“БНСУ-ын виз гаргаж өгнө” гэх зараар иргэдийг залилж, шагналд нь 500 мянган төгрөг авдаг уу


Сүүлийн жилүүдэд манайхан БНСУ-руу гарч сарын 3 сая 500 мянган төгрөгийн цалинтай ажил хийх гэж олноороо оочер дараалал үүсгэн байж виз мэдүүлдэг болсон. Гэвч виз нь гарч байгаа нь цөөхөн. Виз мэдүүлгийн төвийнхөн иргэдийг хохироодог, тэдэнтэй мэргэжлийнбус, ёс зүйгүй ханддаг зэрэг асуудал бугшсаар нэлээд удаж буй. Нөгөө талаар виз мэдүүлж буй иргэдийн дийлэнх нь хүнээс зээлсэн, байр машинаа барьцаанд тавьсан, эд хөрөнгөө зарсан, банк, банк бус байгууллагаас хүүтэй зээлсэн гэх мэт аргуудаар мөнгө босгон байж хөөцөлддөг. Гэвч виз мэдүүлгийн газрууд монголчуудыг мөлжиж, халаасыг нь сэгсэрдэг тохиолдол гардаг нь харамсалтай.“Солонгос Улс руу аяллын виз гаргаж өгнө, визний зөвлөгөө мэдээлэл өгнө” гэх зарын дагуу очиж урьдчилгаа мөнгөөрөө хохирсон иргэдийн мөрөөр бид энэхүү сурвалжилгаа бэлтгэн хүргэж байна.

-“ГЭРЭЛТ ОЮУ ДЭЛГЭРЭХ” КОМПАНИЙН ХОХИРОГЧИД ХАМГИЙН
БАГАДАА 2 САЯ, ХАМГИЙН ИХДЭЭ 15 САЯАР ХОХИРЧЭЭ-

“Гэрэлт оюу дэлгэрэх” компани нь Солонгос улс руу аяллын виз гаргаж өгөх, зөвлөгөө өгөх үйлчилгээ явуулдаг. Тус байгууллагаар дамжуулан Солонгос улс руу гарах виз мэдүүлдэг ч “визгүй, мөнгөгүй” хохирч үлдэж, хаана хандахаа мэдэхгүй байгаа тохиолдол гарах болжээ. Одоогийн байдлаар хичнээн хүн хохирсон нь тодорхойгүй байгаа бөгөөд тус байгууллагад виз мэдүүлэх хүн олж өгдөг нэг ажилтан гэхэд л 11 хүнийг хохироосон мэдээлэл бидэнд олдоод байна. Тодруулбал, олон нийтийн цахим сүлжээнд “Солонгосын виз гаргана” гэх зар тараан байршуулж нэг үйлчлүүлэгч олж ирвэл 500 мянган төгрөгийн цалин авах жишээтэй. “Ийм зар тараах, виз мэдүүлэх хүн олж өгөх” ажилчдаа яг л пирамид хэлбэрээр буюу сүлжээний бизнес журмаар олж авдаг. Хэрэв энэ байгууллагаар дамжуулан гурван сарын аяллын виз мэдүүлсэн хүн 3 сая төгрөг урьдчилан төлөх ба виз нь гарсны дараа үлдсэн дөрвөн сая төгрөгөө өгөх журмаар хохирдог. Одоогийн байдлаар хамгийн багадаа 6,8 сая төгрөг, хамгийн ихдээ 15 сая төгрөгөөр хохирсон иргэд байгаа аж.

