Улсаа дампууруулсан улстөрчид


 

Улсаа дампууруулсан улстөрчид

 

Монгол Улс саарал жагсаалтад орсон ороогүй гэж бид олон ч хоног маргалдлаа. Эцэст нь улстөрчид, УИХ-ын гишүүд хүртэл энэ жагсаалтад ороход айх зүйл байхгүй хэмээн суртал ухуулга ч хийж үзлээ. Ер нь манай улс яагаад, юунаас болоод ийм байдалд хүрсэн тухайг нэг ч хүн одоогоор яриагүй л байна. Тухайлбал, ФАТФ 2016 онд манай улсыг санхүүгийн "Хар жагсаалт”-ад оруулах шахсан. УИХ Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль баталснаар ФАТФ-ын хараанд өртсөн хэрэг. Тэд "Монгол санхүүгийн гэмт хэрэгтнүүдийнхээ толгойг илээд өнгөрөөдөг завхарсан улс байна” гэсэн өнцгөөс асуудалд хандсан. Бид "Энэ бол эдийн засгийнхаа нөхцөл байдлыг улам сайжруулах, харин ч ил тод болгох зорилготой шийдэл байсан” гэж тайлбарлан, "Хар жагсаалт”-ын хаалгыг татахаас аврагдсан юм. Гэвч "Саарал жагсаалт”-ад оруулах сануулга авсан билээ. ФАТФ гэж ямар учиртай байгууллага болох, "Саарал жагсаалт”-ад орчихвол эдийн засагт ямар сөрөг нөлөө үзүүлэх, бид юу хийх ёстой вэ гэх мэт асуулт зайлшгүй ургана.

"ФАТФ нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх дэлхий нийтийн санхүүгийн системийг хамгаалах бодлого боловсруулж, мөрдүүлэх үүрэг бүхий,  Засгийн  газар хоорондын, хараат бус бүлэг юм. ФАТФ-ын зөвлөмж нь дэлхий нийтийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стандарт гэж хүлээн зөвшөөрөгдсөн” гэж тодорхойлжээ. Санхүүгийн арга хэмжээ авах бүлэг буюу ФАТФ-ыг анх дэлхийн долоон том гүрэн хамтран байгуулжээ. Ямар зорилготой байгуулсан нь дээрх тодорхойлолтоос бүрэн ойлгогдох болов уу. Одоогоор тус байгууллагын гишүүн 20 улс, олон улсын хоёр байгууллага бий. Хэдийгээр манай улс тус байгууллагын гишүүн биш ч гэлээ  "Хар жагсаалт”-ад      багтвал томоохон орнууд манайхаас эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагаагаа таслах учраас бид өгсөн.    

даалгавар зөвлөмжийг заавал биелүүлэх учиртай.  

СААРАЛ ЖАГСААЛТ ГЭЖ ЮУ ВЭ?      

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэдэг нь гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, гарал үүслийг нь далдлахыг хэлдэг. 1989 онд "Их долоо”-гийн шийдвэрээр FATF буюу Санхүүгийн арга хэмжээ авах байгууллага байгуулагдсан бөгөөд нийт 35 гишүүн орон, 2 бүсийн байгууллага багтдаг. Монгол Улсын хувьд FATF-ийн гишүүн биш ч Ази, Номхон далайн бүсийн бүлгийн (APG) гишүүнээр 2004 онд элссэн юм. FATF болон APG-ийн гишүүн орнууд нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл багатай итгэлт түншид тооцогддог. Хэрэв зохих шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тодорхой хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлэх   боломжийг олгодог. Эс бөгөөс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй орон гэж үзэн "хар”, "саарал”   жагсаалтад оруулах арга хэмжээ авдаг.

"Хар", "саарал" жагсаалтад орвол юу болох вэ?

Олон улсын байгууллагууд хамтран ажиллахаас татгалзах
Гадаадын харилцагч банкууд харилцаагаа таслах
Гадаадын хөрөнгө оруулалт зогсох, гадаад худалдаа багасах
Тухайн жагсаалтанд орсон улс орны иргэд гадаад улсад картаар гүйлгээ хийх боломжгүй болох
Гадаад шилжүүлгийн гүйлгээг хийх боломжгүй болох, шалгалт улам чангарах, буцаах                                                  

Улмаар эдийн засаг агших, ард түмний амьжиргаа доройтох

ℹ️Монгол Улсын хувьд ямар эрсдэл үүсээд байгаа вэ?

APG нь гишүүн орнуудынхаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд үнэлгээ хийдэг бөгөөд Монгол Улсын 2017 оны тайланг хэлэлцээд Хангалтгүй гэж дүгнэсэн. Улмаар хууль тогтоомждоо нэмэлт, өөрчлөлт оруулж хэрэгжилтийг нь хангуулах үүрэг өгсөн билээ. Хэрэв манай улс энэ үүргийг биелүүлэхгүй бол "саарал” жагсаалтад орох бөгөөд ингэснээр санхүүгийн тогтвортой байдалд аюул учрах нөхцөл байдал бүрдээд байна. Монгол Улсыг "саарал ” жагсаалтад орох эсэхийг 2019 оны 10-р сард шийдэх юм.

Монгол Улс анх удаа ийм нөхцөл байдалд орж байна гэж ойлговол өрөөсгөл юм. 2013 онд FATF-аас манай улсыг Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиндаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зохицуулалтыг хийгээгүй гэсэн шалтгаанаар "өндөр эрсдэлтэй болон хамтран ажилладаггүй улс” буюу "саарал” жагсаалтад оруулж байсан.

Тухайн үед УИХ-аас холбогдох хуулиудад яаралтай нэмэлт өөрчлөлт оруулж, 2014 оны 1-р сард тус жагсаалтаас гарч байсан түүхтэй. Энэ үед гадаад төлбөр тооцоо саатаж байсан хэдий ч Монгол Улсын гадаад харилцаа, эдийн засгийн нөхцөл байдал өнөөдрийнхтэй харьцуулахад бага байсан учир мэдрэгдэхүйц доргио үзүүлээгүй юм.

Эдүгээ APG нь тухайн улсын үнэлгээг хийхдээ хууль тогтоомжид тусгагдсан байдал, түүний хэрэгжилт гэсэн хоёр чиглэлээр хийдэг болжээ. Манай улсын хувьд мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж, шүүхээс ял авсан тохиолдол бүртгэгдээгүй нь ихээхэн шүүмжлэл дагуулдаг. 2011 оноос хойш нийт 4,345 хүнийг мөнгө угаасан байж болзошгүй гэсэн асуудлаар шалгаж, 46 хэрэг мөрдөн шалгах шатанд шилжсэн ч 2 хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгожээ. Энэ нь манай улсад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо сонгодог утгаараа ажиллахгүй, хэрэгжилт хангалтгүй байгааг дүгнэж болохоор байгаа юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.