-Боловсролын салбарт хар тамхичид шургалав-
Ядарсан айлын хүүхдүүд улсын сургуульд гурван ээлжээр хичээллэж байхад задарсан баяны хүүхдүүд хувийн сургуульд хууль бус "тоглоом”-оор тоглож байна.
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын мэдээлснээр ерөнхий боловсролын сургуулийн X-XII ангийн 13 сурагч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой хэргээр шалгагдаж байгаа аж.
Гэвч энэ нь гэнэт өнөөдөр гараад ирсэн асуудал биш юм. Үүнээс өмнө 2015 онд XII ангийн 17-18 настай cyparч Г, Т, X нар мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөлд орох "Каннабис”-ыг хууль бусаар олж авч, хэрэглэж байсныг цагдаагийн байгууллага илрүүлж байсан.
Гадаадын киноноос л голдуу үздэг байсан хар тамхи гэгч манай нийгмийн бүхий л давхаргад чимээгүй шимэгчилсээр.
Эцэг, эхчүүдийн хүүхдэдээ тавих хараа хяналт сул байгаагаас тэд сониуч зандаа хөтлөгдөн, бусдад уруу татагдаж донтон болсоор байна.
-Сумлагаа-
Өсвөр насны хүүхдүүд өөрсдийгөө том болсон, хэнээс ч хараат бус, бие даан шийдвэр гаргах чадвартай хэмээн үзэж байхад эцэг эх, насанд хүрэгчид тэднийг жаахан хүүхэд мэтээр шаардлага тавьж харьцдаг.
Үүнээс үүдэн хүүхэд өөртөө итгэх итгэлээ алдахаас гадна үргэлж өөрийг нь үл тоодог томчуудад итгэхээ больж, тэдэнтэй харилцах хаалгаа түгжиж, өөрийг нь сонсох хэн нэгэнд итгэхэд бэлэн болдог байна.
Хүүхдүүдийн энэ байдлыг хар тамхи тээвэрлэгч, борлуулагч нар өөрт ашигтайгаар эргүүлж, тэдний амьдралд хэзээ ч арилшгүй харууслын толбо үлдээдэг.
Тэд борлуулж буй бараа бүтээгдэхүүнийх нь эрэлт, хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр хөлжиж, мөнгөтэй болох тусам илүү шунан дараагийн бай болох хэрэглэгчээ хайж эхэлдэг гэнэ.
Үгэнд нь хялбархан хууртаж, тэдний бараа бүтээгдэхүүнийг цаг ямагт худалдан авах чадвартай "Бай” бол хөрөнгө чинээтэй айлын хүүхдүүд.
СЭМҮТ-ийн гаргасан судалгаагаар ийм төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн 50 гаруй хувь нь сониуч зандаа хөтлөгдөх, найз нөхдөдөө итгэн хууртагдаж энэ үйлдлийг хийсэн байдаг аж.
Нэрээ нууцалсан эх сурвалж "Эхлээд найз нөхөд, хүрээллээсээ аль мөнгөтэй, боломжтойг нь сонгож авдаг. Дараа нь хэд хоног түүнд зориулж жүжиг тавина.
Бүх зүйл төлөвлөгдсөн, зохиомол гэдгийг тухайн хүүхэд огт анзаардаггүй.
Өөрөөс нь илүү хүн байхгүй мэт "Жинхэнэ эр хүн, муухан эрээс дээр охин байна даа” гэх мэтчилэн дөвийлгөж, архиар шахаж, заримдаа амралтын газар луу авч явах зэргээр итгэлийг нь олдог. Үүнийг сумлагаа ч гэж ярьдаг” хэмээв.
Хормын цэнгэлд автаж, энэ бүхэн жаргал хэмээн ойлгосон хүүхдүүд нэг л өдөр өөрөө ч мэдэлгүй хар тамхины хэрэглэгч болсон байдаг гэнэ.
