Хагас сарын өмнө танил дүү ярьж байна. Дундговь руу нэг долоо хоног яваад ирэх зав байна уу. Таны хийх ажил гэвэл эндээс нэг шлаанзтай /ачааны том машин/ яваад тэндээс 300 гаруй хонь ачаад Улаанбаатарт авчрах явдал. Ачих бол асуудал биш. Харин замдаа тоо толгойг нь бүрэн бүтэн авчрах хэрэгтэй. Таны ажлын хөлс болгож нядалгааны жингийн кг тутмаас 500 төгрөг өгнө гэж байна. Намрын мал тарга хүчээ авчихсан, наанадаж 20 кг хүрнэ. Багаар тооцож 300 хонь гэвэл 6000 кг мах болно. Ажлын хөлсөө ингэж тооцвол 3 сая орчим төгрөг болох нь. Нэг их цааргалаад баймааргүй санал. Гэхдээ тэр олон халуун хошуут малыг нядалгаанд авчрах зүрх хүрсэнгүй, татгалзлаа.
...Зүүн аймгаар амарч аялж яваад ирсэн танилтайгаа үдийн цайны цагаар “буу халав”. Ашигтай наймаа мах л байна гэж байна. Чиргүүлтэй “Хово” машинаар Сүхбаатар аймгийн нэг сумаас ченжүүд төлөг ачиж байхтай таарчээ. Мал ачдаг тусгай тавцантай, машинаа шахаж зогсоож байгаад туугаад оруулчихна. Юм хөгжөөд сайхан болчихож. Мал ачихдаа гар утаснаасаа хүлээж авах Хятадууддаа интернэтээр шууд дамжуулаад тоо толгойг нь харуулж нөгөө машинтай очсон хүн, жолооч хоёрт хүлээлгээд өгчихнө. Төд удалгүй үнэ мөнгө нь данс руу нь пад хийтэл ороод ирж байна. Төлгийг газар дээр нь малчдаас 70 мянган төгрөгөөр авч байна, нэг ачилтаас 2-3 сая төгрөгийн ашиг унагадаг гэнэ. Хятадууд махыг сайн муу гэж голохгүйгэр үнэ цохьж авч байна гэв.
Улаанбаатарынхан махныхаа үнийг хүчрэхгүй болсон шалтгаан энэ аж. Өнгөрөгч амралтын өдөр “Хүчит шонхор” зах очлоо. Өдөр тийшээ болоод ч тэр үү хөл хөдөлгөөн бага аж. Хонины гулууз кг нь 7500-7800 төгрөг гэж байна. Харин жижиглэнгээрээ бол 8000-аас л дээш дуугарч байна билээ. Ямааны махны үнэ бүр 8000 төгрөгөөс давчихаж. Намрын сэрүүн унахаар монголчууд адууны мах идэх сонирхолтой. Адууны мах олдоц ховортой, үнэ гэдэг гараад өгчээ. Ховор учраас ерөөс сонголт байхгүй болчихжээ. Урьд нь адууны мах авахдаа бага залуу, болж өгвөл байдасны мах гэж голж шилдэг байлаа. Одоо байгааг нь авахаас өөр арга алга.
“Хүчит шонхор” дээр хонины ганц нуруу, хугас сүүлтэй уутанд хийсэн 60 эргэм насны эртэй таарч таван үг солилоо. Ардын армид ажиллаж байсан, бэлтгэл дэд хурандаа гэнэ. “Хүн хэрээрээ, боломждоо тааруулаад хонины ганц нуруу жаахан сүүл авлаа. Чанаж шөлөнд нь будаа хаяахад ямар ч байсан хөгшин бид хоёрын махсааг гаргачих байх. Хоёр жилийн өмнө манайх махыг болж өгвөл гулуузаар нь, үгүй ядахнаа хөл мах авдаг байлаа. Одоо тэгж дийлэхээ больсон. 70 сая малтай Монголд иргэд нь махныхаа үнийг дийлэхээ болилоо гэвэл гадныхан гайхах байлгүй. Гэвч үнэн байдал ийм л байна шүү дээ” гэж байна.
