Улсаараа нэг сааралтчихсан энэ үед эрх баригч намынхан иргэдийнхээ халаасыг тэмтэрч татвар нэмэхээр улайрч байгаа нь үнэхээр эмгэнэл. Өөрөөр хэлбэл, эрх баригч намынхан "ОУВС-нд хамрагдахдаа Нийгмийн даатгалын санд төлөх шимтгэлийг нэмэгдүүлэхээр хуулийн төсөл баталсан. Хуулийн төсөл өнөөг хүртэл хэрэгжээд явж байгаа. Нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувиар нэмэхээс өөр арга байхгүй. Үүнийг буцаах аргагүй" хэмээн гонгинож байна. Юм л бол нэмнэ, хязгаарлана, хасна, танана гэдэг үг зөвхөн эрх баригч намынхны амнаас л гардаг үг болсон. Хэрвээ тэд улсын мөнгийг зөв зохистой зарцуулсан бол өнөөдөр Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтэж гадна дотноос элдэв янзын мөнгө төгрөг гуйхгүй л байсан. Өөрсдийнхөө буруу болгоныг ард түмэндээ үүрүүлж тэдэнд улам их ачаа үүрүүлж байгаа нь эмгэнэлтэй. Ийм л арчаагүй төртэй болсон учраас ард түмэн сошиал ертөнцөөр би татвар төлөхгүй гэх аяныг эхлүүлж байхав дээ.
Аргаа барсан баялаг бүтээгч УИХ-ын гишүүн Ц.Гарамжав маш их бухимдалтайгаар ийн хэлсэн юм. Тэрбээр "Улсын төсвийг татвар төлөгчид бүрдүүлдэг. Тэд эдийн засгийн хүнд цаг үед долларын ханшийн өсөлтийг ч нуруун дээрээ үүрч яваа. Улс орны хөгжил, баялгийг бүтээж байгаа ажил олгогч аж ахуйн нэгж, хөдөлмөрч иргэдийг хэрэгжихгүй байгаа хууль, нийгмийн даатгалын нэмэгдлээс хэн хамгаалах ёстой юм. Төр энэ үүргээ гүйцэтгэж зөв бодлого гаргаж ирэх ёстой. Бид татвар авна авна, тат тат гэсэн бодлого явуулж болохгүй. Татвараа сайн төлж байгааг дэмжих хэрэгтэй. Хүнд байгаад нь хөнгөлсөн бодлого явуулах хэрэгтэй. Татвар төлөгчдөө дэмжиж байж татвараа ав. Татвар төлөгчдөө олон болгож байж татвараа ав. Нэмэхгүй нэмэхгүй гэчихээд цаагуураа нэг хоёр хувиар нэмээд байна. Ингэж ард түмнээ хуурч болохгүй" хэмээсэн нь үнэн үг.
Үүгээр ч зогсохгүй ард түмний санаа бодлыг сонссон Ерөнхийлөгчийн зүгээс ч НДШ-ийн 2 хувийн нэмэгдэл дээр хориг тавих болго гэдгээ ч өчигдөр мэдэгдсэн.
ЕТГ-ын дарга З.Энхболд "Төсвийн тухай хууль дахь Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлэх хуульд хориг тавихаар болсон. Одоо бэлтгэж байна. УИХ-аас 2020 оны төсвийн тухай хууль манайд ирээгүй байна. Ирээд тав хононо. Тэр хооронд Нийгмийн даатгалын шимтгэлийн 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс нэмэгдэх хоёр хувийн нэмэгдэл дээр хориг тавина. Түүний өмнөх гурван хувийн нэмэгдэл өнгөрсөн учраас хориг тавих боломжгүй. Тэгэхээр 25 хувь болох шимтгэлийн хоёр хувь дээр хориг тавих гээд бэлтгэж байна" гэсэн.
Өнгөрсөн баасан гарагт МҮЭ-ийн холбооноос Нийгмийн даатгалын шимтгэлийг эсэргүүцэж жагсаал хийхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийг 2020 оны төсөвт хориг тавих бүрэн эрхээ хэрэгжүүлэхийг хүссэн. Үүний дагуу Ерөнхийлөгч хэсэгчилж Нийгмийн даатгалын шимтгэл дээр хориг тавихаар болсон юм.
Гэтэл Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавих болно гэсэн мэдээллийг хийсний дараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар яаран сандран өөрийн твиттер хуудаснаа дараа мэдэгдлийг оруулсан юм. Тэрбээр "Энэ нь үнэн хэрэг дээрээ ОУВС-ын хөтөлбөрт Ерөнхийлөгч хориг тавьж байна гэсэн үг. ОУВС-тай хамтарч хэрэгжүүлж байгаа ХӨТӨЛБӨР үр дүнгээ өгч байгаа, дампуураад зогсчихсон байсан эдийн засгаа, өндөр хүүтэй зээл, бондуудад дарлуулж байснаа эргэж нэг санаач гэж хэлье дээ " хэмээн дургүйцлээ илэрхийлсэн нь иргэдийн бухимдлыг ихэд төрүүлж Ерөнхийлөгчийг энэ хоригийг заавал хийлгэхэд хүргэлээ.
Сэтгэгдэл