Ж.Батзандан: Монголчууд хэзээ ч И.Оспаныг баатар гэж хэлэхгүй


И.ОСПАН БААТАР БАЙГААГҮЙ БОЛ БАРУУН ХЯЗГААР ХАРИЙН ТҮРЭМГИЙЛЭЛД ӨРТӨХ БАЙСАН
УИХ-ын гишүүн, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын дарга Ж.Батзандан Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзалт хийх үеэрээ “И.Оспан бол баатар” гэсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд буй. Тодруулбал, тэрбээр “Би энэ нутагт ирэх бүртээ казах түмнийхээ түүхийг үргэлж боддог. Яагаад Х.Чойбалсан гуай, И.Оспан баатартай уулзахдаа “Баруун хязгаараа хамгаал” гэж итгэж, та бүхэнтэй хамтарч тусгаар тогтнолоо авч үлдсэн юм бол гэж боддог.

Хэрвээ И.Оспан баатар байгаагүй бол, Х.Чойбалсан гуайтай тохиролцоогүй байсан бол баруун хязгаар магадгүй харийн түрэмгийлэгчдийн гарт өртөх байсан. Та бүхэн энэ газар нутгаа авч үлдэж чадсан юм шүү. Би казах түмэндээ баярлаж явдаг.

Мөн урианхай, дөрвөд нутгийн түмэндээ баярладаг. Баруун хязгаар бүтэн байгаад баярлаж байгаагаа илэрхийлье. Баруун хязгаар нутаг түүхийн хүнд сорилтод үргэлж өртөж байсан. Алтайн уулсыг тойрсон казах ард түмний дотроос Назарбаев гуайн хэлсэн үг байдаг. “Казах ард түмний соёл урлаг, уламжлалыг хамгийн гайхамшигтай авч үлдсэн хүмүүс нь Монголын казахууд юм шүү” гэж хэлсэн байдаг. Би та бүхнээрээ бахархаж байна. Баяр хүргэе.

Харин сүүлийн он жилүүдэд монгол, казахын ах дүүгийн сайхан харилцаанд хор хүргэх гэж МАНАН бүлэглэлийн зарим нэг этгээд буруу зүйл хийсэн. Казах, монгол ард түмэн үеийн үед эв найртай, хамтарч, бие биеэ хайрлаж ирсэн. Би та бүхнээсээ нэг зүйл хүсье. Бусдын, буруу бодолтнуудын, МАНАН бүлэглэлийн харалган бодлогыг үл тоож, Монголынхоо төлөө, хоёр ард түмний төлөө Ж.Батзандантайгаа хамт байгаарай.

Шударга иргэдтэйгээ хамт байгаарай гэдгийг та бүхнээсээ хүсье. Мөн уран зураг цуглуулдаг Ерөнхийлөгчийг дэмжихийг санал болгосондоо уучлалт гуйя” гэсэн байдаг. Тэгвэл түүний энэхүү яриаг олон нийт шүүмжлэхэд тэрбээр удаа дараа тайлбар мэдэгдэл хийснийг хүргэе.

И.ОСПАНЫ ДАЙНААС БОЛЖ ОЛОН МОНГОЛ АМИА АЛДСАНЫГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МАРТААГҮЙ

Тэрбээр өнгөрсөн пүрэв гарагт албан өрөөндөө мэдээлэл хийх үеэрээ “Баян-Өлгий аймагт иргэдтэй уулзахдаа маршал Х.Чойбалсан болон И.Оспан нарын уулзалтын талаар түүхийн эх сурвалжуудыг дурдан гуравхан өгүүлбэр хэлсэн. 1945-1949 оны хооронд баруун хязгаарт дайн байлдаантай байсан. Тухайн үед Х.Чойбалсан И.Оспан нар уулзаж, энэ байдлыг намжаасан гэж хэлсэн юм.

Гэтэл олон нийтийн сүлжээгээр намайг шүүмжилж байна. Тэр хүмүүсийн шүүмжлэлийг ойлгож байна. Бас хүндэтгэж байна. Г эхдээ нэг зүйлийг хэлэхэд, би Гадаад харилцааны сайд биш. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн ч биш. Аливаа түүх олон өнцөгтэй байдаг. Олон хүн И.Оспаны түүхийг сайн мэдэхгүй байх шиг байна. И.Оспантай Монгол Улс сайн харилцаатай байсан үе бий. Муу харилцаатай байсан ч үе бий.

Түүхийн үнэнийг иргэд үнэнээр нь мэдэж байх ёстой. Казах, монгол ард түмний найрамдалт харилцаа, ах дүүгийн харилцаанд сэв суулгах зүйлийг УИХ-ын гишүүн, улстөрч хүн ярьж болохгүй. Мөн буруу мэдээлэл, түүхийг гуйвуулсан яриа хийж болохгүйг би ойлгож байгаа. Бид бас үндэсний цөөнхийн эрх ашигт үргэлж хүндэтгэлтэй хандах ёстой.

Намайг Казахстаны ард түмэн манай нутагт нүүдэллэн ирснийг хэлсэнгүй гэж байх шиг байна. Энэ түүхийг монгол, казах иргэн бүр мэдэж байгаа. И.Оспан баатар Х.Чойбалсан гуайтай уулзсан уулзалтыг Оросын талаас зохион байгуулсан байдаг. И.Оспаны зорилго нь Шинжаан-Уйгарын тусгаар тогтнолын төлөө байсан. Сүүлдээ Чан Кайшигийн цэрэгтэй нэгдсэнийг нь та бүхэн мэдэж байгаа.