Түүнийг хар тамхи хэрэглэх хүртэл гаргасан зардал тэдний хувьд юу ч биш. Хар тамхинд нэг мөр орчихвол түүнээс хэд дахин их ашгийг тэдэнд өгөх учраас тэр.
Хэрэв "Ахиж хэрэглэхгүй” гэвэл "Эцэг, эхэд чинь хэлнэ, цагдаад мэдээлнэ” гэх мэтээр шантаачилж айлгадаг байна.
Ийм байдалд орсон хүүхдүүд хэнд ч хандаж чаддаггүй бөгөөд найз нөхдөө уруу татах, тэдэнд зааж өгөх зэргээр өөрөөсөө холдуулах гэж оролддог аж.
-Хар тамхины хэрэг 32.2 хувиар өсжээ-
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт өнгөрсөн онд 412 хүн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой хэргээр шалгагджээ.
Тухайн төрлийн гэмт хэрэг энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд 32.2 хувиар өссөн байна.
Тодруулбал, 193 хэрэгт 330 хүн холбогдон шалгагдснаас Улаанбаатар хотод 170, орон нутагт 23 гэмт хэрэг бүртгэгдсэн. Гэмт хэрэгт холбогдон шалгагдсан хүмүүсийн 282 буюу 85.4 хувь нь 19-35 насныхан, 17 буюу 5.1 хувь нь насанд хүрээгүй хүүхдүүд байна.
Түүнчлэн ажил мэргэжлийн хувьд авч үзвэл эрхэлсэн тодорхой ажилгүй 105, оюутан 29, сурагч 13, төрийн албан хаагч дөрөв байна.
Тэдгээрийн 14.2 хувь нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг давтан үйлдсэн аж.
-Хичээл биш хар тамхи татахыг заадаг багш-
Хүүхдэдээ сайн боловсрол эзэмшүүлэхийг хэн бүхэн хүсдэг. Гэвч эцэг эхчүүд сургууль, сургалтын төвөө сайн судалж, нягтлаагүйгээс, нөгөө талаас сургалтын байгууллагууд гадаад хэл заах нэрээр ямар ч хамаагүй улсын иргэнийг багшаар авч ажиллуулдгаас болж хүүхдүүд сургуулийн орчинд уруу татагдаж, хар тамхи хэрэглэх тохиолдол гарах болсон.
Багшлах, бизнес эрхлэх, сайн үйлсийн арга хэмжээ явуулах нэрийдлээр манай улсад хэн дуртай нь ирж хар тамхи хэрэглэж, борлуулагч, хадгалагчийн үүрэг гүйцэтгэж байна.
Тухайлбал, Их Британийн иргэн, 41 настай эрэгтэй С-ээс их хэмжээний бэлгэвч, бэлгийн чалх сайжруулах эмүүд олдсоноос гадна тестээр шалгаж үзэхэд мансууруулах бодис хэрэглэсэн байсан нь тогтоогдож, баривчлагдсан.
Дунд сургуульд англи хэлний багшаар ажилладаг түүнийг сурагчдад хичээл орж байх үедээ мансууруулах бодис хэрэглэсэн байж магадгүй хэмээн үзэж байгаа аж.
Мөн өнгөрсөн нэгдүгээр сард "Upline” сургалтын төвөөс их хэмжээний хар тамхи илгээмжээр хүлээн авч хадгалан, тээвэрлэсэн Нигер Улсын 31 настай Шон гэх иргэнийг ЦЕГ баривчилсан юм.
Түүнчлэн 300 орчим сая төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний хар тамхи тээвэрлэсэн эл этгээдтэй хамсаатан байж болзошгүй нэр бүхий гурван иргэнийг шалгаж, зөрчлийг илрүүлжээ.
Үүнээс гадна Их Британи, Франц, Нигер, Энэтхэг, Турк, АНУ, БНХАУ-ын 11 иргэн тухайн төрлийн гэмт хэрэгт холбогдсон байна.
Г.Ган-Эрдэнэ
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
Сэтгэгдэл