Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай эдийн засагт гарч буй өөрчлөлт, "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилт, цаашдын сорилтын талаар ярилцсаныг уншигч Та бүхэнд хүргэж байна.
Сүүлийн 3 жилд эдийн засагт ямар өөрчлөлтүүд гараад байна вэ?
Эдийн засгийн нөхцөл байдал 2016 оны намар ямар хүнд байсныг Та бид мэдэж байгаа. Тухайн үед төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн сулралтаас гадна Монгол Улсын цаашдын дунд, урт хугацааны төлөвт эрсдэл учрах нөхцөл байдал үүсээд байв. Ялангуяа төсвийн болон гадаад өрийн тогтвортой байдлыг хангах, өрийн дефолтоос зайлсхийх асуудал том сорилт болж байлаа. Тухайлбал, Хөгжлийн банкны 580 сая ам.долларын эргэн төлөлт 2017 оны 3 дугаар сард, Хятадын Ардын банк (ХАБ) болон Монголбанкны хооронд байгуулсан төгрөг, юанийн своп хэлцлээр Монголын талын авч ашигласан юанийн эргэн төлөлт 2017 оны 8 дугаар сараас эхлэх, Чингис бондын 500 сая ам.долларын эргэн төлөлт 2018 оны 1 дүгээр сард, Димсам бондын 1 тэрбум юань (160 орчим сая ам.доллар)-ий эргэн төлөлт 2018 оны 6 дугаар сард хийгдэхээр шилээ даран хүлээгдэж байлаа.
Бидний өмнө эдийн засгийг тогтворжуулах, төсвийн болон өрийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын албан нөөц (ГВАН)-ийг сэргээн нэмэгдүүлэх, эдийн засгийн хөөсрөлт-хагаралтын мөчлөгийг бууруулах, хүртээмжтэй өсөлтийг дэмжих зэрэг олон зорилт, сорилтууд байв.
Монголбанк сүүлийн 3 жилд улс орны эдийн засгийг сэргээх, улсын өрийн дефолтоос зайлсхийх, эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, дархлааг сэргээх, банк санхүүгийн салбарыг эрүүл, чийрэг болгох, Монголбанкийг орчин үеийн төв банкны жишигт хүргэн чадавхижуулахад чиглэсэн бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрлээ. Эдгээрээс цөөн хэдэн баримтыг дурдъя. Хугацаа нь тулаад байсан гадаад өр, төлбөрүүдийг амжилттай шийдвэрлэлээ. Эдийн засгийн өсөлт сүүлийн 2 жил гаруй хугацаанд эрчимжсэнээр өнөөдөр 8.6 хувьтай, инфляци сүүлийн 3 жилд зорилтот түвшинд, төсвийн алдагдал болон Засгийн газрын өрийн ДНБ-ий харьцаа буурсан, ГВАН 3.8 тэрбум ам.долларт (8-9 сарын импортын хэрэгцээг хангах хэмжээнд) хүрсэн, 2018 оны эцэст зээлийн хүү сүүлийн 6 жил дэх хамгийн бага түвшинд хүрч буурсан зэрэг нааштай өөрчлөлтүүд гараад байна.
Эдийн засгийн энэхүү сэргэлтэнд Монголбанкны үүрэг, оролцоо юу байв?
Бид сүүлийн 3 жилд Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээ, тэдгээрийн үр дүнг нэгтгэн 5 бүлэгт хуваан үзэж байгаа.
Нэгд, Монголбанк санхүүгийн салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийг эхлүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж байна. Банкны салбарын тулгуур хуулиуд болох Төв банкны тухай хууль, Банкны тухай хууль, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, Банкны салбарын тогтвортой байдлын тухай хууль, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зэрэг санхүүгийн салбарын суурь багана болсон эрх зүйн актуудыг боловсронгуй болгох үүднээс нэмэлт өөрчлөлтийн төслийг эрх бүхий байгууллагуудтай хамтран боловсруулж, УИХ-аар батлуулаад байна.
Хоёрт, Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т орох, орсны дараах үүрэг амлалтаа амжилттай хэрэгжүүлэн эдийн засгийн сэргэлтэд бодит хувь нэмэр оруулж байна. Дэлхийн эдийн засаг, түүхий эдийн зах зээл дээрх таатай байдал, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр, төсөв болон мөнгөний бодлогын хүрээнд авч хэрэгжүүлсэн шийдвэртэй арга хэмжээний үр дүнд эдийн засагт сэргэлт гарч байна. 2017, 2018 онуудад эдийн засагт тулгарч байсан олон сорилтыг амжилттай даван туулж, эдийн засаг сэргэсэн, банк санхүүгийн салбарт реформ хийсэн шинэчлэлийн жилүүд болж өнгөрлөө.
