон цэрэг офицеруудаас 1000-ыг Улаанбаатар хотод хүргэх даалгавар авч 64 хоногийн турш тууж ирсэн. Бид зуны хувцастай байсан тул хүйтэн бороо, цасанд норж даарч хөрөх, олзлогсдыг  манаж нойргүй хонох зэрэг саад бэрхшээлтэй тулгарч явсан ч үүргээ хариуцлагатай биелүүлж чадсан юм гэж Цэрэн-Ёндон ах маань ярьдаг байв.

 

Дөрвөн хүүгээ дайнд үдсэн эх

 

Банзрагч бүсгүй үдийн үед хонио уулнаас буулгаж доошлуулаад харьж  явтал хойноос нэгэн морьтой хүн тэднийхнийг чиглэн ирж яваа харагдаж.

Юун хүн манайханд ирдэг билээ гээд ахиулан ажиглавал Сүрэн гуайн хүү Цэрэн-Ёндон яах аргагүй мөөн. Хүү нь гэнэт ороод ирэхээр хөгшин сандарч унаж тусах вий гэж болгоомжилсон Банзрагч нэгийг боджээ. Тэднийд оруутаа “Хөөе, Сүрэн гуай манайхны хойно луу унжаад байна” гэжээ. Гайхаж тэвдсэн хөгшин, өдийд юун луу байдаг юм. Чи юу хэлэв гэсээр хоёул гарч харвал хүү нь мориноосоо бууж байсан гэдэг.  Орос оронд суралцаж, Халхын голд эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг тулалдаж явсан хүү нь сая л нэг юм  ирж ижийнхээ элгийг дэвтээсэн нь тэр байжээ. Тэр Сүрэн хөгшин бол үүнийг бичигч миний эмэг эх байгаа юм.

Дөрвөн хүүгээ дарийн утаа ханхалсан дайны талбарт үдэж мордуулсан дайчин эрсийн эх байв.

Тэр үед Цэнхэрмандал Өндөрхааны чиглэлд цэргийн цуваа өдөр шөнөгүй тасралтгүй явж байж. Жаргалтхаан сумын Хамар даваа өгсөх үед цуваа түр зогсдог байжээ. Хүү нараас минь байж магадгүй гэж хоёр нүдээ ширгэтэл зам харуулдах эх цэргүүдийг тосон очиж, цай сүү уулгаж, бяслаг өрөм ааруул тарааж өгдөг байсан гэнэ. Машинтай нь ч ядаж яая гэхэв, явган маршлах цэргүүд нь тун өрөвдмөөр.

Тэгж олон жил үргэлжлэх дайны гал дунд тулалдаж байгаа хүүхдүүдийнхээ хойноос чих тавин чагнаж, шар махаа хаттал зовж шаналсан эх хожим нь сайн цаг ирэхэд хүүхдүүдийнхээ ач буянаар ач зээгээ тойруулан жаргаж, ёстой л алтан аяганаас ус уусан даа.

 

Төрийн нүүр хатуу

 

Цэрэн-Ёндон ахыг цэргээс халагдахад орос хэл сайтай, боловсролтой гээд төвд ажиллуулах гэсэн байна. Цэргийн газарт ч юмуу, Дотоод яаманд ч юмуу аль нэг нь л байх. Ах маань юутай ч гэсэн ажаатайгаа яръя гэж бодоод нутагтаа иржээ. Эцэг Хургын /олны нэр/ Цэрэнпунцаг Төв аймаг чигийн хүн бөгөөд эмээг Мөнгөнморьт сумаас дагуулж ирсэн гэдэг. Тэрээр хүүдээ “Манай төр зүтгэсэн хүндээ их хатуу шүү. Миний хүү нутагтаа ирж, айл гэр болж, малаа маллаж амьдрах нь зөв” гэжээ.