-6,8 САЯ ТӨГРӨГӨӨ АЛДААД ОДОО ХҮРТЭЛ ОЛЖ
АВЧ ЧАДААГҮЙ БАЙНА-

Хохирогчид: Бид дөрвөн хамаатан. Виз мэдүүлэхдээ нийлээд 6.8 сая төгрөгөө иргэн Н-ийн хувийн дансанд шилжүүлсэн. Одоо виз ч гараагүй, алдсан мөнгөө ч олж авч чадаагүй байна. иргэн Н утсаа авахгүй, олдохгүй байсан. Нэг өдөр гэрийнх нь гаднаас барьж аваад хоёр хоног дагаж явсан. Мөнгөө авахын тулд гэрийнх нь гадаа хонож ч үзсэн. Цагдаагийн байгууллагад аваачиж байцаалт өгүүлж ч үзсэн. Одоо ахиад алдчихаад байна. Ерөөсөө олдохгүй байна. Компани дээр нь очихоор “Манайх луйвар хийдэг газар” гээд ерөөсөө тоохгүй байна лээ. Биднийг луйвардсан Н гэх эмэгтэй би та нарын мөнгийг аваагүй. Зөвхөн дансаараа дамжуулан компани руу шилжүүлсэн гэж хэлээд байгаа. Би иргэн Н-ийн хувийн данс руу мөнгөө шилжүүлсэн юм чинь Н-ээс мөнгөө олж авах гээд байгаа юм” гэсэн юм.

Мөн “Виз гаргаж өгнө” гээд иргэдийг луйвардсан гэх Н-ийн Хангай хотхоноос нэг өрөө байр түрээслэсэн иргэн: Манайх “Хангай” хотхонд нэг өрөө байр түрээслэсэн юм. Гэтэл бидэнд иргэн Н өөр хүний байрыг дамлаж түрээслэсэн болж таарсан. Гурван сарын байрны түрээсийн урьдчилгаа надаас авчихаад гэрээ хийлгүй долоо хоног зугтсан. Энэ хугацаанд визний мөнгөө авъя гэсэн хүмүүс хаалга, үүд нүдэж амраагаагүй. Гэтэл бидэнд байр түрээслэсэн Н иргэдийг залилсныг олж мэдсэн” гэсэн юм.

-ИРГЭДИЙН МӨНГИЙГ ХУВЬ ХҮМҮҮСИЙН ДАНСААР ДАМЖУУЛАН
АВЧ ӨӨРСӨД РҮҮГЭЭ ШИЛЖҮҮЛГЭДЭГ КОМПАНИ-

-Тус компанид өөрөө анх виз мэдүүлэхээр ороод одоо хамтран луйвардагч буюу иргэдийг залилаад буй Н гэх эмэгтэйтэй уулзсан юм. Тэрээр нэгэн сургуульд хэлний багшаар ажилладаг ч Солонгос улс руу гарахаар тус компанид 13 сая төгрөг өгч виз мэдүүлжээ. Гэвч виз нь гараагүйгээр үл барам, компанид виз мэдүүлэх хүн олж өгөх ажилтай болжээ. Өөрөөр хэлбэл нэг хүн олж өгөөд 500 мянган төгрөг авах ажил хийдэг болж.

Виз мэдүүлсэн хүмүүсийн мөнгийг өөрийнхөө дансанд авч улмаар компанийн эзэд рүү шилжүүлдэг байна. Ийнхүү виз нь гараагүй, бүтээгүй иргэд Н-ээс мөнгөө нэхэж очиход “Миний ард виз гаргадаг тийм компани бий. Тэд миний дансаар дамжуулан мөнгийг чинь авсан” гэдэг аж. Харин Кино үйлдвэрт байрлах компанийн оффис дээр мөнгөө нэхэн очиход “Наад хүнийг чинь танихгүй. Манай нэр барьж луйвар хийсэн байна. Манайх виз гаргадаг компани биш” гэх хариулт өгч буух эзэн, буцах хаяггүй болгодог байна.

-Н: БИ ОДООГООР 11 ХҮНИЙГ ХОХИРООГООД БАЙНА-

Виз гаргах нэрийдлээр иргэдээс хувийн дансаараа мөнгө авдаг гэх Н-тэй ярилцав. Түүнд бараг шалгагдаж байцаагдаагүй дүүргийн цагдаагийн хэлтэс гэж үгүй. Баянгол, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэсүүдэд виз гаргаж өгнө гээд мөнгө луйвардсан асуудлаар шалгагдан байцаагдаж байжээ. Налайх дүүрэгт эрэн сурвалжлагдаж байсан аж.

