Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар зэрэг хууль хяналтын байгууллагууд хамтарсан Ажлын хэсэг энэ сарын 22-ны өдрөөс Хүдэр, Ерөө сумын нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд, бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй иргэд, нөхөрлөл, хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.
Хяналт шалгалтад бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй 7 нөхөрлөл, 3 иргэн, тусгай зөвшөөрөлтэй 10 аж ахуйн нэгжийг хамрагдсан бөгөөд гэрээгээр заасан талбайгаас өөр газарт дураараа байршил тогтоож ухсан, талбайг хэтрүүлсэн, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг хэтрүүлсэн, ус ашиглах гэрээ, зөвшөөрөлгүй, төлбөр төлдөггүй, нөхөн сэргээлт хийдэггүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Түүнчлэн АМГТГ-ын дүгнэлтгүйгээр сумын Засаг дарга гэрээ байгуулсан, бичил уурхайгаар ажиллах талбайг сум орон нутгаас зааж өгөөгүй, бичиг баримт дутуу байхад тойрох хуудас олгосон зэргээр орон нутгийн хяналт сул байгаагаас нөхөн сэргээлт орхигдож байгаль орчин бохирдох эрсдэлийг үүсгээд байна.
Мөн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийн хэрэгжилт хангалтгүй, “Капитал авто сервис” ХХК нь усны сан бүхий газарт хууль бусаар олборлолт явуулсан зэрэг зөрчлүүд илэрчээ.
Хяналт шалгалтын явцад ашигт малтмал олборлогчид техник тоног төхөөрөмж, техник хэрэгслүүдийг овоолго карьер, модонд нуун далдлах, эд ангийг нь салгаж авах зэргээр хүндрэл учруулж байгаа бөгөөд нуусан 6 экскаваторын эд ангиудыг хураан авч, бага оврын угаах төхөөрөмж 5 ширхэг, скруббер 2 ширхэг, гэр 15 ширхэг, өөрөө ачигч ковш 2 ширхэг, “ЗИЛ131” авто машин 1 ширхэг, шатахуун түгээх цистерн 1 ширхэг портер машин 1 ширхэг, ачааны Хово машин 1 ширхэгийг албадан буулгаж түр саатуулан Бугант тосгоны ажлын хэсэгт хүлээлгэж өгөөд байна. Мөн уул уурхайн олборлолтын үйл ажиллагааг нь зогсоож, нөхөн сэргээлт хийх үүрэг өгсөн байна.
Сэтгэгдэл