Тэднийх Бэрх, Шивэр, Баян-Улаанаар нутагладаг байж. Нэгэн удаа ах ярьсан нь, намайг бага байхад бүр уулын гүн рүү орж өвөлжсөн. Хоол хүнс хадгалдаг бараа /пин/ -ны завсар, шар цагаан тос, өрөм ааруул дүүргэсэн хоёр жижиг ууттай юмыг хучиж нуусан байв. Тэгээд ах эгч бид хоёрт  нохой хуцаад олон морьтой улс давхилдан ирвэл энэ ууттайг аваад бушуухан мод руу орж нуугдаарай гэв. Тэр өвөл нь тийм улс ирээгүй. Харин намайг есөн настай байхад хэдэн морьтой хүн шөнөөр ирсэн. Би тэдний дүнгэр дүнгэр ярихыг сайн анзаарч мэдэхгүй, ажаагийн нөмөрсөн хурган дээлэнд орж тоглож байгаад унтчихсан байв. Тэд лав л ажааг аваачих гээд байх шиг санагдсан. Ажаа “би хөгшин хонины насгүй болсон хүн, засаг төр надаар юу хийхэв” гээд ижийгээр гаднаас боодолтой юм авчруулсан. Тэр нь алт байсан. Ажаа энэ хоёр хүүхдэд хэрэг болно гээд жаахныг тасалж аваад бусдыг нь тэр улсад өгөхдөө “та нар үүнийг их ажлаа бүтээхэд хэрэглээрэй” гэж байсан.

Хожим мэдэхнээ Бодоо сайд ирсэн юм билээ.Энэ үйл явдлаас  үүдэхэд манай ажаа

Цэвэгийн Цэрэн-Ёндон гэж эцгээр нь овоглосон нь хашир хүн нэгийг санаж дээ гэж боддог юм.

 

Онио ба Цэрэн-Ёндон ах

 

Бид нагац ах Цэрэн-Ёндонг “Онио” гэж авгайлдаг байсан. Ониогийнх олон сайхан хүүхэдтэй, өнөр өтгөн айлууд бий. Өөрөө Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын  уугуул. Нутагтаа багийн дарга ухуулагчаар ажиллаж, малаа маллаж амьдардаг байв.

Онио монгол криллээр их сайхан бичдэг, нэлээдгүй гарын дүйтэй, хүнтэй их эвсэг, халамжтай олон таван үггүй, шударга зөөлөн сэтгэлтэй нутаг орондоо нэр хүндтэй нэгэн байлаа.

Хөдөөнийхөн хэзээний наргианч улс.  Манай багийнхан,

Цэнхэрийн голоор нутагтай

Цэрэн-Ёндон даргатай

Аарцаг сайтай Жамбаа панз

Аргийн модон Дашням панз

Арга зальтай Жунай панз

Алиа зантай Лувсан-Очир панз

Мулт наймаалдаг Бундай панз

Тас харанхуй Жагдаг панз гэж бие биенээ их хочилно. Тэгэхдээ тухайн хүний зан байдал, төрх галбир, ажил төрөлд хэрхэн ханддагийг тодорхойлсон мэт байдаг. Хүүхдүүд бид түүнийг нь цээжилчихээд  томчуудаас хол шүлэг мэт уншдаг байлаа.

 

Амьсгалаа тасартал шагналаа хүлээсэн дээ

 

Харийн булаан эзлэгчээс эх орноо хамгаалахад, Зөвлөлт Монголын дайчдын хамт тулалдаж ялалт байгуулахад хүчин зүтгэж явсан гавъяаг нь үнэлж Жэхэ хотыг эзлэн авахад 19-р хорооны дарга, улс төрийн орлогч Нанзаддорж  Бавуу нар “Байлдааны гавъяаны улаан тугийн одон” мөн “Алтан гадас” одон, VII дивизийн улс төрийн орлогч Вандан СССР-ийн “Улаан таван хошуу” медалиар шагнуулах тухай дээд газартаа мэдүүлсэн гэдгийг Цэрэн-Ёндон ах дарга нараасаа сонсож ихэд баяртай явдаг болжээ. Гэвч тэр шагналуудаас нэг нь ч олгогдсонгүй сураг тасарчээ.

Олон жил хүлээсний эцэст Цэрэн-Ёндон ах 1956 онд БХЯ-ны сайд генерал Батаа, 1959 онд хошууч генерал Лхагвасүрэн, дивизийнхээ улс төрийн орлогч Дэжидээр уламжлан, АА-ийн Улс төрийн газрийн дарга, хошууч генерал Ёндондүйчир, АИХ-ын дэргэдэх Ахмад дайчдын Улсын хорооны дарга, дэслэгч генерал Цэнд-Аюуш нарт хувийн өргөдлөө удаа дараа явуулж байжээ.

