Д.Норжмаа: “Жем Интернэшнл” бол Үндэсний сурын спортыг дэмжигч анхдагч байгууллага


Д.Норжмаа: “Жем Интернэшнл” бол Үндэсний сурын спортыг дэмжигч анхдагч байгууллага

 

"Алдар Жем” багийн дасгалжуулагч, Монгол Улсын Даян мэргэн, ОУ-ын хэмжээний мастер Увс аймгийн Тэс сумын харьяат Дамирангийн Норжмаатай ярилцлаа.

-Сайхан намаржиж байна уу? 2019 оны үндэсний сурын отгон харваа буюу “Отго” харваа болж өндөрлөлөө шүү дээ.  Таны хувьд энэ жил улсын их баяр наадамдаа болон отго харваанд ямар амжилттай оролцсон бэ?

Сайн байцгаана уу? Өнгөрсөн жил улсын их баяр наадамдаа амжилттай оролцож цолоо ахиулж байсан. Энэ жилийн наадмын өглөө нум маань эвдрээд амжилтгүй өндөрлөсөн. Харин  2019 оны Улсын отго харваанд 30 гаруй байгууллагын 480 харваач оролцсон. Эмэгтэй харваачдаас 36 оноогоор би түрүүлж алтан медаль хүртлээ. Эрэгтэй харваачдад манай “Алдар Жем” багийн спортын мастер Н.Алтантулга 2-р байр эзэлж мөнгөн медаль хүртээд байна.

-Улсын отго харваандаа маш амжилттай оролцжээ. Та анх сур харвааны спорттой хэрхэн холбогдож байв?

Би анх 1998 онд нум сум барьж байлаа. Тэр цагаас хойш 20 гаруй жил тасралтгүй хичээллэж  байна. Манай гэр бүлд харваач хүн байхгүй. Надтай хамт ажиллаж байсан багш маань  санал тавихад нь сурын талбай дээр очиж харваж үзэж байсан. Сонирхолтой санагдаж, тууштай нэг жил хичээллэсний дараа “Спортын мастер”-ын болзол хангасан нь миний анхны амжилт. Амжилтын үндэс суурь нь  нум  сум, байнгын бэлтгэл сургуулилт юм. Харваач хүн чанар, хийц, хадгалалт, ашиглалтаасаа хамаараад нэг нумаар хэдэн ч жил харваж болно. 30,40 жил нэг нумаараа харвасан хүн ч олон байдаг. Миний хувьд Монгол  Улсын даяар дуурсах мэргэн Ж. Баттөмөрийн урласан  нумаар сүүлийн найман жил харваж байна. Намайг анх түрүүлж МУ-ын мэргэн цол хүртэхэд Ж.Баттөмөр мэргэн хоёр дахь удаагаа түрүүлж тэр үеийнхээр бол Хошой мэргэн цол хүртэж байсан. Хамтдаа түрүүлж сайхан цол хүтсэний бэлэг болгож сайхан нум хийж өгсөн нь надад олон  амжилтыг авчирсан

-Харваачид жилдээ хэд орчим тэмцээн, уралдаанд сум татдаг вэ?

-Монголын үндэсний харваачдын холбооноос жилийн эхэнд календарчилсан төлөвлөгөө гаргадаг. Үүнд: Сум, дүүрэг, улсын гээд бүх шатны  22-25 орчим тэмцээн, наадам  багтдаг юм. Эдгээр тэмцээн болон орон нутагт болж буй даншиг, нэрэмжит болон ойн гээд бүхий л  харваа наадмуудад оролцдог. Дунджаар жилд 40 орчим тэмцээнд өөрийгөө сорьдог доо.

-Хэдэн онд “Даян мэргэн” гэх хүндтэй цолоор энгэрээ мялаасан бэ?

-1999 онд спортын мастер цолны болзол хангаснаас хойш  бэлтгэл сургуулилтаа тогтмол чанартай хийсээр   2007 онд улсын наадамд түрүүлж “Монгол Улсын мэргэн” цол хүртсэн.  2015 онд “Олон улсын хэмжээний мастер”-ын болзолыг хангасан. Сүүлд 2018 онд улсын наадамд хоёр дахь удаагаа  түрүүлж “Монгол Улсын даян мэргэн”  цол хүртсэн. Нийтдээ төрийнхөө баяр наадамд 2 түрүүлж, 5 удаа наадмын түрүү байрын төлөө өрсөлдөж 4 удаа үзүүрлэж дээ. Монгол түмний бахархал Улсын баяр наадамдаа түрүүлээд  Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын цол хүртэх нь мартагдашгүй сайхан мэдрэмж төрүүлж,  дурсамж үлдээдэг. Аливаа спортын амжилтын ар талд маш олон хүний  сэтгэл,  хичээл зүтгэл, дэмжлэг байдаг болохоор амжилт үзүүлж тэр хүмүүсийгээ баярлуулах нь тамирчны үүрэг гэж боддог. Гэр бүл, багшдаа, Алдар спорт хороо, “Жем Интернэшнл” ХХК-ийн хамт олондоо, “Алдар-Жем” багийн хамт олондоо баярлаж явдаг шүү.

