Хятадын спорт сургуулиуд хүүхдүүдээ алдаж байна


Спортын ертөнцөд амжилтаараа цойлох болсон хятад тамирчид хар бага наснаасаа хийсэн эрчимтэй бэлтгэл, хатуу чанд дасгал сургуулилтын хүчинд өдий зэрэгт хүрснийг дэлхий нийтээрээ мэднэ. Гэвч 1980-1990-ээд оны үед эцэг эхчүүдийн хамгийн ихээр хошуурч байсан спортын дунд сургуулиудын хэтэрхий хатуу дэглэмээс болоод өнөө үед хүүхдүүдээ өгөх нь эрс багасч байгаа гэнэ. Хятадуудын ахуй амьжиргаа сайжирч, дундаж давхаргынхан тэлэхийн хэрээр хүүхдээ спортоор биш, урлаг соёлын чиглэрээр хөгжүүлж, өндөр боловсролтой болгох нь эцэг эхчүүдийн гол зорилго болжээ. Нөгөөтэйгээр хүүхдийг нялх балчир гэлтгүй хатуу дэглэмээр сургаж бэлтгэдэг спорт сургуулиудаас орчин үеийн эцэг эхчүүд халшрах болжээ. Тиймээс БНХАУ-ын эрх баригчид спортын дунд сургуулиудыг дасгал бэлтгэлтэйгээ эн тэнцүү ерөнхий боловсролын мэдлэг олгоход анхаарахыг үүрэг болгосноор сургуулиудын хичээлийн хөтөлбөр аажмаар өөрчлөгдөж байгаа аж. Эдгээр сургуульд олон мянгаар нь ирээдүйн тамирчдыг бэлтгэдэг ч олимп, дэлхийн аварга болох нь цөөхөн учраас үлдсэн хүүхдүүдийг спортын ертөнцөд амжилт олоогүй ч зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин болгоход анхаарч байгаа нь энэ юм.1987 оноос хойш Хятадын ширээний теннисийн тамирчдын тоо 25 орчим хувиар буурч 23 мянгад хүрсэн нь хятадуудын хандлагыг тодорхой илэрхийлж байна. 1990 оны үед Хятад даяар 3687 спорт сургууль байсан ч сүүлийн жилүүдэд хаалгаа барьсаар, тоо нь огцом буурсан хэмээн хэвлэлүүд мэдээлж байгаа юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.