ХУД-ийн нутаг дэвсгэрт өнгөрөгч есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө дуучин ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, Монгол улсын СТА Б.Амархүү гэрийнхээ гадна зогсоолд өөрийн эзэмшлийн автомашин дотроо хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхдаа ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдад баригдсан юм.
Түүний гэр болон биед үзлэг хийхэд хар тамхи илэрсэн тул хорих 461-р ангид саатуулсан. Түүний цагдан хориог сунгах эсэхийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд есдүгээр сарын 21ны өдөр нэг сар цагдан хорих шийдвэр гаргасан билээ.
Тэгвэл түүнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Одоогоор хурлын тов гараагүй байгаа аж.
Б.Амархүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ийнхүү шүүхэд шилжүүлсэн байна. Уг заалтад "Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял онооноо" гэжээ.
Сэтгэгдэл