Гуравт, Монголбанкны өөрийн хөрөнгө (хуримтлагдсан алдагдал) -3 их наяд төгрөг байсныг сүүлийн 2 жилд 1.2 их наяд төгрөгөөр бууруулж, цаашид эерэг болгох зорилт тавин ажиллаж байна. Монголбанкны гадаад өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх, алдагдалтай санхүүгийн хэлцэл хийхгүй, санхүүгийн сахилга батыг хангаж ажилласны үр дүнд 2017, 2018 онуудад ашигтай ажиллаж, өөрийн хөрөнгийг -1.8 их наяд төгрөг болгоод байна. Бидний тооцоогоор одоо баримталж буй зарчим, үйл ажиллагаагаа цаашид хадгалан ажиллавал Монголбанк 2019 болон 2020 онд үргэлжлүүлэн ашигтай ажиллах бөгөөд өөрийн хөрөнгийг эерэг болгохын төлөө ажиллаж байна.
Дөрөвт, Монголбанк гадаад валютын албан нөөцийн хэмжээг 4 дахин нэмэгдүүлж 3.8 тэрбум ам.долларт хүргэж чадлаа. Юуны өмнө төсөв, мөнгөний бодлогын оновчтой хослол нь эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэртэй байдлыг хангах замаар нөөц хуримтлагдахад чухал үүрэг гүйцэтгэснийг онцлох хэрэгтэй. Үүний зэрэгцээ Алт-2 хөтөлбөрт дэмжлэг үзүүлэн ажиллаж, алтны салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх, алтыг орон нутаг худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах, энэ хүрээнд алтны сорьцын лабораторийг байгуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэлээ. Монголбанк 2016 онд 18.6 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн үнэт металл худалдан авч, энэ эх үүсвэрээс жил бүр 700-800 сая ам.доллараар Монгол Улсын ГВАН-ийг нэмэгдүүлэв. Томоохон экспортлогч компаниудтай хэлцэл хийх замаар гадаад валютыг худалдан авч, гадаад валютын нөөцийг арвижуулж байна. Мөн дотоодын банкуудын гадаад зах зээлээс санхүүжилт татахад дэмжлэг үзүүлж, гадаад валютын дотогшлох урсгалыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүллээ. Ханшийн сулрах дарамт багатайгаар ГВАН-ийг ийнхүү нэмэгдүүлэх нь амар ажил байгаагүй.
Тавд, Монголбанкны дотоод үйл ажиллагаанд шинэчлэлт хийж, орчин үеийн төв банкны жишигт хүргэхээр ажиллаж байна. Монголбанкны бүтэц, зохион байгуулалтыг олон улсын шилдэг туршлагад нийцүүлэн шинэчилж, хүний нөөцийн бодлогыг боловсронгуй болгон ажиллаа. Үүний зэрэгцээ Монголбанкны ажилтнуудын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах чиглэлд анхаарч байна. Сүүлийн жилүүдэд хаягдаад байсан Эрдэнэсийн сангийн үйл ажиллагааг сэргээж, Монгол Улсын эрдэнэсийн сан ном гаргаж, хосгүй үнэт үзвэрээс бүрдсэн музей болгон тохижуулж нийтэд нээлттэй болгох зэрэг олон ажлыг хийж байна.
ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т Монголбанк хэрхэн оролцдог вэ? хэрэгжилтийн явц ямар байна вэ?
Монголбанк энэ хөтөлбөрт орох, орсны дараах үүрэг амлалтаа амжилттай хэрэгжүүлэн эдийн засгийн сэргэлтэд бодит хувь нэмэр оруулж байна. ОУВС-тай урьдчилан зөвшилцөлд хүрч, хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг Сангийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгчийн гарын үсэгтэй 2016 оны 10 дугаар сард, 2017 оны 2 дугаар сард хөтөлбөрт хамрагдах, түүний хүрээнд хийх ажлын үүрэг, амлалт бүхий захиа, хүсэлтийг мөн л гарын үсэг зурж хүргүүлснээр Монгол Улс тус хөтөлбөрт 2017 оны 5 дугаар сард орсон билээ. ОУВС-тай тухайн үед хийсэн уулзалт, хэлцэл маш хүнд байдалд байсныг энд онцлох нь зүйтэй. Тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдлаас харахад ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т орохоос өөр сонголт байгаагүй.
