УИХ-ын намрын чуулганы эхэнд Өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх товтой байгаа. Уг хуулийн төслийг өнгөрөгч долоо хоногт хэлэлцэх байсан ч МАН-ын бүлгийн зүгээс ажлын тав хоногийн завсарлага авсан. Өршөөлийн хуультай холбоотойгоор Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат ярихдаа "Өршөөгдөх хүмүүсийн нэрсийн жагсаалтад МАХН-ын дарга Н.Энхбаярын нэр байхгүй” гээд хэлчихлээ. Мөн "Ерөнхийлөгчийн хориг тавьсан хэргүүд дотор авлига, албан тушаалын хэргээс гадна залилангийн хэрэг багтаж байгаа” гэжээ.
Авлига, албан тушаалын хэргийг залилангийн гэмт хэрэгтэй хамт хөтлөөд яваагийн цаана жижиг гэмт хэрэг дотор томыг нь нааж, "гуя дагаж хүзүү” гэдэг шиг явуулах болхи арга яваад байгаа юм. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байгаа хүн залилан хийх тохиолдол тун ховор. Хэрэв тухайн авлигачин албан тушаалтныг залилан хийсэн гэж үзвэл ерөөсөө авлига, албан тушаалын гэмт хэрэг гэж байхгүй болно. АТГ ч хэрэггүй гэсэн үг.
Тэгэхээр албан тушаалтнуудаас илүүтэй жирийн иргэдийн жижиг залилангийн хэрэгтэй хольж хутган Өршөөлийн хууль руу "урсах” гэсэн энэ башир аргыг ялгаж салгах нь зүйтэй. Ерөнхийлөгч хоригтоо залилан, бусдын эд хөрөнгийг хулгайлах, булаах, залилан дээр нэмээд буюу хольж авлига авах, албан тушаалаа урвуулан ашиглах, хууль бусаар хөрөнгөжих хэмээн долоон зүйл ангийг багтааснаас эсэргүүцэлтэй тулгарсан нь зөвхөн авлига авах, албан тушаалаа урвуулан ашиглах, хууль бусаар хөрөнгөжих.
Гэтэл Өршөөлийн тухай хуульд хориг тавьсан хэсэгт өөрчлөлт оруулах асуудал цаанаа ийм маапаантай байгаа учраас МАН-ын бүлэг завсарлага авахад хүрсэн. Гэтэл уг ажлын хэсгийг ахалж байгаа, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат "Гацаах ажлыг МАН л хийж байгаа шүү дээ” гээд байгаа нь МАХН-ын гишүүд рүү "Та нар гацаасан” гээд хэлчихэж болохгүй байгааг харуулж байна.
Ямартай ч залилангийн хэрэгтэй холбож яриад байгаа авлига, албан тушаалын гэмт хэрэг Өршөөл рүү тэмүүлээд байна гэж харагдаад буй учраас энэ удаад зөвхөн албан тушаалтнуудын үйлдсэн гэмт хэрэг, авлига хээл хахуулиа тусгаарлан ялгаж хуульдаа тусгаж олон нийтийн сэтгэл санааг амирлуулах шаардлагатай байна.
Г.Лхагва
Сэтгэгдэл