Тахианы мах авч байгаа эмэгтэйтэй таарч илүү үгэнд дурлав. Гялгар тортой үхрийн цагаан гүзээ барьсан харагдана. “Хэдэн хүүхэддээ гүзээний салат хийж өгнө. Цуйванд хийхэд сайхан амттай. Малын махны хэрэглээ манай гэр бүлийн хувьд улам л холдоод байх шиг байна ш дээ. Махыг нь байнга авч дийлэхгүйгээс хойш арай хямдаар нь тахианы мах авдаг болсон...
Тэнд Чингэлтэй дүүргийн оршин суугч зүс таних нэгэн явж байна. Хонины жаахан мах авчээ. Тэрбээр “Үхрийн мах тансаг хэрэглээ болсон ш дээ. Хааяа нэг сайхан өөхтэй хавирга огтолмоор санагдавч үнэ нь хүчрэхгүй байна.Арай хямдаар нь хонины махаа л авдаг болсон. Гэхдээ тэр хямд гээд байгаа нь жижиглэнгээрээ 8000 төгрөгөөс дээш шүү дээ...
Нэг иймэрхүү яриа хөрөөтэй хүмүүстэй тэнд тааралдлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд онцгой комиссын өргөтгөсөн хурал дээр “Махны үнэ нэмэгдвэл Улаан сайд та толгойгоороо хариуцна шүү” гэж анхааруулж байснаас хойш сар гаруй хгуацаа өнгөрчихөж. Гэлээ ч махны үнэ хуучин янзаар. Харин ч нэмэгдсэн байх. Ч.Улаан сайд аль хавар л махны үнэ хямдарна, тогтворжино хэмээн мэдэгдэж байсан удаатай. Харамсалтай нь аль ч биелээгүй. Монголчуудын гол хэрэглээ болсон бүтээгдэхүүнийхээ үнийг зохицуулж чадахгүй бол салбарын яам гэж байх хэрэг байгаа юм уу.
Орон нутагт махны үйлдвэр олноор байгуулагдсан. Харин тэр үйлдвэрүүдийг Хятад эзэнтэй гэсэн мэдээлэл цахим орчинд байнга л явж байна. Мах бол стратегийн бүтээгдэхүүн. Гэтэл стратегийн энэ бүтээгдэхүүний үнэ ханш, хангамж хүрэлцээ хятадуудын гарт орчихож байгаа юм биш биз гэсэн болгоомжлол иргэдийн дунд хэдийнэ бий болчихжээ. Энэ асуудлыг ҮАБЗ анхааралдаа аваасай билээ.
Үнэхээр махны экспортод ямар ч бодлого зохицуулалт алга. Ядахад эхлээд дотоодынхоо хэрэгцээг хангасны дараа экспортлох гэхчлэн наад захын эрэмбэ байх хэрэгтэй биз дээ. Хятадууд үнэ цохьж хөдөө орон нутгаас малыг хэдэн зуугаар нь ачуулж, үүнд нь монголчууд морь нохой мэт зүтгэж байна. Махыг их хэмжээгээр нөөцөлж хадгалж байна. Иймэрхүү аргаар хомсдол үүсгэж үнийг нь хөөрөгдөөд эргээд монголчуудад өндөр үнээр худалддаг гэдэг нь оргүй хоосон яриа биш байх.
Хүний номер нэг асуудал бол аж амьдрал. Энэ намрын хувьд иргэд Үндсэн хуулийн өөрчлөлт гэхээсээ илүүтэй махны үнэ буурах болов уу гэсэн хүлээлттэй байна.
М.Нэргүй
Эх сурвалж: Zaluu.com
Сэтгэгдэл