Хууль зүйн яамны өргөтгөлийг барьсан 30 тэрбумаар 10 гаруй цэцэрлэг босгож болох байв


 

Хууль зүйн яамны өргөтгөлийг барьсан 30 тэрбумаар 10 гаруй цэцэрлэг босгож болох байв

 

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд манай төрийн байгууллагууд барилгаа шинэчилж, шил толь болсон оффисуудад нүүж орсон нь түгээмэл байсан бол нөгөө талд сурагчид нэг ангид 50-н хэдүүлээ чихцэлдэж, сугалаагаар аз дутсан багачууд гэртээ цоожлуулж хоног өдрийг барсаар байна.

Шүүх, цагдаа, прокурор, АТГ зэрэг хууль хяналтын байгууллагаас эхлээд яамд, хотын захиргаа, дүүргүүд гэх мэтээр ихэнх төрийн байгууллага өндөр сүрлэг байшингуудад нүүж оров. Ядаж л өргөтгөл хэмээн үндсэн байрнаасаа том байгууламжийг бүтээн босгож, тухалсан байдаг. Хамгийн хачирхалтай нь албан хаагчдын дээрх тухлаг орд харшууд маш богино хугацаанд сүндэрлэчихдэг нь сонин.

Төр иргэн бүртээ хүрч үйлчлэхийн тулд тохилог, том сууц сав хамгийн их "хэрэгтэй” байсан бололтой. Төрийн ордны зүүн хойд уулзвараас Улаанбаатар банкны хойд уулзвар хүртэл ганц км орчим газар алхахад замын урд талд Төрийн тусгай албан хаагчдын долоон давхар нэгдсэн эмнэлэг, Цагдаагийн ерөнхий газрын зургаан давхар байр, Прокурорын ерөнхий газрын дөрвөн давхар, саарал хавтангаар бүрсэн шилэн барилга нүдэнд тусна. Хэрэв замын эсрэг тал руу харвал Сангийн яамны шинэ сүрлэг байр, Татварын ерөнхий газрын есөн давхар байшин зэргээр харж болно. Бараг л нэг цэгээс энэ бүхнийг тольдох боломжтой. Үүнээс гадна нийслэлийн болон дүүргүүдийн шинэ барилгуудыг дурдаж болно. Эдгээр барилга байгууламжуудын төсөв хэдэн зуун тэрбум төгрөгөөр хэмжигдэхээр байна. Одоогоос 20 орчим жилийн өмнө буюу ханш өнөөгийнхөөс хэд дахин сул байх үед тухайн үеийн барилгууд гурваас дээш тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар босч байжээ. Тухайлбал, Татварын ерөнхий газрын байр тухайн үедээ 3 тэрбум 750 гаруй сая төгрөгийн төсөвт өртөгтэй боссон байна.

Сүүлийн үед цагдаа, хууль хяналтын байгууллагын барилгуудын бүтээн байгуулалтууд тун сайн явагдаж байна. Хэдхэн жилийн өмнө Шүүхийн ерөнхий зөвлөл Тасганы овооны зүүн хойд энгэрт шинэ байртай болов. Өнгөрсөн жил Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба шинэ байрны нээлтээ сүр дуулиантай хийлээ. Нийт есөн давхар, 6800 гаруй метр квадрат талбайтай уг барилгын тоног төхөөрөмж, тавилгад нэг тэрбум орчим төгрөг зарцуулсан гээд бодохоор чамгүй өртөгтэй нь харагдана. Одоо хамгийн их хэл аманд өртөж байгаа нь Хууль зүйн яамны өргөтгөл барилга юм. Арав гаруй давхар уг барилгыг 30 гаруй тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр босгож буй гэх.

Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн зургаан давхар барилга нийслэлийн А зэрэглэлийн бүсэд чихцэлдэн сүндэрлэж байна. Түүний хажууханд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар 16 давхар бүхий оффисын барилгыг "Асар өргөө” компани гүйцэтгэж буй. Анх байгуулсан концессын гэрээнд нийт 12150 метр квадрат талбай бүхий барилгын 4114 метр квадрат талбайг үнэ төлбөргүйгээр нийслэлийн өмчид шилжүүлэн, үлдсэн талбайг өмчлөн ашиглахаар тусгасан байдаг. Уг нь Сүхбаатар дүүрэг 2014 онд шинэ байранд орсон түүхтэй. Одоогийн барилга ашиглалтад орсноор хэнийгээ шингээх юм бүү мэд.

