МАНАНТСАН НЬ
Монгол Улс нийгмийн шилжилт хийснээс хойшхи 30 орчим жилд Монгол ардын нам, Ардчилсан нам ээлжлэн, хослон төр барилаа. Нэг нь улс төрийн зүүний, нөгөө нь барууны баримжаатай гэгддэг. Гэхдээ эргээд харахад үзэл бодлын хувьд дундаа хийсэн заримдаг хувилбартай л даа. Жишээ нь, МАН ч, АН ч халамжийн бодлогод анхаарлаа хандуулдаг. АН хүүхдийн мөнгийг санаачилж байсан бол МАН шинээр гэрлэсэн хосод нэг удаа 500 мянган төгрөг өгөх шийдвэр гаргаж билээ. Харин хоёулаа 2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр эх орны хишиг сая, сая таван зуун мянган төгрөг өгөх санаачилгаараа өрсөлдөн манаргаж байв. Дээр нь энэ хоёр намын дотор өнгөлөх хэсэгт нь бизнесийнхэн жин дардаг. Өөрийнх нь нэр компанийнх нь лого мэт ойлгогддог олон хүн дээр дурдсан хоёр намын лидер гэгдэж УИХ-д сонгогдож, улс төрийн өндөр албан тушаал хашсаар ирсэн. Энэ өнцгөөс харах юм бол аль, аль нь бизнесийнхэнд талтай гэж ойлгогдоно. Товчхондоо, төрийн оролцоотойгоор томоохон бизнесүүдийг дэмжихийн сацуу зорилтот бүлэгтээ мөнгө, тэтгэмж өгөхийг чухалчилж иржээ. Ийм түүхтэй, эвсэж ч, эвдрэлцэж ч явсан энэ хоёр улс төрийн хүчний гуравдагч болж өндийсөн МАХН-аас анх “МАНАН”-тай тэмцэх тухай яриа гарсан шиг санагдаж байна. Харин энэ нэршлийг тугаа болгож манаргасан хүмүүс мөн л МАН, АН-аас гарсан юм даа. Бараг л дан ганц байгалийн баялагт түшиглэсэн эдийн засагтай орны хувьд хулгай зэлгий, хардлага сэрдлэг ч их байгаа. Хэрэг төвөг ч олон гарсан байлгүй дээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын яриад байдаг “Нүүрсчдийн нам”, “Уул уурхайг авсан 30 гэр бүл” зэргээс мөн л “МАНАН”-гийн сүнс үзэгдээд байдаг. Өнгөрсөн хугацаанд “МАНАН”-г хувиараа эсэргүүцсэн улстөрчид ч байлаа, хотол олноороо эсэргүүцсэн жагсаал ч болж байв. Хойтон жилийн сонгууль дөхөх хэрээр “МАНАН”-г эсэргүүцэгчид дахиад үзэгдэж эхэллээ. Гэхдээ аль нь жинхэнэ “МАНАН” юм бэ.
Н.АЛТАНХУЯГИЙН “МАНАН”
Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэдэг энэ хүнээс урьд нь “Шударга бусын хонгил” гэх нэршил гарсан. Одоо бараг хэвшмэл хэллэг мэт болж. Шүүх, хянах, шалгах чиг үүрэгтэй хуулийн байгууллагууд нэгэн гарт орвол түүгээрээ дамжуулан хэнийг ч яллаж болдог гэх ойлголт л доо. Харин тэрбээр өчигдөр мэдээлэл хийж “МАНАН”-г дэлгэв. Тэрбээр “2016 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр би арга байхгүй Монголын нийгэмд МАНАН гэдэг бүлэглэл бий болсон тухай хэлсэн. Тэр үед Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байсан. Хаан байсан. Би МАНАН-г хамгийн түрүүнд Ц.Элбэгдорж гэж боддог юм. Өөрийнх нь барьцаанд ордог буюу барьцаалагддаг нөгөө “бөлдөгддөг” хүмүүсээрээ Монголын төрийг дүүргэж, тэр хэрээрээ төрийг самарч орхисон хүн бол Ц.Элбэгдорж. Ц.Элбэгдорж үнэхээр хэцүү байсан. Түүний үед барьцаанд орсон, эсвэл “бөлдөгдүүлсэн” хүмүүсээр төрийн удирдах алба дүүрсэн. Шударга бусын хонгил дундуур хэдэн жил явж, ойр дотны хүмүүсээ орон шоронд явуулсан хүний хувьд би хэлэхээс аргагүй боллоо. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг. Энэ хүн найман жил УДШ-ийг толгойллоо. С.Зоригийн хэргийг гардан шийдсэн хүн. Д.Дорлигжав гэхэд бас л Ц.Элбэгдоржийн тушаалаар Ерөнхий прокурор болсон хүн. Миний найз л даа. Энд би хэдэн найзаа бас хэлэхээс өөр арга алга. Монголын төр 1937 он шиг дээрээсээ команд өгөхөд шууд гардан гүйцэтгэдэг хүмүүстэй болсон нь маш аюултай. М.Энх-Амгалан бас л Ц.Элбэгдоржийн тушаалаар Ерөнхий прокурор болсон хүн. Б.Хурц байна. Энэ хүнийг Баруун Европын шоронгоос авчирч АТГ-т орлогч дарга, ТЕГ-ын даргаар тавьсан. Сонгуулийн хуулийг битгий өөрчил гэж би Э.Бат-Үүлд их хэлсэн. Үгэнд ороогүй. Тэр гавьяа байгуулсан. Тэгээд ч баатар болсон. Намайг намынхнаа ингээд байх юм гэдэг. Монголд нам байхгүй болчихсон шүү дээ. МАНАН ба бусад гэдэг л ойлголт бий. Ц.Элбэгдоржийн мөнгө гэдэг чинь галзуу их мөнгө. Зөвхөн Эрдэнэтийн зэсийн баяжмалаас жилдээ 44 тэрбум төгрөг ганцаараа тууж байгаа хүн. Тэгээд дахиад намайг шүүхэд өг л дөө. Эрдэнэтийн овоолгын шороог ч үлдээхгүй П.Цагаантайгаа нийлээд үйлдвэр байгуулчихсан идэж байгаа. Цаана нь Эрдэнэтийн 20 мянган иргэн үйлдвэр байгуулна гэж хөөцөлдөөд хоорондоо хэрэлдээд, тэднийг өөр хооронд нь цохилдуулаад л явж байгаа хүн ш дээ. Ийм шударга бус юмыг бид хамтарч устгах ёстой шүү. Устгах устгахдаа сонгуулиас өмнө устгахгүй бол ямар ч сонгууль явуулна, МАНАН дахиад л гарч ирнэ. Би үйл явдал дээр тулгуурлаж, дандаа үнэн факттай юм ярьж байгаа шүү” гэв. Мөн “Ц.Элбэгдорж 2017 онд М.Энхболдод халаагаа өгөх тэгээд 2025 он хүртэл явах төлөвлөгөөтэй байсан. Энэ хоёр хүн өөрсдийн тоглоомын хүмүүсээр Ерөнхий сайд хийлгэдэг. Хуулийн байгууллагын удирдлагуудыг өөрсдийн хүмүүсээр бүрдүүлдэг” тухай ярьж байлаа.
С.ЭРДЭНИЙН “МАНАН”
Дээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн мэдээллийн зөвхөн нэг хэсгийг товчлон оруулсан. Ерөнхийдөө М.Энхболд, Ц.Элбэгдоржийн “МАНАН” гэх бүлэглэлд хамаардаг хэмээн АН, МАН-ын нөлөө бүхий хүмүүсийн нэрсийг дурдсан. Тэдний нэг нь АН-ын дарга С.Эрдэнэ. Тэгвэл өчигдөр УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ “Жинхэнэ МАНАН бүлэглэлийг үүсгэн байгуулсан хүн бол Н.Алтанхуяг нар. МАНАН гэдэг нь 2004 оноос үүдэлтэй. Анх "Алтангадас"-ыг байгуулж байхад МАН-аас Ц.Нямдорж, Сү.Батболд нарын маш олон хүн орж байсан юм билээ. Харин АН-аас Н.Алтанхуяг тэргүүтэй орж байсан түүхтэй. Тэр явсаар АН-ын том фракц болж хувирсан. Түүнчлэн 2004 оноос Н.Энхбаяр, Н.Алтанхуяг нарын оролцоотой эвслийн Засгийн газрыг байгуулсан. Улмаар 2008 онд төгс төгөлдөр биеллээ олсон. Тухайн оны долоодугаар сарын 1-ний цустай яргалалын үр дүнд хоёр намыг толгойлж байсан нөхөд улс төрийн тохиролцоо хийж эвслийн Засгийн газар байгуулсан. Стандарт бус эвслийн Засгийн газрыг байгуулсан байдаг. Тухайн үед АН-ын даргаар ажиллаж байсан Н.