Бид нийгэм, эдийн засгийн ихэнх системээ баруунаас хуулсан. Харамсалтай нь ихэнх тохиолдолд түүнийхээ суурь философийг ойлголгүй монголчилжээ.
Ийнхүү суурь философио одоо болтол ойлгоогүй явж буй "хулхиний" нэгэн систем бол Нийгмийн Даатгалын систем юм.
1 сая төгрөгний цалинтай монгол иргэн сар бүр цалингийнхаа 10 хувийг орлогын татварт төлж буй. Энэ бол тэрхүү иргэний зүгээс багш, эмч, цагдаа нарынхаа цалинд зориулан төлж буй хувь нэмэр нь юм.
Үүн дээрээс нэмээд 10 хувийг нэмэгдсэн өртөгийн татвар нэрээр төлж буй. Таны худалдан авч буй бараа бүрт энэхүү татвар шингэсэн байдаг тул та эцсийн төлөгч нь юм.
За дээрээс нь бид ямар олон зүйл үйлдвэрлэх биш, гадаадаас орж ирж буй бараа бүрт гаалийн болон онцгой татвар нэмэгдэж байдаг. Тэрийг нь мөн л нөгөө иргэн л төлж таардаг.
Үүний дээр нэмээд сар бүр цалингийнхаа 21 хувийг Нийгмийн даатгал хэмээх "хулхиний" системд төлнө. За би яагаад хулхиний гэж нэрлээд байгаагаа одоо тайлбарлая.
Бид миний дээр бичсэнээр маш олон төрлийн "татварыг" татвар хэлбэрээр буюу улс орныхоо сайн сайхны төлөө тушаачихаж байгаа юм. Энэ бол таны үүрэг. Гүйцээ.
Харин "даатгал" бол татвар биш. Даатгалын суурь философи бол та хэзээ нэгэн цагт эргүүлж авна гэсэн ойлголт юм. Хүн төрлөхтөн өнөөг хүртэл ингэж л ойлгож ирсэн. Гэтэл Монголд л өөр. Даатгал бол татвар байж болох нь.
Учир юу вэ гэвэл 1 сая төгрөгний цалинтай хүн сар бүр 200 орчим мянган төгрөгийг нийгмийн даатгалд даатгал нэрээр төлж байна.
Тооцоо хийж үзэхэд хэрэв иргэн хүн энэ мөнгөө нийгмийн даатгалд биш хадгаламжинд сар бүр хийгээд явбал тэтгэвэрт гарах үедээ 1,300,000,000 төгрөгтэй болох юм байна. Ийм их мөнгөтэй, насны эцэст хангалуун байтугай баян амьдарч болохоор байтал яагаад сар бүр ердөө 300,000 төгрөгийн тэтгэвэр авч хэдхэн жил яваад нас эцэслэнэ гэж?
Энэ бол угтаа философийг нь ойлголгүй, хэт монголчилж, хулхидсан хулхиний Нийгмийн даатгалын тогтолцооны гай шүү дээ.
ЭХ СУРВАЛЖ: Ganzorig Ulziibayar
Сэтгэгдэл