Ер нь автомашины түгжрэл нэмэгдэж иргэдийг бухимдуулж байгаа нь хэт төвлөрлөөс үүдэлтэй. Гэтэл төрийн байгууллагууд нь хотын А зэрэглэл дэх алга дарам газраа улам бүрт шавж, хэдэн арван давхараар нь оффис босгоод дүүргэв. Ингэхдээ олон нийтэд үйлчлэх ёстой гэдгийг мартдаг бололтой. Учир нь төрийн байгууллагуудын гадна автомашин байршуулах зогсоол бараг алга. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Байгаль орчин аялал жуулчлалын яамны гадна иргэдэд зориулсан авто зогсоол бараг алга. Зарим нь төлбөртэй. Сайд дарга нарын автомашины зогсоолыг гинж татаж "хамгаалжээ”.

Төрийн байгууллагууд цоо шинэ орд харшид орж төвхнөж байхад сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй хэвээр байна. Цэцэрлэгийн хүртээмжгүй байдлаас хамаарч 2015 оноос сугалаагаар хамруулах болсон. Өнөөгийн байдлаар гурван цэцэрлэг тутмын нэгийн бүлгийн өрөөний зай талбай нь хүүхэд чөлөөтэй тоглоход хангалтгүй, нэг бүлэг дунджаар 42, хот суурин газар 50 хүүхэдтэй хичээллэж байгааг хүүхдийн эрхийн нөхцөл байдлыг үнэлсэн тайлан мэдээнд дурджээ. Хамрагдсан нь нэг өрөөнд чихцэлдэн "хүмүүжиж” байхад аз дайраагүй нь гэрийн мухар сахиж байна. Тодруулбал, улсын хэмжээнд 3-5 насны хүүхдийн 68 хувь, орон нутагт 57 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна. Ялангуяа, алслагдсан орон нутаг, дүүргийн хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт тун бага хувьтай байгаа юм. Энэ бүхнээс хамаарч Ерөнхий боловсролын сургуульд элсэж буй хүүхдүүдийн 35 орчим хувь нь цэцэрлэгт явж байгаагүй хүүхдүүд байгаа юм.

Нийслэлд төрийн өмчийн сургуульгүй 40 гаруй хороо, төрийн өмчийн цэцэрлэггүй 40 орчим хороо байна. Энэ хүртээмжгүй байдлаас хамаарч Улаанбаатар хотод хамгийн өндөр буюу нэг анги дунджаар 40, бага анги 50 сурагчтай, гурван ээлжээр хичээллэж байгаа аж. Ийн гурван ээлжээр хичээллэснээр сүүлийн ээлж 20:00 цагт тарах асуудал ч гарч байгаа юм. Ер нь гурван ээлжээр хичээллэж байгаа ангийн 85 хувь нь бага анги байна. Энэ бүхнээс бидний ирээдүй болсон бага балчир хүүхдүүд түрэн орж ирж, эрдмийн аянд мордож байхад улс орон нь хичээллэх анги танхим, сургуулийг нь бэлтгэж амжихгүй байгааг харж болно.

Төрийн байгууллагууд үнэхээр шинэ оффис, тохитой байргүй бол ажиллаж чадахгүй болчихсон уу. Хэрэв энэ олон төрийн оффисуудад зарцуулсан хөрөнгө оруулалтыг сургууль, цэцэрлэг рүү шилжүүлсэн бол хэчнээн олон хүүхдийн ирээдүйг гэрэлтүүлэх байсан бэ. Нэг цэцэрлэгийн төсөв дунджаар 1.5-2 тэрбум төгрөг гэж яригддаг юм билээ. Харин нэг сургууль 5-6 тэрбум төгрөгт босдог гэдэг. Хэрэв Хууль зүйн яамны өргөтгөлийн оронд боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийсэн бол 5-6 сургууль, эсвэл 10 гаруй цэцэрлэг босгох байжээ. Мөн 97 тэрбум төгрөгөөр босч буй хотын захиргааны шинэ барилгын төсвийг бяцхан багачуудад зориулсан бол 40 гаруй цэцэрлэг, 15-16 сургуулийн үүд хаалга нээгдэх боломжтой байв. Энэ мэтээр цааш хөвөрвөл бид хүүхэд багачуудаа аль хэдийнэ сургууль, цэцэрлэгээр бүрэн хамруулчих дүр зураг бууж байна.

Г.БАТЗОРИГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Өдрийн сонин



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.