Энэ хөтөлбөрийн хүрээнд Монголбанк мөнгөний бодлого болон банкны салбартай холбоотой зорилт, үүрэг амлалтыг хэрэгжүүлэн, бүх талаар дэмжин ажиллаж байна. ОУВС-гийн ажлын хэсэг 3 сар тутамд Монголд ирж, хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийж байна. Хөтөлбөрийн хүрээнд тохирсон үүрэг, амлалтыг биелүүлээгүй тохиолдолд хөтөлбөрийн үнэлгээ эцэслэж, ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, эх үүсвэр орж ирэх ажил хойшлоход хүрнэ. ОУВС-гийн шийдвэрийг бусад донорууд, рейтинг тогтоогч байгууллагууд, хөрөнгө оруулагчид бүгд анхааралтай харж, өөрсдийн шийдвэрээ гаргадаг. Өөрөөр хэлбэл, бусад доноруудын хөтөлбөрийн хүрээнд тохирсон санхүүжилтүүд хойшлоход ч нөлөөлөх үр дагавартай юм. Иймд хөтөлбөрийн хэрэгжилтийг ягштал биелүүлж явах асуудал чухал.
Монголбанк хөтөлбөрийн хүрээнд тохирсон төв банкны дотоод цэвэр активын дээд хязгаар, гадаад цэвэр активын доод хязгаарын тоон зорилтууд болон урьдчилан авах хэмжээнүүдийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэн хөтөлбөрийн үнэлгээг амжилттай хийлгэж ирлээ. ГВАН-ийг нэмэгдүүлэх нь хөтөлбөрийн хүрээнд тохирсон зорилтыг бүрэн ханган хэрэгжүүлэх ажлын нэг хэсэг юм. ГВАН-ийн зорилтыг ханшийн огцом сулралтгүйгээр хангах гэдэг хүндхэн сорилтын дундуур бид явж байна. Хөтөлбөрөөр хүлээсэн үүрэг, зорилтыг биелүүлэхгүй байх нь хөтөлбөр зогсох хүртэл сөрөг үр дагавартай.
Монголбанк тус хөтөлбөрийн хүрээнд банкны салбарт шинэчлэл хийн, санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүргээ биелүүлэн ажиллаж байна. Арилжааны банкуудыг төлбөрийн чадварыг бодитойгоор тодорхойлох зорилгоор олон улсад нэр хүнд бүхий аудитын компаниар активын чанарын үнэлгээ /AQR/-г бүх банкуудад амжилттай хийлээ. Энэ үнэлгээг Монгол Улс Ази тивийн орнуудаас анх удаа Европын Төв банкны аргачлалын дагуу хөндлөнгийн байгууллагаар хийлгэсэн нь Монголын банкны салбарт болон төв банкны хяналт шалгалтын тогтолцоонд томоохон дэвшил болов. Банкны систем ийнхүү олон улсын стандартын дагуу эрүүл мэндийн үзлэгт орсноор гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагууд, хамтын ажиллагаатай орнуудын итгэлийг хадгалахад чухал. Мөн банкны секторын үйл ажиллагааны стандартыг олон улсын жишигт нийцүүлэх, банкны системийн эрсдэл даах чадварыг дээшлүүлэхэд авах шаардлагатай арга хэмжээг тодорхойлох, улмаар эдийн засгийн хүндрэлээс богино хугацаанд гарч цаашид тогтвортой санхүүгийн зуучлалыг хадгалж эдийн засгийн тогтвортой байдалд хувь нэмэр оруулах банкны тогтолцоог хөгжүүлэхэд томоохон алхам болов. Активын чанарын үнэлгээний үр дүнд Монголын банкны салбар, систем тогтвортой байна гэсэн дүгнэлт гарав. Харин 1-2 банк дээр асуудал, хүндрэл үүсээд байсныг нийтэд нээлттэй мэдээлсэн билээ. Активын чанарын үнэлгээний болон холбогдох бусад арга хэмжээний үр дүнг үндэслэн Монголбанкнаас хяналт шалгалтын арга хэмжээг авч, хэрэгжүүлэн ажиллаж байна.
Хөтөлбөрт орж, тохирсон зорилт, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлснээр эдийн засгийн сэргэж, эдийн засгийн дархлаа сайжирч, гадаадын хөрөнгө оруулагчдын Монголын эдийн засагт итгэх итгэл сэргэж, улмаар дефолтын эрсдэлээс зайлсхийж, хөтөлбөрийн хүрээнд тохирсон зорилтуудаа амжилттай хангаж байна. Хөтөлбөрийн хүрээнд банкны салбарт үргэлжлүүлж хийх ажлууд ч байна. Бид холбогдох талуудтай ойлголцож, хөтөлбөрийн хүрээнд тохирсон үүрэг амлалтаа бүрэн хэрэгжүүлж, анхны зорилт, үр дүндээ бүрэн хүрэхийн төлөө байна.
