"Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны Соёолон насны морины уралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатарын хамтаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзэж сонирхов. Соёолонгийн уралдааны түрүү магнайд Нийслэл хот, Сэлэнгэ аймгийн алдарт уяач, Нийслэлийн Морин спорт, уяачдын холбооны дэд тэргүүн Давгасамбуугийн Очирсүрэнгийн Мөнгөн хошуут зээрд соёолон хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгалаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач Д. Очирсүрэнгийн уяж түрүүлгэсэн соёолонгийн галаар зочилж, уяач, унаач хүүхдэд баяр хүргэж, гарын бэлэг гардуулан ерөөлийн үг хэлэв.
Үндэсний их баяр наадам бол Монголчууд бидний тусгаар тогтнолын баяр юм. Түүний салшгүй нэг хэсэг нь хурдан морины уралдаан билээ. Үүгээр дамжуулан Дэлхийн улс орнуудад түүх соёл, уламжлалаа сурталчилж, хойч үе, үр хүүхдээ үндэсний онцлог соёлоороо дархлаажуулж байгаа явдал. Өргөн дэлгэр, шим арвинт, уудам сайхан эх оронд амьдардаг Монголчууд бид азтай хүмүүс.
Иргэний дайнтай улс орнуудад энхийг сахиулж байгаа дайчидтайгаа уулзахад тэд; Ийм сайхан энх амгалан, элбэг арвин, уудам дэлгэр, эвтэй найртай, элэг бүтэн, дайн дажингүй, өлсгөлөн гачлангүй улсын иргэн нь болсноороо бид хувь ерөөлтэй.
Манай эх орон үнэхээр иргэд нь аз жаргалтай сайхан орон шүү гэж хэлж байв. Иймд хүн бүр хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, дор бүрнээ хичээх хэрэгтэй гэж баярын энэ өдөр наадамчин олноосоо хүсье гэж Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх хэллээ.
Түрүү магнайд хурдалсан Мөнгөн хошуут зээрд соёолонг 11 настай О. Өсөхбаяр хүү унаж хурдлуулсан байна. Сэлэнгэ аймгийн алдарт уяач Д.Очирсүрэн 2018 оны Үндэсний их баяр наадмаар шүдлэн насны морин уралдаанд хурдан хүлгээ айрагдуулж байжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл