Монголчууд харанхуй бүдүүлэг тул ятгаж байгаад пуужингаа байршуулж магадгүй гэв


АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эспер нь Америкийг ойрын хугацаанд дундын зайн тусгалтай баллистик пуужингаа БНХАУ-д аль болох ойртуулан байршуулах сонирхолтой байгаа тухайгаа мэдэгдсэн. Энэ мэдэгдэл дэлхийн нийт, түүний дотор БНХАУ-ын эрх баригчдын анхаарлыг хамгийн ихээр татсан. Тиймдээ ч тэр даруй хариу мэдэгдэл хийж Америкийн пуужинг нутаг дээрээ байршуулсан улсын үндэсний аюулгүй байдалд аюул учирч магадгүй шүү гэдгийг сануулсан. Цөмийн цэнэгт хошуу тээх чадвартай пуужин байрлуулах тухай яригдаж байгаа болохоор ингэхээс ч өөр аргагүй биз.

Иймд Америк нь Азийн ямар улсад дундын зайн баллистик пуужингаа байршуулах талаар янз бүрийн таамаг явж байна. Хавайн арлуудаас эхлээд Өмнөд Солонгос, Япон, Австрали, Филиппин, Тайвань гээд олон нэр гарч байгаа.

Америкийн пуужинг байрлуулна гэдэг болзошгүй дайнд хамгийн түрүүнд цөмийн цохилтод өртөх бай болно гэсэн үгээс гадна эдийн засаг, цэргийн хүчээр өдөр ирэх тусам хүчирхэгжиж байгаа БНХАУ-тай түнжин хагарахыг хэн ч хүсэхгүй байна.

Гэтэл пуужин байршуулж, Хятадын цөмийн цохилтын бай болж магадгүй орнуудын дунд манай улсын нэр ч гарчээ. Оросын "царьград.тв” сайт дээр Америкчууд Монголд пуужингаа байршуулж тун магадгүй тухай эргэцүүлснийг орчуулан хүргэж байна.

Царьград.тв: АНУ нь Монголын нутагт пуужингаа байршуулахаар зэхэж байгаа юу?

Александр Покровский

Америкчууд Дунд ба ойрын тусгалтай пуужинг хориглох тухай гэрээнээс гарсан даруйдаа Пентагон нь пуужингуудаа Азид байршуулахаа амлаад авлаа. Энэ санаархалд нь Хятад уур түгшүүрээр дүүрэн хариу өгсөн. Ингэхээ ч өөр аргагүй бололтой...

"Комсомольская правда”-ийн цэргийн тоймч Виктор Баранец нь Вашингтоны Дунд ба ойрын зайн тусгалтай пуужингийн гэрээнээс гарсны дараа бий болсон цэрэг улс төрийн нөхцөл байдлыг манай сайтад зориулан тайлбарлахдаа "Бирдхэний уяа нь алдуурсан тул хаа хамаагүй давхиад эхэллээ” гэж байна.

Үнэхээр ч тийм бололтой. АНУ-ын хийсэн үйлдлийн дараагаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэд хэдэн чухал тушаал гаргалаа. Нэгдүгээрт, "Калибр” пуужинг газарт буулга гэсэн. Өөрөөр хэлбэл тэнгисийн байршил бүхий үхлийн аюултай эдгээр пуужинг газар байршуулдаг болгох.

Хоёрдугаарт, АНУ-ын бүх үйлдэлд адил хариу барих, түүний дотор Орост байгаа Х-101, "Кинжал”, "Калибр”, "Циркон” гэсэн пуужингуудыг ашиглан найдвартай хариу барих боломжийг хангах.

Гуравдугаарт нь, америкчуудыг дундын зайн пуужингуудаа байршуулж эхэлбэл өөрийн адил пуужинг байршуулж эхлэхийг тушаасан. Гэхдээ Путин тушаалаа "Америкт үйлдвэрлэсэн ойрын ба дундын зайн тусгалтай пуужинг байршуулах бүс нутагт, ийм араг хэмжээ эхлэх хүртэл” газрын байршилтай системүүдээ байршуулахгүй гэсэн дипломат маягийн баталгаа өгсөн нь мэдээж. Ялангуяа, балмагдаад яахаа мэдэхгүй болсон Европт.