Түүхийн олон талыг ойлгож, ярих ёстой. Энэ түүхийг Ж.Батзандан ярьснаар Монголын үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулаагүй. Ийм сонирхол ч байхгүй гэдгийг ойлгоорой. И.Оспаны дайнаас болж олон монгол, казах, захчин, урианхай хүн амь насаа алдсаныг Монголын ард түмэн мартаагүй. Би энэ үгээрээ хоёр үндэстний найрамдалт харилцаа, соёл, эдийн засгийн харилцаа улам ойртох ёстой гэдгийг хэлэхийг хүссэн юм гэсэн юм.

КАЗАХ ИРГЭДТЭЙ УУЛЗАХ ҮЕЭР ХЭЛСЭН ҮГИЙГ МОНГОЛЧУУДАД ХЭЛСЭН МЭТЭЭР ГУЙВУУЛЖ БАЙНА

Өнгөрсөн амралтын өдөр Ж.Бат-зандан гишүүн өөрийн цахим хаягаар шууд бичлэг хийж, дахин тайлбар өглөө. Ингэхдээ “Баян-Өлгий аймагт 200 гаруй казах иргэнтэй уулзсан. Казах иргэдийн асуултад хариулах явцад надаас “И.Оспан болон Х.Чойбалсан нарын уулзалтын түүхийн тухай мэдэх үү” гэж асуусан. И.Оспаныг бид мэдэлгүй яах вэ. Бид “Байтаг богд” киноноос эхлээд л монголчуудыг хэрхэн зовоож байсныг мэднэ.

Олон хүний амь бүрэлгэж, мал сүргийг нь дээрэмдэж байсныг ч мэднэ. Гэхдээ казах иргэдтэй уулзаж байгаа тохиолдолд “И.Оспаныг алуурчин, дээрэмчин байсан” гэж хэлэх ямар ч боломжгүй байсныг ойлгоорой. Тухайн үед надаас “И.Оспан баатар уу” гэж асуусан.

Ер нь казах иргэд И.Оспан баатар гэж ярьдаг юм. Казах хүмүүсийн нүдээр И.Оспан бол баатар. Харин монголчууд бид И.Оспаныг ямар хүн байсан гэдгийг бүгд мэднэ. 1940-өөд онд баруун хязгаар ямар хүнд байсныг мэднэ. Намайг И.Оспан баатар гээд хэлэхээр залуучууд уурлаад байгаа юм. Залуучуудтай би санал нэг байна. Монголчууд хэзээ ч И.Оспаныг баатар гэж хэлэхгүй.

Гэхдээ Баян-Өлгий аймагт очиж, казах иргэдтэй уулзахдаа тэдний соёл, уламжлалд хүндэтгэлтэй хандаж, тэдний хэлээр ярихгүй бол болдоггүй юм. Тиймээс Ж.Батзандан гишүүн чинь Баян-Өлгий аймагт очихдоо И.Оспан баатар, Х.Чойбалсан гуай хоёрын уулзалтын тухай ярьсан юм. Тухайн үед уулзалтыг Оросын талаас зохион байгуулсан. Ингэхдээ Х.Чойбалсан гуайгаар дамжуулж И.Оспанд зэвсэг өгсөн байдаг.

И.Оспан энэ буу зэвсгийг ашиглаж, тухайн үед Хятадыг удирдаж байсан Чан Кайши болон хятадуудтай дайн хийсэн байдаг. Харин сүүлдээ Х.Чойбалсантай хийсэн тохирооноосоо буцаж, дээрэмчин, уулын амьдрал руу шилжсэн гэдгийг бүгд мэдэж байгаа. Тэгэхээр “Ж.Батзандан гишүүн И.Оспаныг баатар гэж хэллээ” гэж уурлаад байгаа залуучуудыг ойлгож байна. Маш зөв. Гэхдээ Баян-Өлгий аймагт очоод казах иргэдтэй уулзаж байх үед И.Оспаны талаар муу хэлэх ямар ч боломж байдаггүй юм.

Хэрвээ би асуултад “И.Оспан баатар чинь алуурчин, дээрэмчин, муу хүн байсан” гэж хэлбэл уулзалтаас хөөгдөөд гарах байсан. Харин УИХ-ын гишүүнийхээ хувьд Казахстан, Монголын харилцаанд сэв суулгахгүйн тулд, казах иргэдтэй уулзах үеэр хэлсэн үгийг минь Улаанбаатарт монголчуудтай уулзахдаа хэлсэн юм шиг мушгин гуйвуулж байна. Ингэж гуйвуулахгүй байхыг хүсэж байна.

Үндэсний цөөнхийн асуудал их эмзэг байдаг. Тэгэхээр бид маш хянамгай, ухаалаг хандах ёстой гэж хэлмээр байна. Ж.Батзандангийн чинь ярьсан үг казах иргэдтэй уулзахдаа хэлсэн үг юм шүү” гэв.

Б.ЦЭНД-АЮУШ, ҮНДЭСНИЙ ШУУДАН


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.