Н.Энхбаяр яах вэ?


Н.Энхбаяр яах вэ?Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг ёстой баярлуулан гомдоох гэдэг болох вий. Намынхан нь чухам сайн ажиллаж, даргаа Өршөөлийн тухай хуульд хамруулах хууль эрх зүйн орчныг нь бий болгосон. Гэвч гай газар доороос гэгчээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг хэрхэвч өршөөхгүй хэмээн уг хуульд хэсэгчлэн хориг тавьсан. Гэхдээ үүнийг нь намууд хүлээж авахгүй биздээ, Н.Энхбаяр гараад ирэх байх гэж ярьж байсан ч, Ардчилсан нам, Ардын намынхан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжин хүлээж авахаа мэдэгдлээ. Байдал өөр тийшээгээ эргэлээ.

Өршөөлийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авснаар 160 хүний асуудлыг ярих болно. Эдгээр нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдогчид байх юм. Үүн дотор албан тушаалаа ашиглаж, мөнгө завшсан хэрэгт холбогдож, Ерөнхийлөгчийн уучлалыг хүлээгээд байгаа МАХН-ын дарга Н.Энхбаяр ч багтаж буй. Одоо Н.Энхбаяр яах вэ. Их хуралд АН, МАН-ынхан нэг талдаа гарвал Н.Энхбаяр өршөөгдөж, улс төрд өөрийн биеэр орж ирэх нь худал болно. Магадгүй үүнийг ч АН, МАН-ынхан тооцоолсон байж болох. Ардын намынхны хувьд Өршөөлийн тухай хуульд хамрагдах дийлэнх нь тэдний гишүүд бий гэж байгаа. Гэсэн ч тэд авлига, албан тушаал, хээл хахуулийн хэргийг өршөөхгүй гэдэг дээр бүлгийн гишүүд нь бүгд гар өргөжээ.  

Харин намын даргаа аврах чин хүсэлтэй МАХН-ынхны хүч хөдөлмөр талаар болоход тун ойрхон байна. Хэдийгээр бүлгээрээ хуулийн талаарх нэгдсэн байр сууриа гаргаагүй ч, тэд намын даргаа өршөөх өөрөөр хэлбэл, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдогчдыг нэг удаа өршөөх асуудлыг тавих нь дамжиггүй.

Өршөөлийн тухай хууль батлагдах сургаар л Н.Энхбаяр Сөүлээс Чингис хаан нисэх онгоцны буудалд газардсан. Тэр даруйдаа Засгийн газрын сайд нарыг томилох асуудлаар зөвшилцөж, улмаар орон нутаг дахь сонгогчидтойгоо уулзаж, улс төрийг багагүй хөдөлгөөнд оруулчихсан. Энэ үйл явдал нь түүнийг олон нийтэд нэр хүндтэй, нөлөөтэй, хүчирхэг байна гэдгийг бусад намынханд харуулсан юм. Энэ нь л АН, МАН гэх улс төрийн хоёр том хүчнийг гуравдагч хүчинд орон зайгаа алдчих вий гэсэн болгоомжлолыг төрүүлсэн биз. Иймдээ ч Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаа мэдэгдэж байгаа нь энэ болов уу.

Парламентад МАХН-ынхан цөөнх болвол, Н.Энхбаяр өршөөгдөж чадахгүй бол...гэдэг асуудал улс төрийн нөхцөл байдлыг нэлээд өөрчлөх үйл явц болно. Нэгэнт ингэж шийдэж байгаа бол гэдэг гарцыг Н.Энхбаяр гэдэг хүн бодож олох нь лавтай. Харин тэр ямар хариу барих бол...    

М.Төр

 
Цензургүй.мн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.