Европчуудын хувьд Орос улс нь нэг талаас соёлжсон, угаасаа "өөрийн болсон” дайсан. Тиймээс Дундын ба ойрын зайн тусгалтай пуужинг хориглох гэрээг зогсоосны бурууг Вашингтонтой дуу дуугаа авалцан Москваг буруутгаж байгаа. Нөгөө талаас, америкчууд Европт пуужингаа байршуулаад эхэлбэл одоогийн Москва нь ямар ч эргэлзээгүйгээр пуужингаа тэдний байршил руу онилно.

Виктор Баранецийн хэлсэнчлэн "Хэрэв америкчууд Европт энд тэндгүй дунд ба ойрын зайн тусгалтай пуужингаа зоогоод эхэлвэл Оросын зэвсэгт хүчний дайны үед ашиглах газрын зураг дээр тэр бүх байршлуудыг дугуйлаад эхлэх нь зүйн хэрэг гэдгийг европчууд сайн ойлгож байгаа”.

Ийм учраас тэндэхийн улстөрчид аман дээрээ Москваг муулаад, цаагуураа зэвсгээ байршуулахаа азнаач гэж Вашигнтоноос чимээгүйхэн гуйгаад янз бүр болоод яваа.

Хятадын уур хилэн ба түгшүүр

Гэхдээ бодит байдал дээр Вашингтон бол тийм ч бат бөх цайз биш. Оросоос эмээж байгаа нь илэрхий тул нэрмээс болгоод европчуудын гонгиноо ба Москвагийн хариу аюул дээр толгойгоо гашилгахыг хүсэхгүй байгаа юм. Тэгээд ч АНУ-ыг нэр гарсан гэрээнээс гарах болсон гол зорилгын нэг нь Хятадыг чичих явдал байв. Вашингтоны бодлоор Хятадад дундын зайн тусгалтай хэт олон пуужинтай болсон атал зэвсэглэлийг хязгаарлах ямар ч гэрээний оролцогч  биш тул хориглож саад хийх боломжгүй байгаа юм.

Үүнээс үүдээд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер нь Азийн бүс нутагт дундын зайн тусгалтай пуужингаа байршуулах боломжийг Пентагон хайж байгаа талаар ил тод зарласан. Ингэвэл Дунд ба ойрын зайн тусгалтай пуужинг хориглох хоёр дахь гэрээнд БНХАУ-ын татан оролцуулаад, гурван улсыг хамруулж болно гэж тооцож л дээ.

Харин Бээжин энэ тооцоотой нь санал үл нийлсэн, түүнээ ч нуугаагүй.

БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Зэвсэглэл ба зэвсэглэлийг хязгаарлах асуудал хариуцсан департаментын захирал Фун Цун "Хятадын цөмийн зэвсгийн потенциалын 80 хувь нь дундын зайн тусгалтай пуужин гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ бол эдгээр пуужин АНУ-ын эх газарт хүрч чадахгүй гэсэн ганц л утгатай. Ийм ч учраас Америк нь дурдагдсан баримтаас хамгийн бага айдаг баймаар биз дээ?” гэж зүй ёсоор асуусан. Цаашлаад "АНУ нь тив алгасан нисэгч хэдэн мянган пуужинтай атлаа нутагт нь хүрч чадахгүй хэдхэн пуужинд санаа зовж байдаг. Логик хаана байна? Би ямар ч логик олж харахгүй байгаа тул энэ бүхэн нь Америкийн талын гаргаж ирсэн шалтаг төдий зүйл” гэжээ.

Үүний үр дүнд дэлхий нийт урьд хожид үзэгдээгүй сонин зүйлийн гэрч болсон. Юу вэ гэхээр, одоогийнхтой адил ээдрээ үүсэхэд фэн-шүйн дагуу таг дуугүй өнгөрдөг Бээжин энэ удаад Оростой санал нэг байгаагаа ил тод бүр, дайчин илэрхийлсэн. Харин Америкт хандаад "АНУ-ыг хуурай газар байрлалтай дунд зайн пуужингаа дэлхийн энэ хэсэгт байршуулж эхэлвэл Хятад дуугүй хараад зогсохгүй харин хариу арга хэмжээ авна” гэж сануулаад авсан.

Хариу цохилтын бай болгож Америк хэнийг сонгох вэ?

Фу Цун нь "Карибын хямралын оролцогч орны иргэдийн хувьд америкчууд нь БНХАУ-ын бөөрөнд америк пуужин байршуулах талаар яригдахад Хятадад ямар байгааг ойлгож байх ёстой” гэж хэлэхдээ АНУ-ын түүхэн айдсыг хэлсэн үү эсвэл түүх давтагдаж магадгүйг битүү сануулсан уу гэдэг нь ойлгомжгүй үлдлээ. Тэгэхээр Хятадууд хариу болгоод дундын зайн тусгалтай пуужингаа АНУ-ын эргийн ойролцоо хаа нэгтээ байршуулах эсэх нь (энд бол Кубагаас өөр байршуулах газар ч байхгүй; Никарагуа эсвэл Венесуэлийн битүү ширэнгэн ой л юу юм гэхээс) тодорхойгүй байна.

Гэвч, хэдий хачин санагдаж болох ч америкчуудад ч дундын зайн тусгалтай пуужингаа байршуулах газрын сонголтоор тийм арвин биш юм. Ийм зэвсгийн Хятадын бөөрөнд байршуулахын тулд юу шаардлагатай вэ? Нэгдүгээрт, тухайн улс ба АНУ-ын хооронд холбоотны харилцаатай байх. Хоёрдугаарт, тухайн улс ба БНХАУ-ын хооронд тодорхой зөрөлдөөнтэй байх. Гуравдугаарт, улс төрийн харьцангуй тогтвортой дэглэмтэй, үүнээс үүдээд Азийн хамгийн хүчирхэг гүрэнтэй сөргөлдөхөд татагдан орлоо гэхэд ямар байр суурь баримтлах нь илэрхий байх ёстой. Гурав хагас нөхцөл нь Хятадыг Орос илэрхий дэмжих бөгөөд Оросын дэмжлэг нь сүүлийн жилүүдэд тун ч үр нөлөөтэй, найз нарыг нь гомдоосон улсад тун ч эвгүй байдаг болсон. Харин эцэст нь, тухайн улс нь БНХАУ-ын эдийн засаг ба улс төрийн төвүүдээс 2-5 мянган км-ийн радиустай газар байх ёстой.

Энэ бүх объектив хязгаарлалтуудыг нэгтгээд харахаар сонголт цөөн үлдэнэ. Гуам арал дээр АНУ-ын мэдлийн газар нутгийг авч үзэхгүй. Учир нь, хэт илэрхий тэгээд ч Шанхай хүртэл 3000 км, Бээжин хүртэл 4000 км тул АНУ-ын хувьд дэндүү дотно. Гэхдээ ингэвэл энэ арал нь шууд л илэрхий бай болж хувирах нь өөрийгөө золиосолж сураагүй, боломж гарвал өөр хэн нэгнээр тахил өргөдөг америкчуудад тохирохгүй.

Дурдагдсан шалгууруудын хувьд Япон нь Америкийн пуужинг байршуулахад тохиромжтой гэж санагдаж болно. Гэвч тэнд цөмийн зэвсэггүй гэсэн зарчим үйлчилдэг. Цөмийн зэвсэгтэй болох, оруулж ирэхийг хориглодог. АНУ-ын 7 дугаар флотын усан онгоц дотор цөмийн цэнэгт хошуу байрлах бол өөр хэрэг, бүгдэд ойлгомжтойн дээр зарчмаа зөрчөөгүй. Харин цөмийн пуужин нь ил цагаан газар дээр нь байрших гэдэг огт өөр зүйл. Тэгвэл Хятад шиг улсын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхгүй байлдах нь утгагүй. Америкийн Батлан хамгаалахын сайд юу гэж амлах нь хамаагүй.

Өмнөд Солонгос яах бол? Бас л байж болно. Тэгээд ч тэнд маш олон хүн АНУ-тай найз гэдгээрээ онгирдог. Гэвч Сөүл нь нөгөө талаас Хятадын зах зээлээс ихээхэн хамааралтай тул Вашингтон яаж ч тууштай хүслээ гээд үгүй л гэх байх. Ядаж байхад Америкийн пуужин байршуулаад эхлэхээр тэнэг юм шиг инээгээд зогсохгүй Хойд Солонгос гэж улс хажууд нь байна. Пеньянтай холбоотой нөхцөл байдлыг үзэгдэл төдий залруулаад байгаа Сөүлд БНАСАУ-тай зэвсэгт мөргөлдөөн хийх эрсдэлд орох хэрэг байна уу?

Бүс нутагт АНУ-тай тэгтэл нягт холбоотой өөр улс байхгүй. Филиппин, Индонези, Малайз, Тайланд, Мьянмар? Бүгд л Хятадтай холбоотой асуудалд ордог ч Америкийн ашиг сонирхлын төлөө дайтахад бэлэн гэвэл бодит байдал нийцэхгүй л болов уу. Одоогийн Пакситан бол Вашингтоных гэхээс илүүтэйгээр Бээжингийн холбоотон. Энэтхэг нь Хятадтай холбоотой ноцтой асуудалтай хэдий ч геополитикийн ерөнхий байр суурьнаас аваад үзвэл гуравдагч орны эсрэг чиглэсэн Америкийн зэвсгийг нутагтаа байршуулахыг зөвшөөрөхгүй.

Тэгвэл ямар улс үлдэж байна? Тийм ээ, Тайвань. Вашингтоны цэрэг улс төрийн тун ч богино уяанд оосорлуулсан хүлээн зөвшөөрөгдөөгүй улс. Эх газрын Хятадтай хүйтэн хэдий ч дуусах янзгүй дайны байдалтай. Яг л Өмнөд ба Хойд Солонгосын хоорондохтой адил.

Гэвч Тайвань дэндүү ойр. Хоёр зуун километрийн зай гэж тооцох ч хэрэггүй. Дайн болбол Хятадын арми тэндэх пуужингийн бүх байршлыг ганц минутын дотор л устгана. Эрсдэл өндөр.

Тэгвэл арай Монгол юм биш биз?

Энэ бүх нөхцөлд өнгөц харахад байж боломгүй мэт санагдах нэг хувилбар АНУ-ын хувьд хамгийн ашигтай болж таарч байгаа юм. Тэр нь Монгол.

Ер нь хэний хувьд байж боломгүй юм бэ? АНУ-ын хувьд бол харин ч дээд зэргийн боломжтой. Энд байршуулсан дундын зайн тусгалтай пуужингууд Хятад, Орос гэсэн АНУ-ын хоёр дайсны газар нутгийг гайхамшигтай сайхнаар бүчин авна. Мурманск, Анадырь ч хүрнэ. Энэ улсын газар орны байдал нь дундын зайн тусгалтай пуужингийн ганц хоёр харвах төхөөрөмжийг яагаад ч олохооргүй сайхан нуух боломжийг олгох болно.