Монголбанк "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай дуусгах ёстой гэсэн байр суурьтай байгаа бөгөөд үүний төлөө зүтгэн ажиллаж байна.
Таныг мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж байна гэж шүүмжлэх хэсэг байна. Мөнгөний бодлогыг сулруулах, мөнгөний нийлүүлэлтийг тэлэх бодит нөхцөл байдал ямар байна вэ?
Мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж байна гэж дүгнэх нь олон талаар учир дутагдалтай. Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд заасан инфляцийн зорилт (8 хувь орчим тогтворжуулах) болон бусад арга хэмжээг авч бүрэн биелүүлж ирлээ. Бид инфляцийг зорилтот түвшинд хангах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх гэхдээ эдийн засгийн сэргэлтийг дэмжихэд чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлж ирлээ. Үүний үр дүнд сүүлийн 3 жилд инфляцийг зорилтыг хангаж, эдийн засгийн өсөлт тасралтгүй нэмэгдсээр өнөөдөр 8.6 хувьтай болж, ажил эрхлэлт нэмэгдээд байна. Ийм үр дүнтэй байгаа бодлого бол хатуу бодлого биш. Энд хэлэхэд олон улсын байгууллагуудын шинжээчид бидний баримталж ирсэн бодлогыг сул талдаа байсан гэж үзэх гээд байдаг тал бий. Харин бид Монголын эдийн засгийн онцлог, сэргэлтийг дэмжих нөхцөл шаардлага зэргийг сайтар тайлбарлаж, ойлголцож, бодлогоо амжилттай хэрэгжүүлсний дүнд өнөөдрийн эдийн засгийн сэргэлт, үр дүн гараад байна.
Бидэнд хийх ажил их, тулгарч буй сорилтууд том байна. "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хүлээсэн үүрэг амлалтаа Монгол Улс биелүүлэх хүрээнд "зайлшгүй хэрэгжүүлэх ёстой” арга хэмжээнүүдэд улс төрийн болон олон нийтийн дэмжлэгтэй явж ирлээ. Монгол Улсын нийтлэг эрх ашгийн төлөө, дунд хугацааны тогтвортой байдлын төлөө авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд дэмжлэг, зөвшилцөл дунд амжилттай хэрэгжиж байна. Төв банк мөнгөний нийлүүлэлтийг ‘механик’-аар, төсвийн шинжтэй үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар нэмэгдүүлээд явдаг байдлыг дахин гаргахгүй гээд хөтөлбөрт нэгдэн орсон баримт бичиг дээр Сангийн сайдын болон миний гарын үсэг байгаа. Нөгөө талдаа, ‘миний гар, хөл хүлээстэй байна’. Өмнөх жилүүдэд Монголбанк, Монголбанкны Ерөнхийлөгчийн дангаар бие даан шийдэж болдог байсан олон асуудлууд өнөөдөр хөтөлбөрийн хүрээнд олон улсын байгууллагууд, доноруудын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаар хязгаарлагдаж байна. Төсвийн шинжтэй үйл ажиллагааг Монголбанк дахин эрхлэхгүй байх, мөнгөний бодлогын шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч дангаар бус Мөнгөний бодлогын хорооны хамтын шийдвэрээр гаргах зэрэг олон амлалт, зохицуулалтууд бий болоод байна.
Миний итгэл үнэмшил бол Мөнгөний бодлогыг одоогийн түвшнээс сул байдлаар хэрэгжүүлэх нь инфляци, ханшийн сулралт, улмаар ГВАН хуримтлагдахгүй байх, улмаар эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдал сөрөг үр дагавартай байхаар байна. Бид урагшаа харж, улс орны эрх ашгийг эрхэмлэж, дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалахын төлөө бодлого, шийдвэрээ гарган хэрэгжүүлж байна.
Та эдийн засгийн цаашдын төлөв, сорилтуудыг хэрхэн харж байна вэ?
