Өршөөлийн хууль батлагдаад хэдийнэ мөрдөгдөөд эхэлсэн. Харин УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж эрх чөлөөтэй болсон хүмүүсийг одоо хүртэл хорьж байна, ингэж болохгүй гэдэг асуудлыг ярьж байгаа. Тэрбээр үүнийгээ өршөөл үзүүлэх ажлын комиссынхонд албан бичгээр мэдэгдээд буй. Нэгэнт хууль батлагдсан, Ерөнхийлөгч хориг тавьж мөн гишүүд дэмжин баталсан. Өршөөлийн хуульд хамрагдагсад суллагдаж, гэртээ харьсан. Ийм байхад хууль хамрагдсан ч суллагдаагүй өнөөдрийг хүртэл хоригдож буй хүмүүсээ сулла гээд байгаа нь ямар хуулиар зохицуулагдаад байна вэ. Ерөнхийлөгч авлига, албан тушаалын хэрэгт холбогдогсдыг өршөөхгүй гэснийг олонхи гишүүн дэмжсэн. Харин Р.Гончигдорж гишүүний хувьд авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг төр өршөөнө гээд гар өргөчихсөн. Төрийн энэ шийдвэр одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа. УИХ-ын баталсан Өршөөлийн хууль наймдугаар сарын 11-нээс дагаж мөрдөнө гэсэн байгаа. Энэ томъёоллын дагуу бүрэн өршөөлд хамрагдахаар хүмүүс нь суллагдана, хэрэг нь мөрдөн байцаалт, шүүхийн шатанд яваа хүмүүсийн хэрэг нь тодорхой болзол нөхцөлтэйгээр хэрэгсэхгүй болох ёстой гэдгийг л УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хэлээд буй аж.
Ерөнхийлөгч хориг тавихаас өмнө батлагдсан хуулийг хэрэгжүүлэх ёстой байсан. Шүүх хэрэгжүүлээгүй шалтгаанаа тайлбарлахдаа албан ёсоор хэвлэгдсэн хуулийг хэрэглэдэг гэжбуй. Р.Гончигдорж гишүүний хэлж байгаагаар албан ёсоор хэвлэгдсэн хоёр хууль бий. Нэг нь Ерөнхийлөгчийн хориг тавьсан хоёр заалт түдгэлзсэн байдлаар хэвлэгдсэн хууль, нөгөөх нь нэмэлт, өөрчлөлт орсон Өршөөлийн хууль. Тэгэхээр энэ хоёр хуулийг хэрэгжүүлээд өршөөлд хамрагдсан хүмүүсээ бүгдийг нь суллаад явуулах ёстой гэж тэр үзэж байгаа юм байна.
Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсээс анхаарал татаад байгаа нь МАХН-ын дарга Н.Энхбаяр. Р.Гончигдорж гишүүний хэлж байгаагаар Н.Энхбаяр гэдэг хүн өршөөгдөх ёстой аж. Гэхдээ энэ хуулиар хэн, хэчнээн хүн суллагдах нь Р.Гончигдорж гишүүнд хамааралгүй. Гол нь хууль гарчихаад байхад хүмүүсээ хориод байж болохгүй гэдэг асуудлыг л тэрбээр тавиад байгаа аж. Өршөөл үзүүлэх комисс түүний тавьсан асуудлыг шүүх шийднэ гэдэг өнцөгөөр хандаад байгаа юм байна. Гэмт хэрэгт холбогдсон хүнийг бүрэн чөлөөлнө гэчихсэн байгаа учир энэ агуулгаар нь тэрбээр асуудалд хандаж байгаагаа хэлсэн юм. Цаад агуулгаар нь харвал авлига, албан тушаалын хэрэгтнүүд, тэр дундаа Н.Энхбаяр тэргүүтнүүд хуульд хамрагдаж өршөөгдөх ёстой болж таарч байна. УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийн ярьж байгаа хүний эрхийн асуудал нь яах аргагүй Н.Энхбаяртай холбогдож таарч байна. Харин үүнийг шүүх, өршөөл үзүүлэх комисс хүлээж авах болов уу.
Сэтгэгдэл