Алтанхуяг таван залуугийн амь насаар таван сайдын суудлыг наймаалцсан. Өөрөө Шадар сайд болж байсан. Тэр үед энэ асуудлыг хамгийн их эсэргүүцэж байсан хүн нь би" гэжээ. Түүнчлэн "Сүүлд бодож байхад 2008 оны долоодугаар сарын 1-ний үйл явдлыг далдлах зорилго төдийгүй ард нь Оюутолгойн луйврын гэрээг хийх нөхцөлөө хангах гэсэн болзлоор тухайн үед эвслийн Засгийн газар байгуулж ажилласан юм байна гэдгийг ойлгосон. Оюутолгойн гэрээг эсэргүүцэж байсан цөөн хэдэн гишүүн байдаг. Тэрний нэг нь би. Үүнээсээ болж янз бүрийн нэр, цол, хаяг зүүж ирсэн. Одоо ч зүүж л явна. Өнөөдөр МАНАН гэдэг нэрийг анх үүсгэж, хонгилыг бий болгосон хүн нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг. Надад МАНАН-гийн үнэр ч байхгүй. Би тэр үед ямар нэгэн албан тушаал хашиж байгаагүй. Сүүлд 2012 онд АН-ын ялалтын үр дүнд сайдаар ажилласан. Надтай холбоотой уул уурхай ч юм уу, өөр ямар нэгэн хуулийн зөрчилтэй зүйл байхгүй. Үүнийг ам бардам хэлнэ. Надад ямар ч МАНАН-тай холбоотой асуудал байхгүй. Өнөөдөр Н.Алтанхуяг АН-ын гишүүн биш. Намаас хэнийг ч хасч, нэмж болно. Н.Алтанхуяг АН-ын Үндсэн дүрмийг зөрчсөн гэх шалтгаанаар намаас хасагдсан. Тэр бол намын гишүүн биш хэрнээ гаднаас чулуу шидээд л явдаг хүн шүү дээ. Би нотлох баримттай л зүйл хэлнэ, худлаа юм ярихгүй" гэсэн байна.
Н.ЭНХБАЯРЫН “МАНАН”
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өөрийгөө Н.Алтанхуягийн яриад байгаа “Шударга бусын хонгил”-оор алхсан хүн гэдэг. Олон нийтийн дунд тараасан мэдээллээс нь харахад алхуулсан хүмүүс нь тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий прокурор Д.Дорлигжав гэж ойлгогддог.
Мөн түүнийг дуулиантай баривчлагдсан 2012 оны тэр нэгэн шөнө юу ч мэдээгүй өнгөрсөн Хууль зүйн сайд Ц.Нямдорж ч буруутаад байдаг талтай. Ийм болохоор МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнгөрсөн хавар мэдээлэл хийхдээ “МАНАН” бүлэглэлийн талаар ярихад хэн ч гайхаагүй. Гэхдээ сонирхолтой нь, түүнийхээр бол МАНАН-гийн толгойлогч нь олон нийтийн дунд хэв шинжээ олоод байсан улстөрч фигур биш болж таарсан. Тэрбээр "МАНАН бүлэглэл бол үнэхээр аймшигтай гэдгийг би мах цусаараа мэдэрсэн хүн. МАНАН-гийн гол эзэд нь Ц.Элбэгдорж, М.Энхболд мэтээр нийгэмд харагдаж байгаа. Үнэн хэрэгтээ жинхэнэ гол эзэн нь “сахал” Д.Эрдэнэбилэг. Би М.Энхболдод “Монгол Улсыг сүйрүүлэх ажиллагааг чи дэмжиж байна” гэж хэлж байсан. Үүнээс болоод бид хоёр зам салсан. “Сахал” Д.Эрдэнэбилэг бол жигтэйхэн шуналтай хүн. ХХБ-аар дамжуулж ажилладаг, “шударга бусын хонгил”-ыг байгуулсан хүн. Хууль, шүүхийн байгууллагын удирдлагууд Ц.Элбэгдоржийн тушаалаар томилогдсон мэт боловч үнэндээ Д.Эрдэнэбилэгийн тушаалаар томилогдсон. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг бол “сахал” Д.Эрдэнэбилэгийн гарын хүн. Бүх тушаалыг нь хэрэгжүүлдэг. 60 тэрбумын луйвар боллоо гэдгийг манай намын ЕНБД Э.