Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр хэр удаан хорших бол....


Өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд оролцож ҮХ-ийн нэмэлт өөрчлөлтийн талаар санал бодлоо солилцсон. Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл, санал болон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх ажлын хэсгийг байгуулах тогтоолын төслийг баталсан. Энэхүү ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ахлах бол орлогч даргаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажиллахаар болсон тухайг бид мэдээлж байсан.

Тиймээс л өчигдөр Ерөнхийлөгч МАН-ын бүлгийн хуралд орсон гэсэн үг. Хэдийгээр тэд хоршиж байгаа ч зөвшил нь хэр үр дүнтэй байх бол. Нэгэн үе Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрыг хамтрагчид хэмээн их л шуугьсан ч төд удалгүй тэдний харьцаа муудсан тухайг улстөрийн хүрээнийхэн жиг жуг хийлцэж байсан удаатай. Үнэндээ “эхнэр нөхөр байтугай эрүү толгой ч салж л байдаг” гэгчээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын энэ удаагийн хоршил асар их ашиг сонирхол, бодлогын дор салж, нийлдэг гэдгийг тэдний олон ч үйлдэл харуулсан.

М.Энхбодлдыг УИХ-ын даргын суудлаас түлхэхийн тулд хамтарч байсан тэд УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн дуулианаар хэсэг буруу харалцсан. Харин одоо яах бол буруу харсан чигээрээ эсрэгцэн харж суух уу эсвэл бүр бүтэн эргэж өөд өөдөөсөө хараад, гар барилцах уу. Мэдээж Ерөнхий сайд ирэх оны сонгуульд намаа толгойлж оролцоно. Ингэхдээ өмнөх амжилтаас ухраавал шившиг болох нь гарцаагүй. Үүний тулд МАН парламентад олонх байх үедээ олон жил “салхи оруулаагүй” Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийсэн гавьяаг дурдах байв.

Харамсалтай нь хоёрдугаар хэлэлцүүлгийн өмнө Ерөнхийлөгч “ах” нь хуруу, гараа дүрээд зүгээр суулгахаа болих нь. Нөгөө талд Ерөнхийлөгч ч мөн ард түмнээ бодон байж газрын баялгаа бас болоогүй шүүх засаглалтай холбоотой заалтуудад өөрчлөлт оруулах ёстой хэмээн лүндэндчихлээ. Мэдээж газрын баялагтай холбоотой хэсэг нь олон нийтэд таалагдана. Харин шүүх засаглал, парламентын гишүүдийн тоог нэмэх зэрэг заалт нь яах л бол. Тэгэхээр тэдний хоршил ердөө л цаг хугацааны хувьд хэрхэн тохироо хийхээс шалтгаалах болох ч магадгүй ҮХ-ийн нэмэлт өөрчлөлтийн дараа тэд бүр мөсөн тангараг тасрахыг ч үгүйсгэх аргагүй билээ.

Б.Отгонзаяа

Эх сурвалж: erennews.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.