Нэг биений хоёр нүүр


Онгоц сүйрэх болоход хархнууд хамгийн түрүүнд зугтдаг гэдэг. Тэрэн шиг Монгол Улс саарал жагсаалтад орсон сургаар манай улстөрчид хамгийн түрүүнд хариуцлагаас зугтаж байна. Энэ нь өнгөрсөн өдрүүдийн МАН-ын бүлгийн хурал, түүний дараахь мэдээлэл, Байнгын хорооны хуралдаан зэргээс харагдав. Буруу нь “арилжааны банкуудаас боллоо”, “Сангийн яам ажлаа хийсэнгүй”, “Хуульзүйн сайд үндэсний зөвлөлөө ажиллуулсангүй” гэх зэргээр буруутны өөрөөсөө холдуулсан албан тушаалтнуудын биесээ тойрсон хэрүүл долоон хоногийн турш үргэлжиллээ. Эцэст нь, УИХ-ын дарга УИХ-ын даргаас Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга хоёрт хариуцлага тооцохыг мэдэгдсээнр үйл явдал намжив. Зэрэгцээд сангийн сайд, хуульзүйн сайдад ч хариуцлага тооцох ёстой АН-аас шаардлаа.

Саарал жагсаалтад орсон шалтгаан нь өмнөх үеийнх байж болно. Харин тэрхүү алдааг засах, саарал жагсаалтад дахин оруулахгүйгээр улсаа авч гарах нь одоогийн албан тушаалтнуудын үүрэг юм. Энэ бол бултах аргагүй үнэн. Төрийн залгамж чанар энд л оршдог. Саарал жагсаалтад орох шалтгаан нь эднийг алба хашиж байх үеэс эхтэй, тэднээс л болсон гээд одоо гудамжинд яваа сул иргэн Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд, Хуульзүй дотоод хэргийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан асан албан тушаалтнууддаа хариуцлага тооцох уу. Үгүй ээ, одоо эдгээр албыг хашиж байгаа нь илүү хариуцлага хүлээх учиртай. Тэд саарал жагсаалтад оруулах эрсдлийг арилгаж чадаагүйнхээ төлөө улс төрийн болоод ёс зүйн хариуцлага хүлээх нь шударга ёс. Гэтэл тэд “арьсаа хамгаалах” шал эсрэгээр, “саарал жагсаалтад орсон нь сайн”, “харин ч хар жагсаалтад орох байсныг сайн ажиллаж байж сааралд орууллаа”, “айх юмгүй хоёр хууль батлаад л саарлаас гарчихна” гэх зэргээр тархи угааж байна. Тэгвэл эдгээр эрхмийн зарим нь өмнө нь саарал жагсаалт гэж юу болох, орвол Монголд юу болохыг, мөн одоо юу гэж ярьж байсныг эргэн сануулъя.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар саарал жагсаалтад орохоос өмнө

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Саарал жагсаалтад орвол Монгол Улсын зээлжих зэрэглэл буурна, хөрөнгө оруулалт багасна, гадаадад хийгдэх валютын гүйлгээнд сөргөөр нөлөөлнө. Цаашлаад эдийн засагт муугаар нөлөөлөх эрсдэлтэй.

Эх сурвалж: http://eagle.mn/r/63509

Саарал жагсаалтад орсны дараа

Саарал жагсаалтыг дагасан ямар нэгэн хориг арга хэмжээ байхгүй учраас Монгол Улсад бүрэлдэж байгаа эдийн засгийн дархлаа, төлөв байдал, экспортын нөхцөл байдлаа харахад ханш өсгөх, паанигтуулах явдал болохгүй гэж харж байна. Багахан савлагааг даваад гарах эдийн засгийн дархлааг бий болгож, тогтвортой байх боломж бүрдсэн.

Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Саарал жагсаалтад орсоны дараа

Тэр саарал жагсалатад орсон асуудал надтай хамаагүй шүү. Энэ асуудлыг улстөржүүлж байна. 2013-2016 оны хоорондох санхүүгийн байдлаар үнэлгээ хийсэн. Энэ үнэлгээ хийх үед Ил тодын хууль гарсан. Монголын хөрөнгийн хэмжээ 34 их наядаар нэмэгдэж сэжигтэй хөрөнгийн хөдөлгөөн хийгдсэн үеэр энэ шалгалтад орсон. Энэ хуулийг гаргаж манай хөрөнгийн хэмжээ 150 хувиар нэмэгдсэн нь мэдээж хэрэг гаднын байгууллагад сэжиг төрж таарна. “Монгол Улсыг эрчимтэй хяналтад биш өргөтгөсөн хяналтад орууллаа” гэсэн зөвлөмж холбогдох газраас надад захидал ирүүлсэн. Одоо хоёр хууль баталчихвал саарлаас гарчихна.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан саарал жагсаалтад орохоос өмнө

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2019 оны зургадугаар сарын 12-нд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Хэрэв Монгол Улс саарал жагсаалтад орох тохиолдолд гадаадын банкууд дотоод банкуудтай төлбөр тооцоо хийхээ зогсоож, Монгол Улсын гадаад төлбөр тооцоонд хүндрэл бий болж, гадаад худалдааны зээл зогсохын зэрэгцээ гадаад санхүү, эдийн засгийн хамтын ажиллагаа, гадаадын хөрөнгө оруулалтад маш ноцтой сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.

Саарал жагсаалтад орсны дараа

Бид хар жагсаалтад орохгүйн тулд саарал жагсаалтад орсон. С.Чинзориг сайдаа, энэ бол зөвхөн Монголбанкны ажил биш ээ. Засгийн газар ч ажиллах ёстой байсан. Ялангуяа асар дуулиантайгаар хэргүүдийг шалгаж эхэлдэг. Гэтэл шүүх дээр хэрэг нь шийдэгддэггүй. Энэ бүхэн чинь саарал жагсаалтад ороход нөлөө үзүүлсэн. Арилжааны банкуудын асуудал саарал жагсаалтад ороход нөлөөлөөгүй гэдгийг дахин хэлье.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн саарал жагсаалтад орсны дараа УИХ-ын даргатай уулзах үеэрээ илэрхийлсэн байр суурь

ФАТА-ын зөвлөмжтэй холбоотойгоор банк бус санхүүгийн байгууллагад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх аливаа үйл ажиллагаа байвал түүнийг хянаж шалгаж, зохицуулах ажлаа СХЗХ өнгөрсөн жилүүдэд хийсэн. ФАТА-аас гарсан дөрвөн зөвлөмжийн нэгд санхүүгийн бус бизнессийн үйл ажиллагаа буюу алт мөнгөний дархан, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагааг хянаж шалгах нь зүйтэй гэдэг зөвлөмжийг гаргасан. Энэ зөвлөмжтэй холбоотойгоор хуульд өөрчлөлт орсон.

Тэдний байр суурь ингэж өөрчлөгджээ. Өнөөдөр хашиж буй албан тушаалтайгаа үлдэж л байвал Монгол Улс санхүүгийн хоригт орох, орсон байх нь тэдний хувьд аравдугаар асуудал бололтой. Тэд ингэж л нэгэн биедээ хоёр ба түүнээс олон нүүртэй явж чаддаг тулдаа улстөрд удаан явж, албан тушаалаа хадгалж чаддаг ажээ. Нэг үнэн юм бий. Хэрвээ Монгол Улс сая саарал жагсаалтад ороогүй мултарсан бол эдгээр хүмүүс саарал жагсаалтын сөрөг талыг хар жагсаалтынхаас нь давуулан уралдан ярьж аваргчийн дүрд тоглох байлаа.

Т.Баяр

Эх сурвалж: itoim.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.