Ер нь тэгээд газар нутаг нь том, хүн ам цөөнтэй. Хүн ам нь хөгжиж, боловсорч гавиагүй, сэтгэлгээгээрээ дундад зууны нүүдэлчид. Ний нуугүй хэлэхэд феодализмаас социализм руу хийсэн үсрэлт бүтээгүй. Ингэж бодвол нэг том зарчмын давуу тал гараад ирж байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр олон нийтийн ил тод эсэргүүцлээс эмээх хэрэггүй, цөөн тооны элитүүдтэй тун ч үр өгөөжтэй хамтран ажиллах боломжтой. АНУ-д ийм зүйлд хүрэх мөнгө хангалттай бий. Тэгээд ч Монголын элитүүд 1991 оноос хойш илэрхий барууны талыг баримталсан байр суурийг тууштай мөрдөж байгаа. Тэр бүү хэл Улаанбаатар нь Монголын хувьд гарцаагүй байх ёстой гэж санагддаг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсэхээс олон жилийн турш зайлсхийж байгаа.

Яах вэ, Хятадаас бараг бүх талаар хамааралтай байж болно. Гэвч, нөгөө талаас энэ хоёр улсын хооронд газар нутгийн эрт дээр үеэс улбаатай зөрчилдөөн бий. Оростой найрамдалтай харилцаатай тухай дурсамж яах вэ? Больж үз! Түүнийг чинь Чингис хааны тахин шүтэх үзэл сайхан баллаж байгаа. Тэр бүх үгүй болгосон. Залуу үеийн монголчуудын дунд "Оросын эзэлсэн газара нутгийн тухай элдэв яриа дэмий нэг гарч ирээгүй байх. Улс төрийн суртал ухуулгаар Украйны орос хүн амыг арав хорьхон жилийн дотор Оросыг үзэн ядагч, тархиа угаалгасан масс болгон хувиргаж чадсан юм бол улс төрийн хэнээтэй хэдхэн мянган монголчуудыг сэнхрүүлэх бол алга эргүүлэхийн зуур.

Иймд ойрын хэдэн жил Монгол дахь үзэл суртал ба улс төрийн шилжилт хөдөлгөөний талаар анхааралтай ажиглах нь зүйтэй. Юмыг яаж мэдэх вэ...

Эцэст нь хэлэхэд долдугаар сарын сүүлээр Вашингтоноос тун ч гайхалтай мэдээ дуулдсан шүү дээ. Тэнд Ерөнхийлөгч Трамп Монголын Ерөнхийлөгч Халтмаагиийн Баттулгатай хэлэлцээ хийж гэнэ. Цагаан ордноос ирж байгаа мэдээнээс үзвэл хэлэлцээний гол сэдэв нь "Трампын захиргааны төлөөлөгчид Монголын гадаад худалдааг олон эх сурвалжит болгоход нь туслах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн” юм гэнэ.

Урьд хожид үзэгдээгүй өглөгч зан шүү! Албани эсвэл Буркина -Фасо улстай адил ДНБ-тэй, эдийн засаг нь дэлхийд 120-130 хавьцаа явдаг улсын гадаад худалдааг олон эх сурвалжтай болгоход дэлхийд хоёрдугаарт ордог том эдийн засаг сонирхож байгааг өөр юугаар ч тайлбарлах аргагүй юм.

Гэвч янки нарын өглөгч зан нь Монголын Ерөнхийлөгч Трампын хүү Бэрронд морь бэлэглэсний хариу биш юм. Хамаг учир "Трамп ба Баттулга хоёр батлан хамгаалах ба аюулгүй байдлын асуудлуудаар хэлэлцлээ” гэсэн ганцхан өгүүлбэрт байгаа бололтой. Монгол шиг газар зүйн сайхан байршилтай АНУ-гүйгээр улс батлан хамгаалах салбараа байгуулна гэдэг чинь юу гэсэн үг байх вэ.

Ядаж байхад Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх ядаргаатай Жон Болтон саяхан Улаанбаатараар дайраад явсан. Энэ нөхөр ч энх тайванд учиргүй хайртай ... америк маягаар хайртай гэдгээрээ зартай хүн.

Б.Гарьд

Эх сурвалж: newspress.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.