Эдийн засгийн цаашдын төлөв байдлыг авч үзвэл эдийн засгийн сэргэлт үргэлжилж, өсөлт 2018 оны түвшнээс буурахгүй байх, инфляци зорилтот түвшний орчим байхаар хүлээгдэж байгаа. Гэхдээ эдийн засагт томоохон сорилтууд тулгарсан хэвээр, бидэнд хийх ажил их байна. Тухайлбал, Монгол Улс 2020-2024 оны хооронд төр болон хувийн хэвшлийн томоохон дүнтэй гадаад өр, төлбөрийг барагдуулахад ГВАН-өөс 4 дахин давсан гадаад валют шаардагдах урьдчилсан тооцоо гарч байна. Энэхүү өр, төлбөрийг дефолтоос зайлсхийж, амжилттай шийдвэрлэх сорилт нь дан ганц Монголбанкны бус, Монголчууд бидний шандас шөрмөсийг шалгах болно. Энэ сорилтыг даван гарахын тулд өнөөдрийн бидний хийх ёстой эн тэргүүний зүйл бол ГВАН-ийг нэмэгдүүлэх явдал.
Монгол Улс олон улсын санхүүгийн байгууллагууд, донорууд болон гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд доноруудын өмнө хүлээсэн зарим үүрэг амлалт нь богино хугацаандаа ‘өвдөлт’ мэдрүүлэхээр байсан хэдий ч дунд, урт хугацаатай ‘эрүүл, чийрэг’ болгоход тус дэмтэй билээ. Үүрэг, амлалтаа амжилттай хэрэгжүүлж, цаашид ‘нэр нүүртэй’ хамтран ажиллах нь Монгол Улсын гадаад өрийн тогтвортой байдлыг дунд хугацаанд үргэлжлүүлэн хангах, тэдний дэмжлэгийг авч тулгарч буй сорилтыг хамтдаа амжилттай даван туулахад стратегийн чухал ач холбогдолтой. Иймд хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлэх нь чухал байна.
Монгол Улс Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-ын "өндөр эрсдэлтэй болон хамтран ажилладаггүй улс” гэсэн ангилал буюу "хар саарал жагсаалтад” орох эрсдэл өндөр хэвээр байна. Үр дагаварт нь бид санхүүгийн гүйлгээний хувьд ‘хаалттай’ нөхцөл байдалд орно. Иймд дан ганц Монголбанкнаас гадна Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн ерөнхий зөвлөл зэрэг хууль, хүчний байгууллагууд энэ асуудалд онцгой анхаарч, нягт хамтран ажиллаж энэ сорилтыг амжилттай даван туулах шаардлагатай байна.
Дэлхийн худалдааны дайн бодитоор бий болж байгаагаас глобал зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнэ буурах эрсдэл өндөр байна. "Үүлэн чөлөөний нар”-тай байгаа дээр ‘байшингийнхаа дээврийг засах’ буюу дунд хугацааны сорилтуудыг даван туулах бэлтгэл ажлуудыг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх, эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, дархлааг бэхжүүлэх асуудал чухлаар тавигдаж байна. Тухайлбал, гадаад валютын нөөцийг цаашид нэмэгдүүлэх, тогтвортой өсөлтөд чиглэсэн харилцан хосолсон макро бодлогыг хэрэгжүүлэх, төсвийн сахилга батыг чандлан сахих, эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй болгох, банк, санхүүгийн салбарын эрүүл мэнд, эрсдэл даах чадварыг сайжруулах, банкны салбарын бүтцийн өөрчлөлтийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих, томоохон төсөл хөтөлбөрүүдийг тогтвортой хэрэгжүүлэх, уул уурхайгаас бусад экспортын чиг баримжаатай салбаруудыг дэмжих, гадаад худалдааг хөнгөвчлөх, дэмжих цогц бодлого хэрэгжүүлэх, гадаад өрийн тогтвортой байдлыг хангах, оновчтой бүтцийг бий болгох шаардлага өндөр хэвээр байна.
Монголбанкны хувьд ойрын хугацаанд юун дээр илүүтэй анхаарч ажиллах вэ?
Монголбанк Монгол Улсын эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтийг бататгах, эдийн засгийн өсөлтийг нийт ард иргэд, бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй болгох, үндсэн чиг үүргээ амжилттай үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, өмнө тулгарч буй сорилтуудыг амжилттай даван туулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг эрх бүхий байгууллагуудтай хамтран цаг тухайд нь авч хэрэгжүүлнэ.
Төв банкны нээлттэй, ил тод болон бие даасан, хариуцлагатай байх зарчмыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд эдийн засгийн тогтвортой байдал, ирээдүйн өсөлт хөгжлийн чухал тулгуур болсон реформ, шинэчлэлүүдийг хэрэгжүүлэх ажлыг цаашид үргэлжлүүлэх болно.
Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл