УИХ-ыг тараасан ч МАН-д боломж үлдэхгүй


-МАН-ын 100 жилийн ой, парламентад суудалгүйн анхдугаар он болох уу-

Эрх баригч намынхан өмнөх үнэмлэхүй ялалтдаа эрдэн өөрсдийнхөө булшийг ухаж эхлэв бололтой. Учир нь МАН-ынхан нэгэнт Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ард нийтийн санал асуулга явуулахаар болсон тул УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгуульявуулахаар төлөвлөжээ. Энэ тохиолдолд одоогийн гишүүдээс ялалт байгуулж, дахин тангараг өргөх хүн цөөн. Тиймээс МАН-ын гишүүд мөн л талцаж эхэлсэн сурагтай.

Юутай ч эхний ээлжинд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлаар ард нийтийн санал асуулга явуулахаар болсон. Ингэхдээ УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүд долоо хоногийн хугацаанд тойрогтоо ажиллаж ард нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөж буй эхийг олон нийтэд сурталчлан таниулах ажил хийх тухай захирамж гаргаад байгаа юм. Түүнчлэн ард нийтийн санал асуулгад зарцуулах зардал, дахиад сонгуулийн зардал гаргах нь улсын төсөвт багагүй дарамт. Тиймээс УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл болон гишүүдийн түвшинд ард нийтийн санал асуулгынхаа ирцийг хүргэх, ардчиллаа аврах, парламентын засаглалаа хамгаалж үлдэх үүднээс УИХ тараад дараагийн сонгуулиа ард нийтийн санал асуулгатайгаа хамтад нь хийх эсэх талаар ярилцсан тухай спекер нь өөрөө ам алдаад байгаа.

Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч намын даргын хувьд өрөөндөө өмнө нь намынхаадарга, ерөнхий нарийн бичгийн дарга, бүлгийн даргаар ажиллаж байсан нөхдийг дуудан уулзжээ. Мэдээж мөн л санал асуулга, сонгууль хоёрг хамтад нь зохион байгуулах талаарх яриа өрнүүлж. Үүнийг нь ахмадууд нь эрс эсэргүүцэж, олон жилийн туршлагаараа яг одоогийн нөхцөлд ард нийтийн өмнө очоод ялалт байгуулах талаар дуугарах эрхгүй байгаа шүү гэдгийг нь ч хэлээд амжсан аж. Харин залуус нь буюу УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Мөнхбат, Л.Оюун-Эрдэнэ нар ээлжит бус сонгуулийг яаралтай зарлан хуралдуулах ёстой хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Ингээд УИХ-ын даргын захирамжийн дагуу ард нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөж буй эхийг олон нийтэд сурталчлан таниулах ажил хийх гэдэг томилолтоор гишүүд тойрогоо зориод байгаа юм.

Гэвч нэгэнт нэр бүхий гишүүн УИХ өөрөө тарах санаачилга бүхий албан бланк гаргаж, гарын үсэг цуглуу­лаад эхэлсэн энэ үед парламентын гадна, дотно гэлтгүй МАН-ын ахмадууд айхтар бухимдалтай яваа аж. МАН парламентад суудалгүй, сонгуулийн үеэр санал хуваах төдий үйл ажиллагаа явуулдаг жижиг нам бус, бүтэн 100 жилийн ойтойгоо золгох гэж яваа улстөрийн ууган нам. Гэтэл улстөрийн туршлага дутуу, ард нийтэд өөрсдөө л таалагдаж байвал бусад нь хамаагүй мэт аашилдаг хэдэн залуу буюу Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэтийн хүмүүсээс болж нам нь шалбаагт унах нь хэмээн эгдүүцэж эхэлжээ.

Мэдээж аль аль талдаа гишүүдийг тойрогт илгээсэн нь давхар санаа боловч өдгөө дахин сонгуулийн чимээнээр МАН-ын 100 жилийн ойн баяр бус, парламентад суудалгүй үлдсэний анхдугаар он ч болох боломжтой үе гэдгийг тэд эргэн ирмэгцээ хэлэх биз.

МАН-ын ахмад гишүүд ОНЦ ИХ хурлаа хуралдуулахаар болжээ

Сүүлийн жилүүдэд байгаагүй амжилтаар парламентад 65 суудал авсан нь МАН-ын хувьд сэргэн мандлын үе мэт харагдах ч олон гишүүнд нам нь цаашид хэрхэх нь тийм ч чухал асуудал биш болов уу. Хэрвээ намын дарга У.Хүрэлсүхийг сөрж дуугарвал ЖДҮ-гээс эхлээд олон асуудлаас болж, нэр дэвших эрхээ ч хасуулах магадлалтай. Тиймээс ёстой л лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү гэдэг шиг ард нийтээс илүү өөрт ашигтай хувилбарыг сонгоно хэмээн цээжиндээ нууцаа хураачихсан. Харин нөгөө талд нь олон жилийн туршлагаар сайн, муугаа дуудуулсаар өнөөг хүрсэн ахмадууд нь улстөрийн тогоонд боломжгүй алхам хийх гээд байгааг нь анхааруулсаар байгаа аж. Тэр ч утгаараа МАН их, бага хурлаараа асуудлыг шийддэг зарчмыг дурдан бүр ОНЦ их хурлын зарыг товлохоор болжээ.

Хурлаараа намын дарга, генсекээ солих талаарх асуудлыг хөндөхөөр төлөвлөөд байгаа гэнэ. Учир нь одоогийн намын удирдлагууд нь МАН-ыг мандан бадрах бус улстөрийн тогооноос арчигдах хэмжээнд хүргэх нь хэмээн сэтгэл зовниж байгаа аж. Түүгээр ч зогсохгүй тэдний эхний алхам дээр дурдсан гарын үсэг цуглуулах ажил нь нэлээд эрчимтэй яваа гэнэ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлаагүй. Ард түмэн эцэслэнэ. Зарим хэсгийг нь ард түмэн дэмжинэ. Тэгмэгц бид ялна хэмээн солгойроод байна. Намын генсек болон зарим хүн УИХ-ын гишүүдтэй уулзаж, гарын үсэг цуглуулж байна. Нам нь оролцож, төрөө үймүүлж байна шүү” хэмээн жиргэжээ. Үнэхээр ч хуульд Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулснаас хойш зургаан сарын дараа л УИХ-ын сонгуулийг зохион байгуулахаар заасан байдаг. Гэтэл өнөөдөр ард нийтийн санал асуулгатай хамтад нь ээлжит бус сонгуулийн дуулианыг тарьж байгаа нь төрийн эрхэнд хуулийн дагуу гарах явц яав ч биш. Харин ч МАН-ын залуу үеийн үнэн нүүр царай л болж үлдэх болов уу.

Б.Отгонзаяа

Эх сурвалж: erennews.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.