Л.Оюун-Эрдэнэ сайд аа, хулгай ч л хулгайчийг бариарай гэдэг дээ


 

Л.Оюун-Эрдэнэ сайд аа, хулгай ч л хулгайчийг бариарай гэдэг дээ

 

УИХ-ын гишүүн, Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумчидтай тэмцэнэ хэмээн нэлээд эртнээс ханцуй шамалсан нэгэн. Гэвч тэрхүү асуудлын цаана өөрөө хамтдаа байсан гэдгийг гардаж хийсэн хэмээн буруутгагдахдаа тулаад байгаа Ц.Сандуй мэдэгдсэн. Тэгвэл МАН-ын 60 тэрбумын схемийн үнэн төрх яг хэзээ, хаанаас хэрэгжсэн нь тун удахгүй ил болох нь ээ. Сонссон нь буруутах бус хэрэгжүүлсэн нь хэрэгтэн болох нь ердөө л цаг хугацааны асуудал болжээ. Үүнтэй нь зэрэгцэн МАН-ын нэр цохогдсон Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтнүүд сандарч эхлэв.

Үндсэндээ "хулгайч л хулгачийг бариарай” гэдэг үг батлагдах дөхмөгц хэрхэх учраа мэдэхгүй хэлээрээ хөлөө ороож эхлэв. Учир нь хэн нь ч хэзээ ч баталж байгаагүй ч танил хүн л төрийн албанд ажилладаг гэдгийг Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ баталсан. Тэрбээр 2016 онд МАН-ын генсекийн гарын үсэг бүхий хүсэлт бичиг Зам тээрвийн хөгжлийн сайдад хүргэгдэн очсоныг байдаг л асуудал мэт тайлбарлаж байгаа юм. Тодруулбал, 2016 онд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ, Д.Гантулга нар УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийн сурталчилгааны ажлыг амжилттай зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн Нямаа овогтой Энхбаатарыг МИАТ-ийн дэд захирлаар томилуулах хүсэлтэйг нь уламжилсан байдаг. Хүсэлт нь ч биелэлээ олсон. Энэ нь албан бланкан дээр гарын үсэгтэйгээр баталгаажсан хэлбэрээрээ нийтэд дэлгэгдсэн.

Түүнчлэн энэ нь Төрийн албаны тухай хуулийн дагуу олон ч хүнийг огцруулах үндэслэл болохоор байгаа юм. Дээрх хуулийн

"31.2-т Энэ хуульд заасан журмын дагуу төрийн албан хаагчийг сонгон шалгаруулж томилоход Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, төсвийн ерөнхийлөн захирагч, улс төрийн албан тушаалтан, улс төрийн нам, эвслийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, бусад этгээдийн зүгээс аливаа хэлбэрээр нөлөөлөх, дарамт, шахалт үзүүлэхийг хориглоно.

32.2.Эрх бүхий этгээд нь энэ хуулийн 32.1-д заасан мэдэгдлийг заавал биелүүлж, авсан арга хэмжээний талаар 14 хоногийн дотор хариу мэдэгдэнэ.

32.6.Улс төрийн албан тушаалтан энэ хуулийн 31.2, 32.2-т заасныг зөрчсөн тохиолдолд энэ нь тухайн этгээдийг огцруулах үндэслэл болно.”

гэж заасан байдаг. Гэтэл үүнийг Л.Оюун-Эрдэнэ анхаарч, анзаарах байтугай тухайн бичгийг байгаа эсэхийг мартсан хэмээн тайлбарлаж байгаа юм. Хуулийг баталдаг нь хэрэгжүүлдэггүй гээд буруу ойлгочихсон юм шиг байгаа юм тэр хүн.

Тэрч  байтугай "УИХ-ын гишүүд ямар нэгэн байдлаар томилгоонд оролцдог нь нууц биш. Ингэх нь буруу. Тухайн үед яагаад ийм бичиг авч байсныг тухайн үеийн намын удирдлагуудаас асуу” гэж байгаа юм. Уг нь тэрхүү 2016 оны бичигт нь 60 тэрбумын схемд хамтдаа нэр холбогдон яваа Д.Амарбаясгалангийн гарын үсэг дурайгаад байж байгаа шүү дээ. Тэр ингэж л өөрийн үнэн төрхөө баталсаар байна. Үнэнд гүйцэгдээд ирэхийн цагт буруугаа бусад руу булзааруулан чихэж, нөгөө талаар бусдыгаа ч хөлдөө чирнэ гэдгээ илэрхийлсэн. Учир нь мань хүн сонгуулийн дараа дээрхтэй утга адил бичгүүдийг авч байсан тохиолдлууд байдаг гэж өөрөө батлан хэлснээс нь илэрхий.

Мөн "60 тэрбумыг схем хэрэгжсэн юм бишүү” хэмээн асуухад "Тэрийг тодруулаад ярина биз” гэсэн тайлбарыг өгсөн. Хэн тайлбарлах болж байна вэ.

Түүний хийж буй үйлдэл, хэлж буй үгс нь зөрж, үнэнд гүйцэгдээд ирэв үү гэх хардлагыг дагуулахаас аргагүйд хүргэж байна. Хэрвээ тэр үнэхээр 60 тэрбумын схемд хамааралгүй нэгэн байсан бол олонд дэлгэгдээд байгаа албан бичгийг яагаад шалгуулахгүй байна вэ. Тэр нь өөрийг нь огцруулах үндэслэл бүхий хуулийн заалтад холбож байгаа шүү дээ. Тэд өөрсдөө хууль зөрчиж байгаагаа далдлахын тулд бусдаар туг тахиж байгаа юм биш биз.

Чанга дуугарч, шүгэл үлээсэн нь буруугүй гэсэн үг биш гэдгийг Л.Оюун-Эрдэнэ тэргүүтнүүд уг нь мэддэг л баймаар.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.