Хоригийг “хориглосон” гишүүд


Хоригийг “хориглосон” гишүүдӨршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хоригийг өчигдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэж, гишүүдийн 81 хувийн саналаар хүлээж авсан юм. Ингэснээр Өршөөл үзүүлэх тухай хуулиас авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөх заалтыг хасахаар боллоо.

 

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31.8, 31.9-д заасны дагуу Хуульзүйн байнгын хороо, чуулган дахин хуралдаж Өршөөл үзүүлэх тухай хуульд  өөрчлөлт оруулах юм. Хоригийг хэлэлцэх үеэр УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар, О.Баасанхүү нарын гишүүд эсрэг байр суурьтай байсан юм.

 

УИХ-ын чуулганы хуралдаанд тэднийг дэмжихгүй байгааг шалтгаанаа хэлж болно гэсэн ч гурав нь л байр сууриа илэрхийлсэн. Тэдний яриаг хүргэе.

 

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж:

Ерөнхийлөгч хоригоо онож тавиагүй. Үнэхээр хууль хэлэлцэж байхад энэ асуудлууд яригдаж байсан. Уг нь хуулийн байгууллагууд хэрэг гаргасан хойно шүүх, мөрдөх биш урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил хийх ёстой. Нийтлэг гараад байгаа албан тушаалын хэргээ судлаад бид үүнээс сэргийлэх арга хэмжээн дээр ажиллах ёстой. Энэ саналыг огт сонсоогүй. Хуулийг хэлэлцэх хугацаанд МАН эсэргүүцэж  орж ирээгүй. Өмнөх Өршөөлийн хуулиуд дээр хориг тавьж байгаагүй. Хууль хэрэгжиж эхлээд сар гаруй боллоо. Одоо хүмүүсээ суллаад эхлэх хэрэгтэй. Энэ хоригийг хүлээж авах боломжгүй.

 

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:

 

Өршөөлийн хуулийг УИХ өөрийн бүрэн эрхийн хүрээнд гаргаж байгаа болохоос хэн нэгэнд зориулж гаргаагүй. Энэ хууль нэг удаа алдсан иргэдэд алдаагаа засах боломж олгох зорилготой. Тиймээс төр гаргасан шийдвэртээ бат зогсох хэрэгтэй. Улс төржилтөөс үүдэж өөрсдийн гаргасан шийдвэртээ муу  "дүн” тавьдгаа болих ёстой.Бид үүсээд байгаа бодит нөхцлийг ярих хэрэгтэй. Хууль тогтоох байгууллагын дээр гарсан байгууллагыг шийдэх ёстой. Ерөнхийлөгч улсад маш их хэмжээний хохирол учруулсан хүнийг өөрөө өршөөдөг. Тэгсэн хэр нь жирийн иргэдээ яагаад өршөөж болдоггүй юм бэ. Тийм эрхэлчихсэн юм гэж юу байдаг юм бэ.

 

УИХ-ын хууль тогтоох эрх рүү халдаж байна. Хэсэгчлэн хориг тавьлаа гэж байна. Үндсэндээгол цөмийг нь аваад хаячихлаа. Ийм байж болохгүй. АТГ өөрсдөө яагаад улс төржүүлээд байгаа юм. 114 хүний холбогдолтой 350 тэрбумын хохирол учруулах хүмүүс өршөөгдөх нь байна шүү гэж ямар учиртай мэдээлэл тараав. Байнгын хорооны хурал дээр хоёр гишүүний нэр хэлж байсан. Гэтэл яагаад нэг гишүүн болоод орж ирэв. Тэр нууц материалын дотор нь хохирогч байхгүй. Холбогдогч нь байхгүй материал оруулж ирж байна. АТГ-ын гаргаж өгсөн судалгааг үнэн гэж яаж итгэх юм бэ.

 

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл:

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэсэн байр суурьтай байгаа. Хуулийн 9 дүгээр зүйлд хориг тавиагүй учир хориг тавиад хүсээд байгаа зүйлүүдийг нь оруулах боломж алга. УИХ яагаад ийм хоёр нүүртэй болов, Ерөнхийлөгч бөөрөнхий хориг тавьсан. Хууль хяналтынхан бидэнд дарамт үзүүллээ. АТГ нь Онцгой бүрэн эрхт газар шиг үйлдэл хийж байна. Парламентын хууль тогтоох газарт АТГ нөлөөлж байна. Хууль санаачлаад оруулж ирсэн УИХ-ын гишүүн рүү твиттерээр зохион байгуулалттайгаар дайралт хийж байгаа. Технологи ашиглаж хүнийг доромжилж байна шүү дээ. Өөрсдийгөө тэгж их хамгаалдаг. АТГ хууль, шүүхийн байгууллагыг бүгдийг нь атгандаа оруулжээ. Тэр бүү хэл УИХ-ын толгой дээр гараад суучихсан байна.Ерөнхийлөгчийн хориг бөөрөнхий орж ирсэн нь олон нийтийн шахалт дарамттай холбоотой. Авлигатай тэмцэх газраас төчнөөн мангас суллагдах гээд байна гэж мэдээлэл хийсэн. Хууль тогтоох байгууллагаа ингэж дарамталж байсан нь хуучин Онцгой бүрэн эрхт комист л байсан байх.

 

Авлигатай тэмцэх газрын атганд шүүх, прокурор, цэцээ өгчихсөн юм байна гээд зарим гишүүн хуулийн төсөл санаачлангуут Тагнуулын ерөнхий газар хэрэг үүсгээд, дараа нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр "Энэ хуулийг хэлэлцэж болохгүй” гээд дүгнэлт гаргуулсан. Хэрэг үүсгэх маягаар нөлөөлөхөөс гадна твитерээр гэнэт хуурамч аккаунт үүсгэж байна. Дээд зэргийн популизм хийж эхэллээ.

С.Заяа

eagle.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.