Эцэслэн баталсан сонгуулийн хууль эцэг хуульд харшиллаа


       Гадаадад оршин суугаа иргэний сонгуульд оролцох эрхийг хассан нь Үндсэн хуулийн ноцтой зөрчил юм

       Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн тухай конвенцид бүх баталж буй хууль, дүрэмдээ бусдыг үл ялгаварлан гадуурхах зарчмыг мөрдлөг болгох үүрэг бий

УИХ-ын сонгуулийн хуулийг парламент эцэслэн батлахдаа иргэний эрхийг бүдүүлгээр зөрчсөн хэд хэдэн өөрчлөлт оруулав. Тухайлбал, хуулийн өөрчлөлтөөр гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох эрхийг хассан, хувь хүний нууц мэдээллийг задруулах боломжийг бүрдүүлсэн заалтуудыг баталжээ. Хууль санаачлагчид төслийг өргөн барихдаа 22 дугаар зүйлд гадаадад оршин суугаа иргэдээс санал авахтай холбоотой 10 гаруй заалтыг тусгасан ч хэлэлцүүлгийн явцад олон тойрог бүхий томсгосон мажоритар тогтолцоогоор сонгууль явуулах болсонтой холбоотойгоор хассан юм. Мөн гадаадад байгаа иргэдээс санал авах, салбар комисс байгуулах, түүний үйл ажиллагаатай холбоотой 10 гаруй заалтыг ч бас орхигдуулав. Ингэснээр гадаадад оршин суугаа иргэд УИХ-ын сонгуульд санал өгөх эрхгүйгээр “гадуурхагдлаа”. Энэ нь Үндсэн хуулийн зөрчилд хүргэх хангалттай үндэслэл болно. Холбогдох хуульд гэмт хэргийн ангиллаас үл хамааран хорих ял эдэлж буй этгээдээс бусад 18 насанд хүрсэн болон эрх зүйн бүрэн чадамжтай бүх иргэн санал өгөх эрхтэй гэж заасан. Гэтэл гадаадад ажиллаж амьдарч буй иргэдээ ялгасан заалтаа парламент энэ удаад сэргээж чадсангүй. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа гэдгээрээ тэд иргэний харьяаллаасаа хасагдаагүй гэдгийг энд дурдах илүүц. Эцэг хуульд ч Монгол Улсын иргэнийг ялгаварлахыг хориглосон олон заалт бий. Наад зах нь Үндсэн хуулийн эхэнд “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалт дурайж буй. Цаашилбал, 16.1.9-д “Монгол Улсын иргэн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, 19.1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэх мэтчилэн 10 гаруй заалт хөвөрнө. Мөн эцэг хуулийн төгсгөлд “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” хэмээн сануулга болгосон нь ч бий. Гэтэл Д.Лүндээжанцан гишүүний эх баригчаар ажилласан хууль ҮХЦ-ийн хаалга татахад бэлэн боллоо. Тэрбээр нэгэнтээ “2015 онд баталсан Сонгуулийн тухай хуулийн олон заалт Үндсэн хууль зөрчиж, парламент “тахимаа өгсөн” хэмээсэн. Харин түүний эх барьсан сонгуулийн хууль эцэг хуулийн амин заалттай хэрхэн нийцсэн талаар тайлбарлах болох нь. 2012 онд парламентын ээлжит сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулахад Монгол Улс анх удаа гадаадад оршин суугаа иргэдээсээ санал авч байсан бол 2016 онд жижиг мажоритар тогтолцоо гэх шалтгаар больсон юм. Харин энэ удаад тогтолцооноос хамаарч иргэдээ ялгаварлахгүй гэсэн зарчмаар хуулийн төсөл өргөн барьсан ч түүнээсээ буцлаа. Мөн Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын конвенцийг ч зөрчив. Тус акцад нэгдэн орсныхоо хувьд Монгол Улс бүх баталж буй хууль, дүрэмдээ бусдыг үл ялгаварлан гадуурхана гэдэг зарчмыг мөрдлөг болгох үүрэгтэй юм. Үүнээс гадна хуулийн шинэчлэлээс ухарсан бас нэгэн ноцтой заалт орсон нь иргэний хувийн мэдээллийг олон нийтийн байгууллагад өгөх тухай байв. Төслийг хэлэлцэхээс өмнө СЕХ болон УБЕГ-ынхан “Иргэдийн гомдлын дагуу 2018 онд Бүртгэлийн багц хуулийг батлахдаа иргэний мэдээллийг тухайн иргэний зөвшөөрөлгүйгээр шүүх, прокурорын байгууллагаас бусад этгээдэд олгохгүй байх дэвшилтэт заалт тусгасан” хэмээн УИХ-ын гишүүдэд удаа дараа мэдэгдсэн. Гэтэл энэ удаагийн сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр Бүртгэлийн тухай хуулийг зөрчин иргэний мэдээллийг намуудад олгохоор боллоо. Уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн шатанд энэ заалт санал хураалтаар унасан боловч маргааш нь өмнөх заалтаа хүчингүй болгох горимын санал гарган дахин санал хураалт явуулж баталсан юм. Энэ нь угтаа төр иргэнийхээ мэдээллийн нууцыг хадгалах үүргээсээ татгалзсаны илэрхийлэл боллоо. Нөгөөтэйгүүр намууд хувь хүний нууцыг задруулахгүй гэсэн баталгааг аль ч хуульд тусгаагүй нь иргэний эрхийг бүдүүлгээр зөрчсөн явдал болов. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өнгөцхөн харахад хүний эрхийн ноцтой зөрчлүүд илэрч байна. Цаашид ял эдэлж байсан иргэнийг нэр дэвшүүлэхгүй гэсэн заалтаар зарим иргэн ҮХЦ-д зарга үүсгэхээр зэхэж байна. “Бушуу туулай борвиндоо баастай”-н үлгэрээр яаран сандран баталсан сонгуулийн хууль ҮХЦ-ийг ирэх жил амраахгүй бололтой. 

П.Батбөх 

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.