Н-д мөнгө залилуулан хохирсон иргэд гэрээс нь барьж авч, цагдаагийн хэлтэс дээр ирээд байхад нь таарч ярилцсан юмТэрээр хэлэхдээ, “Би … сургуульд Солонгос хэлний багшаар ажилладаг. Өнгөрөгч зургадугаар сард Солонгос гарах санаатай тус компанид виз мэдүүлсэн. Ингэхдээ тодорхой мөнгө өгсөн ч виз одоо болтол гараагүй байна. Харин энэ компанийнхан надад “Фейсбүүк хуудсанд зар тавьж, виз мэдүүлэх хүн олж өг, тодорхой хувиар цалинжуулна” гэсэн. Миний виз гараагүй, мөнгө ч байхгүй. Би ч гэсэн хохирогч болчихоод байна. Бид зараа фейсбүүкээр тараадаг. Нэг хүн олж өгвөл надад 500 мянган төгрөг өгдөг юм. Би хүмүүсийн мөнгийг өөрийн дансаараа авч тэдэн рүү шилжүүлдэг. Тэр компанид У, О гэх хоёр эмэгтэй бий. Би одоогийн байдлаар 11 хүнээс мөнгө аваад тэдэн рүү дамжуулсан. 11 хүнийг хохироогоод байна. Би ямар ч буруугүй. Би хүмүүсийн мөнгийг өөрөө хэрэглээгүй. “Гэрэлт оюу дэлгэрэх” компанийн хүмүүс надаар ийм юм хийлгэсэн. Хохироосон хүмүүсээ хохиролгүй болгохын тулд байр дамлан түрээслэх зүйл хүртэл хийсэн” хэмээсэн юм.

Н-ийн төрсөн эгч, дүүгээ залилан хийж байцаагдах бүрт батлан даалтаар гаргаж авдаг. Тэрээр хэлэхдээ, “Яагаад ийм зүйл хийгээд байгааг нь ерөөсөө ойлгохгүй байна. Одоо залхаж байна.Тухайн компанийхан л манай дүүгийн хэл устай байдлыг нь ашиглахын тулд ийм юм хийлгэж байна гэж бодож байна. Миний дүү тэр мөнгийг нь аваагүй, ард нь компанийнхан байна.Дүүд маань залилуулсан иргэд мөнгөө авч чадахгүй бухимдахаараа “Бөөрийг нь авна, гар хөлийг нь тасдана, мөнгөндөө тааруулаад зодно” гэж дайрдаг” хэмээсэн юм.

-“ГЭРЭЛТ ОЮУ ДЭЛГЭРЭХ” НЭРТЭЙ КОМПАНИ-

Хохирсон иргэдийг мөнгөө нэхэн очиход “Та нар хувь хүнд залилуулсан байна. Манайх виз гаргадаг компани биш” хэмээдэг байна. Түүнчлэн нэг хохирогчид “Тийм ээ. Манайх луйвар хийдэг компани” гэсэн хариултыг хүртэл өгч байжээ.

Иймд бид тус компанид виз гаргадаг эсэхийг нь сонирхож, мэдээлэл авахаар очсон юм. “Манайх аялалын визний зөвлөгөө мэдээлэл өгөхөөс гадна аялалын болон сургалтын виз гаргаж өгдөг. Виз мэдүүлэхийн тулд иргэд хамгийн эхлээд гадаад пасспортоо, гурван сая төгрөгийн хамт хураалгах ёстой. Виз нь гарсны дараа үлдэгдэл дөрвөн сая төгрөгөө өгнө. Манайхаар үйлчлүүлсэн иргэдийн виз гарах, гарахгүй байх тохиолдол ч бий” гэсэн юм.

П.Урнаа

Эх сурвалж:  isee.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.