Ард түмэн танаас айж байна, Ерөнхий сайд аа


У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдоод, эрх баригч хүчин МАН-ын даргаар сонгогдоод хоёр жил орчим болж байна. Тэрбээр Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараахан “Би намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн, эдийн засгаа хямралаас гаргаж, сэргээсэн, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлсэн, сахилга дэг журмыг тогтоосон, авлига хээл хахуультай хатуу тэмцсэн,буруутанд хариуцлага тооцож чаддаг Ерөнхий сайд байх болно. Би зорьсноо хийж, хэлснээ хэрэгжүүлдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна. Би ард түмэндээ худлаа амлаж, хуурдаггүй Ерөнхий сайд байхыг хүсч байна. Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна.  Ард түмэн ууртай байна.Улс орны маань нийгэм, эдийн засгийн байдал ч хүнд байна. Бид бүхэн үүнийг сайн мэдэж байгаа. Манай Засгийн газар дээрх алдаа дутагдлыг засаж, нийгмийн шударга ёсыг сэргээнэ.Мэргэшсэн төрийн албыг жинхэнэ утгаар нь бэхжүүлнэ. Сахилга хариуцлагыг чангатгаж, дэг журмыг тогтооно. Энэ цаг мөчөөс эхлэн Засгийн газрын бүх түвшинд, төрийн албаны бүх шатанд зөвхөн хууль дээдлэх зарчим, өндөр ёс суртахуун баримталж ажиллахыг би хатуу шаардана. Би амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан зүйлээс айж байна.Энэ бол ард түмний минь итгэл найдвар алдрахвий гэхээс би айж байна.” хэмээн онцолж байлаа. Түүний хэлсэн үг  үнэндээ нийгмийн “загатнасан газар маажих” шиг л сайхан сонсогдож байлаа. Харин эдүгээ хоёр жил орчмын хугацаанд хэлсэн үг, хийсэн үйлдэл нь алд дэлэм зөрсөөр сонгуулийн жилтэй золгох гэж байна.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаан УИХ-ын гишүүд албан тушаал, мэдээллийн давуу байдал, эрх мэдлээ ашиглан ЖДҮХС-аас хамаарал бүхий компаниудаа зохион байгуулалттай зээл авсан нь илчлэгдлээ. Гэхдээ  ХХАХҮ-ийн сайдын албан тушаалаас Б.Батзориг, ЗТХ-ын сайдаас Я.Содбаатар огцорсны эс тооцвол бусад төрийн түшээд ямар ч хариуцлага хүлээсэнгүй. Эдүгээ нэр бүхий 40 гишүүн ЖДҮХС-аас зээл авсан асуудалд холбогдсон гэх мэдээлэл байгаа. Өнгөрсөн хугацаанд У.Хүрэлсүхийн танхимд хэдэнтээ өөрчлөлт орж, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын даргаар сонгогдон,  ХХААХҮ-ийн, БСШУС-ын сайд тус бүр нэг удаа, ЗТХ-ын сайд гурвантаа чөлөөлөгдөн, дараагийн эрхмүүд томилигдоод байна.  Басхүү сөрөг хүчин АН-ын зөвлөл “аллагатай, хүчингийн хэрэгтэй, авлигатай, ёс зүйгүй парламент, Засгийн газар”  гэж дүгнэж байгаа. Учир нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ЗТХЯ-ны газрын дарга нар архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн, эрх баригч хүчнээс сонгогдсон гишүүн хүчингийн хэрэгт холбогдож, чөлөөлөгдсөн. Тиймээс эдүгээ парламент “элэг бүтэн” бус 75 гишүүнтэй, нэг суудлын орон гарсан хэвээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн төрсөн нутагт хамаарах Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт хоёронтаа нөхөн сонгууль зарласан ч ҮХЦ хууль зөрчилтэй гэж дүгнэснээс хойшлогдож, энэ парламент, орон гарсан суудалтай бүрэн эрхийн хугацаатай дуусгавар болгох нөхцөл бүрдээд байгаа билээ.

Өнөөдөр төрийн албан хаагч оймсондоо ам.долларыг боодлоор нь нууж, ажлын байр, гэрт нь хийсэн нэгжлэгээр нэг тэрбум төгрөгийн авлига авсан хэргийн бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаад байгаа. Гэвч МХЕГ-ын газрын дарга нарын авлигын хэрэг өнгөрсөн онд шүүхээр шийдвэрлэгдэж, тэрбум төгрөг авлигадсан нөхөр 400 сая төгрөгөөр шийтгүүлээд өнгөрсөн нь  аагим зуны энэ өдрүүдэд нийгмийн хилэнг улам шатааж байна.

 

Нийгэм хилэгнэхээс ч аргагүй. Эдийн засаг хямралтай, иргэд цалингаараа амьдралаа залгуулж, банкны зээлээ чардайн төлж явахад төрийн албан хаагч оймсондоо хахуулын ам.доллараа хавчуулаад явж байна. Юун, төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлага ярих. Атал авлигачин нөхөр  уучлал гуйхын оронд “Шийтгэлээ хүлээсэн намайг дахин хэлмэгдүүллээ” гээд хэвлэл хээв нэг ярилцлага өгчээ. Төрийн нэр хүндийг оймстой хутгасан тэр этгээд үйлдсэн хэрэгтээ гэмших наад захын ёс суртахууны нэгэн байсан бололтой. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди нэгэнтээ  "Төрд зүтгэж буй хэн боловч төгс сайн мэдлэггүй ч төгөлдөр сайн ёс суртахуунтай байх ёстой" гэж титэмлэснийг төрийн албан хаагч бүрийн өрөөнд өлгөмөөр.

Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх таны томилогдохдоо хэлсэн, уриа лоозон мэт хэрэгжүүлэх төрийн албаны ёс зүй, нийгэмд шударга ёс тогтоох зорилго хаана хүрээд салхинд хийчих вэ? Өнөөдөр та ард түмнээс биш ард түмэн танаас, Ардын намаас айж байна, Ерөнхий сайд аа. Амлалтаа хэрэгжүүлдэггүй юм гэхэд, айдас хүйдэсгүй, амгалан тайван ирэх сонгуулийн жилийг угтахыг ард түмэн хүсэл болоод байна. 

Н.Энхбат

ЭХ СУРВАЛЖ: SHUUD.MN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.