МАХН-ынх мөртлөө намтайгаа "иргэний дайн" хийж яваа О.Баасанхүү гишүүн алга ташмаар санаачилга гаргаж. Тэрбээр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын үеэр авлигын хэргээр ял эдэлж байсан хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх зарчмын зөрүүтэй санал гаргасан. Саналыг нь байнгын хорооны хуралд оролцсон гишүүд дэмжсэн байна билээ. Зөв, Монголд ус, агаар мэт дутагдаж байгаа шударга ёсыг тогтооход нөлөлөхүйц санал. Гэхдээ О.Баасанхүү гишүүн санал гаргахдаа арай л дутуудуулчихаж. Зөвхөн ял эдэлсэн гэлтгүй цагдаагийн байгууллагаар шалгуулсан, урьдчилсан хорих төвөөр ороод гарсан. Цаашлаад улсын олон санг "хоосолсон" улстөрчдийг ч гэсэн нэр дэвшүүлэхгүй байх санал гаргах байсан юм. Дараа дараагийн хэлэлцүүлгийн үеэр нэмж санал гаргаарай. Манай шударга гишүүд дэмжих байх.
Харин О.Баасанхүү гишүүний дутуу дулимаг гаргасан саналаас болж МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр Төрийн ордонд "морилж", баахан дөвчигнөлөө. МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, ТББХ-ны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нартай уулзаж, ярилцсан байна. Мөн сэтгүүлчдэд "О.Баасанхүү улстөрийн захиалгатай ажиллаж байгаа. Ийм байдлаар миний нэр дэвших эрхэнд халдаж болохгүй. Энэ бол Н.Энхбаярт зориулсан заалт. Насан туршид минь ингэж яллаж болохгүй. Сонгуулийн хуулиар намайг шинээр яллаж, нэр дэвших боломжийг минь хаахыг оролдож байна. Ингэж Үндсэн хуулийн заалтаа харсан ч тэр хүний эрхийг ингэж хохироож болохгүй" хэмээж.
Нэг талаар Н.Энхбаяр даргын уурлаж, ундуйцах нь зөв. Ямар ганцаараа авлига, албан тушаалын хэрэгт нэр хутгалдаж, хорих газрын хаалга татаж, бие нь муудсан биш. Намаасаа урваж байгаа аятай дарга руугаа чиглэсэн дайралт хийж байгаа О.Баасанхүү гишүүний үйлдэл ч хогийн байлаа. Нөгөө талаар Монголын төр Н.Энхбаяр тэргүүтэй хөгшчүүлээр дутаагүй ээ. Тэр дундаа авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон, ял авсан, шалгуулж байгаа хүмүүсийг ч нэр дэвшүүлж болохгүй. Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт тэргүүтнүүд хамгийн түрүүнд энэ жагсаалтад орох учиртай. Гурвуулаа л асар их авлига авсан гэх хэрэгт сэжиглэгдэж, цагдаагийн байгууллага шалгасаар л байгаа.
Одоо болтол буруутай эсэхийг нь эцэслэн шийдэж чадаагүй. Хар тамхи татаж байгаад үйлдэл дээрээ баригдсан дуучныг шүүх шийдвэр гаргаад л суллачихаж байна. Тийм байхад авлига, албан тушаалын хэргийг шүүх үнэн зөвөөр шийднэ гэж итгэлтгүй. Хуульд шүүхээр гэмт буруутайг нь тогтоох хүртэл хэнийг ч буруутайд тооцож болохгүй гэдэг заалт бий. Логикоороо бодвол бас шүүхээр гэм буруугүй гэдгийг эцэслэн тогтоогоогүй байхад хэрэгт холбогдон шалгуулж байгаа хэнийг ч буруугүй гэж үзэж боломгүй.
Н.Энхбаярыг шүүх тэртээ тэргүй буруутай гэж үзсэн. Ял ч оноосон. Авлига, албан тушаалын хэргээр ял эдэлсэн гэсэн үг. Бусад өндөр албан тушаалтнуудын хэргийг шийдэж чадахгүй л байна. С.Баярын олон хаус, С.Баярцогтын оффшор бүс дэх олон сая ам.долларын асуудал. Ч.Сайханбилэгийн Оюутолгойн гэрээтэй холбоотой ноцтой үйлдлүүд. Цаашлаад "Эрдэнэт" үйлдвэрийг гадаадын банкинд барьцаалж, зээл авсан асуудалд оролцсон байх магадлалтай албан тушаалтнуудын хэрэг ч шийдэгдээгүй, гацсан хэвээр. Мөн нүүрс алдагдсан, хөгжлийн банктай холбоотой гээд маш олон хэргийг, тэнд орооцолдсон, шалгуулж байгаа албан тушаалтнуудыг нэрлэвэл барагдахгүй их. Тэднийг бүгдийг нь сонгуульд нэр дэвшүүлэхийг хоригломоор байна.
Бас болоогүй, улсын энэ олон сангаас зээл авсан нь батлагдсан улстөрчдийг ч сонгуульд нэр дэвшиж, ичих нүүрээ элгэндээ нааж явахыг ард түмэндээ харуулж хэрэггүй ээ. Тэр дундаа ЖДҮ-чид гэх албан ёсны тодотголтой болсон. Бүр энэ хэргээ хүлээсэн, албан тушаалаасаа огцорсон хүнийг, хүмүүсийг 2020 онд нэр дэвшүүлж болохгүй. Монголд бодлого боловсруулах түвшинд ажиллаж чадах хуульч, эдийн засагч эрдэмтэн, докторууд маш олон байгаа. Тэдний нэр дэвшүүл. 2020 оны сонгууль ямар ч системээр явсан байлаа намууд хэр олон нэр цэвэр хүнийг дэвшүүлэх вэ гэдэг л уралдаан болох ёстой. Ард түмэн ч тэгж шаардах байх.
Н.Пунцагболд
Эх сурвалж: Zaluu.com
Сэтгэгдэл