Аливаа бүхэнд чанар маш чухал. Эд зүйл гутал хувцас гээд бүх л зүйлд чанар маш чухал. Гутлын чанар муу бол гурван хүний хойно ямагт алхаж явнаа л гэсэн үг. Иймдээ ч “Гутал муут гурвын хойно” гэдэг үг гарсан нь байдаг. Тэгвэл хүний хүн чанар эдгээрээс хамгийн чухал нь гэдэгтэй маргах хүн үгүй биз. УИХ-ын чуулганы хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг бүхэлд нь баталлаа. Санал хураалтад нийт УИХ-ын 51 гишүүн оролцож, 39 нь дэмжсэнээр хуулийг баталчихсан.
Дөрвөн жил тутамд өөрчлөгддөг хэмээн шүүмжлэл дагуулдаг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгээсээ эхлээд л бөөн маргаан дунд байсаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Б.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Д.Оюунхорол Ж.Мөнхбат нарын зургаан гишүүн санаачлан боловсруулж, 2019 оны арванхоёрдугаар дугаар сарын 2-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөл ёстой л ногоон гэрлээр батлагдсан. Хуулиас Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшүүлэхгүй гэдэг заалтыг хасах саналыг байнгын хорооноос гаргасан ч уг заалтыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар унагасан. Сонгуулийн хуулийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга Л.Нямдаваа “Хуулийн төсөл дээр эрүүгийн хариуцлага хүлээсэн хүн нэр дэвшихийг хориглоно гэсэн заалт орж ирсэн ч ажлын хэсэг дээр ярилцаад эрүүгийн хариуцлага гэдэг олон төрлийн ялыг хамааруулах юм байна гэж үзээд шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвших эрхгүй гэж өөрчилсөн. Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон иргэнийг нэр дэвшүүлэхгүй гэсэн заалтыг хууль санаачлагчид анхнаасаа төсөлдөө тусгаагүй” гэж байсан юм. Ийнхүү авилга, албан тушаалын хэрэгт хавтаст хэрэг нээлгүүлэн, "Бүгд найрамдах" уншуулж, хуулийн байгууллагаас ял авч байсан яллагдагчид төрийн түшээ болох үүд хаалга хаагдаж байгаа юм.
Эл үйл явдал өрнөхтэй зэрэгцээд хүн чанараа харуулсан асуудлууд ч гарч эхэлсэн. Тухайлбал УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийгөө хэр зэрэг хүн чанартай хүн бэ гэдгээ нийгэмд харуулсан гэхэд болно. Тэрээр өвгөн даргыгаа эсэн бусаар хэлж “...Тэр хошин шогийг хараад хөөрхийдөө гэж бодлоо. Манай намын дарга зөнөчихсөн юм уу гэж бодсон. Шулуухан хэлэхэд “Хөөрхийдөө, яахав дээ, яанаа. Ингэж доошоо орох гэж дээ гэж бодлоо. Эрүүл ухаантай бол хүрч ирээд О.Баасанхүү гишүүнээ эсвэл хулгайчаа хоёулаа уулзъя гэж хэлж болно шүү дээ. Би хулгай хийгээгүй л дээ. Нөхөр бол шоронгийн гоё, гоё үгнүүд, салаавч энэ тэр мэднэ. Миний утсыг мэдэж байгаа шүү дээ. Тэгэхгүй Д.Тогтохсүрэнг гуйсанд нь ичиж байна. С.Бямбацогт, Д.Тогтохсүрэн нартай уулзсан. С.Бямбацогт Н.Энхбаярын сууж байсан өрөөнд нь суудаг. Шоронд байхад нь хамаг юмыг нь гудамжинд гаргаж хаяад л суусан. Тэр өрөөндөө оронгуутаа “Даргаа би тантай уулзаж болох уу” гэж асуугаад л. Тэгээд уулзангуутаа баахан зарчим, лаг, лаг хууль ярьж байхынхаа оронд “О.Баасанхүү миний дүү хоёулаа уулзъя даа. Юу болоод байгаа юм” гэж ярьж болно шүү дээ. Энэ хүн ингэж шившгээ тарьж байгаад нь би ахыгаа өрөвдөж байна. Өөрийнх нь намын гишүүн байж байна шүү дээ. Намайг гуй гээгүй, загна л даа. Яагаад ингэж чадахгүй байгаа юм. Өөрийнх нь өмгөөлөгч байна шүү дээ. Би энэ хүний талаар 100 юм ярьж болно. Гэхдээ өмгөөлөгчийнхөө ёс зүйг бодоод тавыг нь л ярьдаг. Яриагүй үлдсэн 95 зүйл бий” гэх зэргээр намын даргаа өөрөө ёстой доошоо хийсэн.
Яг энэ асуудлаас түүний хэр хүн чанартай хүн бэ, өмгөөлөгчийнхөө ажлыг юутай хутгаад байна вэ. Эрийн хугархай мөн үү, намын өвгөн даргынхаа насыг тойрохгүй юм шиг аашилж байна байнаа. Ёстой хүний мөсөөр хөлийн чигчий хуруунаас ч долоон дор хүн гэх мэт сэтгэгдлүүд цахим орчинд цувж чанарын хувьд ёстой "тэг" гэдгээ мань хүн баталчихав.
МАХН-ын даргын хувьд ч бас баахан барьц алдаж зөвхөн өөртөө зориулж хууль гаргаж байгаа гэдэг утгаар нь хандсан. Түүнийг буруутгах гэсэнгүй. Өмнө эл байдал давтагдаж өмнөх хоёр ч сонгууль оролцуулахгүй байх бүх нөхцлийг АН-аас хийж байсан учраас тэрээр хаширсан нь мэдээж...
Юутай ч гурав дөрөвхөн хоногийн дотор хэн нь хэн бэ, хэр зэрэг хүн чанартай эрийн хугархайнууд вэ гэдэг нь олонд танигдлаа. Тэр тусмаа гишүүн О.Баасанхүүгийн чанар жинэхэн утгаараа танигдав бололтой.
С.Цээл
Эх сурвалж: erennews.mn
Сэтгэгдэл