17 шүүгчийн эрхийг түдгэлзүүлснээс шүүгчдийн ачаалал 2 дахин нэмэгджээ


17 шүүгчийн эрхийг түдгэлзүүлснээс шүүгчдийн ачаалал 2 дахин нэмэгджээ

 

-  Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд шийдвэрлээгүй 982 хэрэг хүлээгдэж байна

Монгол улсын Ерөнхий­лөгчийн зарлигаар өнгөрсөн хавар 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн билээ. Тэдгээр шүүгчийг Салхитын мөнгөний орд эзэмшилтэй холбоотой маргаан шийдвэрлэхдээ хууль зөрчсөн байж болзошгүй гэх үндэслэлээр Авилгатай тэмцэх газраас өнгөрсөн хавраас эхлэн шалгаж эхэлсэн юм. Гэвч уг хэрэг өнөөг хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна. Шүүгчдийн бүрэн эрхийг буцааж сэргээх эсэх нь тодорхойгүй байгаа тул тэдний орон тоонд шинээр шүүгч томилох боломжгүй болжээ. Үүний улмаас шүүгчдийн хүрэлцээгүй байдал бий болж, иргэний хэргүүд шийдэгдэхгүй хүлээгдэж, нэхэмжлэгчдэд хүндрэл учруулж, хариуцагч нарт завшаан болж байна. Бүрэн эрхээ түдгэлзүүлсэн шүүгч эрхээ сэргээлгэх хүртлээ шүүн таслах ажилла­гаанд оролцох боломжгүй болж, ажлаасаа чөлөөлөгддөг.  Хариуцаж байсан хэрэг маргаан нь өөр шүүгчид шилждэг юм байна. Үүний улмаас анхан болон давж заалдах шатны шүүгчдийн ажлын ачаалал эрс нэмэгджээ. Тиймээс нийслэлийн бүх шатны шүүгч нар өнгөрсөн хавраас хойш ээлжийн амралтаа авч чадахгүй байгаа төдийгүй илүү цагаар ажиллаж буй гэнэ. Мөн энэ байдлаас болж улсын дээд шүүхийн иргэний танхим хэрэг шийдвэрлэх эрх зүйн чадамжгүй болсон аж. Учир нь, тус танхимын найман шүүгчийн тавынх нь бүрэн эрхийг түдгэлзүүлсэн билээ. Гэтэл хэрэг маргааныг заавал таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх ёстой учраас өнөө­гийн байдлаар дээд шүүхийн иргэний танхимд 982 хэрэг хэлэлцэгдээгүй хүлээгдэж байна. Дээрх 17 шүүгчийн найм нь нийслэл, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч байсан тул мөн ийм байдал үүссэн аж. Шүүх бүрэн, бүрэлдэхүүнээрээ ажиллаж байхад ч эл газрын ачаалал маш өндөр байдаг. Нэг шүүгч жилд 75 хэрэг шийдвэрлэх олон улсын стандарт бий. Харин Шүүхийн ерөнхий зөвлөлийн өнгөрсөн оны судалгаагаар нийслэл, дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэг шүүгч жилд дунджаар 310 хэрэг шийдвэрлэдэг нь тогтоогдсон. Энэ нь дэлхийн жишигтэй харьцуулахад маш өндөр үзүүлэлт. Гэтэл одоо эл ачаалал хоёр дахин нэмэгдсэн гэхээр өдгөө тун хэцүү байдал үүссэн нь тодорхой байна. Албаны хүний үгээр бол өнөөдөр нэг шүүгч 620 хэрэг шийдвэрлэх шаардлагатай болсон гэсэн үг. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өчигдөр зохион байгуулсан "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлын үеэр Шүүхийн судалгааны мэдээлэл, сургал­тын хүрээлэнгийн захирал Ц.Мандахаас дээрх асуудлын талаар тодрууллаа. Тэрбээр "17 шүүгчийн бүрэн эрхийг сэргээх эсэхийг Монгол улсын Ерөнхийлөгч эцэслэн шийдвэрлэдэг. Одоогоор бидэнд ямар нэг мэдээлэл ирүүлээгүй, асуудал тодорхой бус байдалтай байна. Эдгээр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсний улмаас маш олон хүндрэл үүсээд байна. Бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байх үедээ ч шүүгч нар цаг наргүй ажилладаг. Тиймээс дээрх шүүгчдийг шалгаж дууссан бол бүрэн эрхийг нь сэргээж, ажилд нь яаралтай томилох шаардлагатай байна” гэдгийг онцолж ярилаа.
 
О.Даваасүрэн
 
Засгийн газрын мэдээ
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.