-Таны бодлоор сур харвааны спортоор хичээллэхийн тулд хүнд байх ёстой хамгийн чухал чанар юу вэ?

 Сурын  харваа нь  хүнээс  олон зүйлийг шаардана.  Тэсвэр хатуужилтай байх, тууштай, өндөр мэдрэмжтэй байх гээд л. Залуу хойч үе, шавь нартаа үлгэр дууриалалтай байх Монгол түмнээрээ бахархдаг энэхүү их өв соёлыг тээж яваа гэдэг утгаараа түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, түүгээр дамжуулан  хүүхэд багачуудыг хүмүүжүүлэх төлөвшүүлэх гээд олон үүрэг хариуцлага үүрэх болдог.

-Хэзээнээс эхлэн үндэсний сурын багийн дасгалжуулагчаар ажиллаж эхлэв?

Би 2000 оноос хойш “Алдар” спорт хороонд, 2010 оноос одоог хүртэл    Алдар спорт хороо болон “Жем интернэшнл” ХХК-ийн хамтарсан “Алдар Жем” үндэсний сурын багийн дасгалжуулагчаар ажиллаж байна. Манай багт Улсын мэргэн цолтой 5, мөн улсын цолтой 5, спортын мастер цолтой 20 орчим тамирчин байдаг. 30 гаруй тамирчны бүрэлдэхүүнтэй манай баг чансаагаараа нилээд дээгүүрт бичигддэг. 2010 оноос хойш “Жем Интернэшнл” ХХК-ийн нэрийн өмнөөс наадам , тэмцээнд оролцож байна. Тус компанийн хамт олон сурын харвааны спортыг хоёргүй сэтгэлээр дэмжиж ирсэн. Үндэсний сурыг дэмжээд, ивээн тэтгэх аж ахуй нэгж, байгууллага тэр болгон байдаггүй учраас “анхдагч” гэж ойлгож болно. “Жем Интернэшнл” ХХК үндэсний сурын спортыг олон жил тууштай дэмжиж байгаад  баярлаж талархаж явдагаа багийнхаа харваачдын өмнөөс илэрхийлье.

Тус компанитай  хамтарч ажилласнаас хойш бидний амжилт эрс өссөн. Тухайлбал энэ хугацаанд бид улсын наадмын 5  удаагийн түрүү, 11 удаагийн үзүүр, 14 удаа эхний 5 байранд шалгарсан нь хамгийн том үзүүлэлт юм.

Манай улсад 50 орчим баг, клуб үндэсний сурын харваагаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд багийнхаа бүрэлдэхүүнд байгаа улсын цолтой харваачийн тоогоороо манай баг тэргүүлдэг.

Бидний амжилт “Жем интернэшнл” ХХК-ийн удирдлагууд, хамт олонтой салшгүй холбоотой. Бэлтгэл сургуулилт, төвлөрсөн цугларалтын үеийн санхүүгийн дэмжлэг, туслалцаа, үзүүлсэн амжилтын урамшуулал, шагнал  нь харваачдад маш их урам өгдөг.

Бидэнтэй  байнга хамт байдаг Монгол хүн бүр эрүүл байг уриатай Хужирт брэнддээ баярлалаа.

-“Жем Интернэшнл” ХХК-тай хамтарч ажилласан цагаас хойш гаргасан амжилтаасаа хуваалцаач?

Олон гайхалтай амжилттай он жилүүдийг бид үдсэн. Тухайлбал: 2007,2018 оны Үндэсний их баяр наадмуудад би түрүүлсэн. 2009 онд манай багийн тамирчин Б.Баярсайхан түрүүлж МУ-ын мэргэн цол хүртсэн.

 2015 онд “Алдар Жем”-ийн Б.Батбаатар, С.Энхтунгалаг тамирчид маань гэр бүлээрээ улсын наадамд түрүүлсэн нь Сурын харвааны түүхэнд байгаагүй амжилт байв. Мөн 2017 оны наадамд Б.Баярчимэг түрүүлж “Монгол Улсын мэргэн” цол хүртсэн.

Түүнчлэн Х. Цогбаяр, Д.Мөнхгэрэл, Б.Амарзаяа,  Н.Алтансүх  нар “Монгол Улсын Гарамгай болон Гоц  харваач” цолны болзолыг тус тус хангасан юм.

“Алдар Жем” багийн харваачдын нэрийн өмнөөс “Алдар” спорт хороо болон “Жем Интернэшнл” ХХК-ийн олон зуун ажиллагсдад ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсье.

-Ярилцсанд баярлалаа. Танд спортын өндөр амжилтыг хүсье!


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.