Тэгтэл 30 гаруй жилийн дараа 1971 оны нэгдүгээр сарын 20-нд 11/92 тоот хариу ирүүлэхдээ: Цэвэг овогтой Цэрэн-Ёндон чамд эх орны шагнал өгье гэхээр Армийн архивт нэр чинь ч алга, баримт материал олдохгүй байна гэсэн байжээ.

Тэгээд зогссонгүй эцэст нь “Нөхөр Цэвэгийн Цэрэн-Ёндон 1945 онд Японы түрэмгийлэгчдийг бут цохих үйлсэд Байшинтийн VII дивизийн 19дүгээр морьт хорооны гуравдугаар  суманд улс төрийн орлогчоор ажиллаж, улс төр, байлдааны бэлтгэлийг хариуцлагатайгаар гүйцэтгэж байсан учир Жикаа /Жэхэ/ хотыг эзлээд “Байлдааны гавьяаны улаан тугийн одон” дараа нь олзлогдсон 1000 гаруй япон цэрэг, офицерыг Монголдоо тууж авчрахад онц идэвхтэй ажилласан тул “Алтан гадас” одонгоор шагнагдахаар мэдүүлж байсан нь хоцорсон тул шагналыг нөхөн олгохыг хүсэж, 1970 оны наймдугаар сарын 15-нд нэр бүхий таван хүний хамт нөхөн тодорхойлж БХЯ-ны Сайд, Улс төрийн газрын дарга нарт хүргүүлсэн билээ. Түүний дотор Ц.Цэрэн-Ёндон гэсэн нэр байв. Тэднийг шагналд оруулж өгөхийг хүсье” гэж 19 дүгээр хорооны даргаар ажиллаж байсан Ё.Нанзаддорж, Ардын армийн Арын албаны газрын штабын дарга, Зэвсэгт хүчний жанжны бие төлөөлөгч байсан хошууч генерал Ц.Самдангэлэг нарын гарын үсэг бүхий тодорхойлолтуудыг явуулсан ч мөн л чимээгүй болж.   Тэгэхээр нь ах 14603 дугаарын “Бид ялав” медалиас өөр шагнал урамшуулалгүй хоцорлоо би. Гомдол тасрахгүй явааг минь болгоон соёрхож өргөдлийг минь хариуг нааштай шийдэж өгнө гэдэгт амьсгал тасартлаа горьдох болно гэсэн өргөдлийг 1976 оны хоёрдугаар сарын 25-нд бас бичсэн байдаг.

Жар хүрээд жаргаж суух ёстой ахмад дайчин төр, засагтаа гомдохын эрхээр гэртээ уйлж, оросоор дуулж гунихарах эцгийгээ харсан балчирхан хүүхдүүд нь өрөвдөхдөө цуг уйлж, нулимсыг нь арчиж өгөхөөс өөр юу хийж чадахсан билээ.

Энэ жил Халхын голын ялалтын 80 жилийн ой тохиож, улс даяар нэр төртэй өргөн хүрээнд тэмдэглэх ажил өрнөж байна. Энэ үед Монгол улсынхаа тусгаар тогтнолын төлөөх ялалтыг авчралцсан өвгөн дайчнаа мартах учиргүй баймаар.

Тэрээр  Халх голын ялалтын баяр тэмдэглэх их ажлын дуулианыг тэнгэрийн орноос харж байгаа  байх. Аливаа хүний байгуулсан гавьяа мөнх байх учиртай .Тиймээс эрэлхэг дайчин ах агсны маань  олон арван жил горьдон хүлээж байсан шагналуудыг нөхөн олгоход Монголын төр засаг, Ардын арми, Зэвсэгт хүчний удирдлагууд  анхаарахсан  болов уу гэсэндээ  энэхүү жижиг дурсамжийг толилуулж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ахмад сэтгүүлч Л.ДАШЦЭВЭГМАА


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.