Эрдэнэжамъян анх зарласан. Үүнийх нь төлөө бүх шатны шүүхээр чирж явсаар байгаад өнөөдөр олон сая төгрөг төлөх ял оноосон. 60 тэрбумаар хохирсон хүн бол Э.Эрдэнэжамъян. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар хувьчилсаныг мэдээд УИХ-ын гишүүн байсан З.Баянсэлэнгэ анх олон түмэнд зарласан. Гэтэл Ч.Сайханбилэг, З.Баянсэлэнгэ хоёр нэг тогтоол дээр хоёулаа гарын үсэг зурсан байхад Ерөнхий сайд байсан Ч.Сайханбилэг мултраад сайд байсан З.Баянсэлэнгэ ял авсан. Тэгээд л та нар бодоод үз. Ц.Зориг гэж хүн Д.Эрдэнэбилэгийн удирдлагаар ажиллаж байгаа учраас тэр. М.Энхболд, Ц.Элбэгдорж хоёр бол “сахал” Д.Эрдэнэбилэгийн гарын хүн. Тэр хүн Хөтөлийн цементийн үйлдвэрийг зүгээр авсныг буцаах хэрэгтэй. “Саус гоби сэндс” гэж томоохон уурхай байдаг. Хууль бусаар авсан улсын өмчүүдийг нь буцааж авах хэрэгтэй. Л.Оюун-Эрдэнэ гишүүн “Хууль, шүүхийн байгууллагуудын удирдлагуудыг Сингапурт хуралдаж, томилдог” гэж ярьсан нь үнэн шүү дээ. Би энэ М.Энхболд, Ц.Элбэгдоржийг өмөөрсөндөө биш, Л.Оюун-Эрдэнэ мэт залуучууд гарч ирээд ярьж байгаа нь сайн хэрэг. Өмнүүр нь ороод яах вэ гэж бодсон. М.Энхболдыг ажлаас нь чөлөөлөөд тайвшрах гээд байна. Одоо бид тэмцэх хэрэгтэй. Жинхэнэ МАНАН-г эдийн засгийн сууриар нь устгахгүй бол устахгүй. Хууль, шүүхийн байгууллагад томилсон хүмүүсийг нь авахгүйгээр унахгүй” гэж билээ.
“МАНАН”-ТАЙ ИРЭЭДҮЙ
Дээрх бүх хүний ярьсан зүйлийг хараад байхад хэрэвзээ “МАНАН” гэж байгаа бол хуулийн хамгаалалттай улс төр, бизнесийн бүлэг юм байна. Гэхдээ дээр дурдсан өөр хоорондоо эсрэгцсэн байр сууриуд эргээд яг бодитой МАНАН байдаг уу гэсэн асуулт дагуулж байгаа юм. Аль нэг улстөрч мандан бадарч явах үедээ итгэл даах хүмүүсийг сонгон өндөр албан тушаалд томилдог. Тиймээс хардах сэжиглэх явдал гарах нь зүйн хэрэг. Гэхдээ тэр болгоныг нэгэн бүлэг гэж хараад байвал эцэс төгсгөлгүй үргэлжлэх юм биш үү гэсэн болгоомжлол ч төрж байна. Төрийн алба хэний ч өнгөн дээр тасралтгүй ажиллах л учиртай гэдгийг ч бодолцсон шүү дээ. Аливаа нэг хуйвалдаан байсан байж болно. Харин хуйвалдаж байна гэж сэжиглээд заншчихвал, нэг хэсэг нь нөгөөгөө ийм нэр хочоор намнадаг явдал дадал болчихвол аюултай л гэх гэсэн санаа. Ерөөсөө тэгвэл өнөөдөр төр түшиж байгаа хүмүүс МАНАН болоод манаргахгүй байгаа гэж хэн нотлох юм бэ. Хэдэн жилийн хойно өөр нэгэн “МАНАН”-г даран сөнөөх дараагийн аян эхлэх юм биш байгаа. УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нэгэнтээ “Шинэ МАНАН үүсээд байна. У.Хүрэлсүх, Х.Баттулга гэдэг хоёр хүний МАНАН-тай болчихоод байна” гэж байлаа. Энэ ирэх тав, арван жилийн улс төрийн зодооны сэдэв болоод явчихаж магадгүй юм биш үү. Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын үед томилогдсон албан тушаалтнууд алга болсон, Д.Эрдэнэбилэг гэдэг хүн хуулийнханд ээрэгдээд таг чиг байгаа үед “МАНАН”-гаар ангасан ард түмэнд хэн юуг шидэж өгөх нь л сонин байна даа.
Ж.Баярсайхан
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл