Салхитын ордын маргааныг шийдэхдээ "Ш.Мөнгөншагайг "Жи Фи Эф" компаний 60 хувийн хувьцааг эзэмшигч мөн" гэж тогтоосныхоо төлөө авлигал авсан гэх 6 шүүгч, тэдэнд авлигал зуучилсан өмгөөлөгч, Шүүхийн шинжилгээний төвийн шинжээч,Дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга .... тэргүүтэй 10 гаруй хүний авлигын үйлдлийг АТГ-аас мөрдөн шалгалт явуулж хөдлөшгүйгээр нотолсон.
Хэргийг прокурор хянаад яллах дүгнэлт үйлдэн Шүүхэд шилжүүлжээ.
Салхитын ордоос авлигал авсан хэрэгт холбогдсон 6 шүүгч бол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сайханцэцэг нар юм.
Шүүгчид Салхитын ордын хэргийг Ш.Мөнгөншагайн талд шийдвэрлэхдээ тус бүртээ 10-150 сая төгрөгийн хахууль авсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.Тэдэнд авлига зуучилсан гол хүн нь Ганц худгийн урьдчилан хорих төвд амиа хорлосон Шүүгч асан Л. Бямбаа байсан билээ.Эдгээр 6 шүүгчээс Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан эмчилгээ хийлгэх нэрээр БНСУ-ыг гэр бүлийн хамт зорьсон ч өнгөрсөн 9-р сараас хойш Монголд ирээгүй. Иймээс уг хэргээс Ц.Амарсайханы хэргийг тусгаарлан, үлдсэн шүүгчдийн авлигын хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Аалзны тор шиг сүлжсэн авлигач шүүгчид энэ хэргийг шударгаар шүүнэ гэдэгт олон нийтийн эргэлзээ бий.. Шүүгчид нь хүртэл авлигажсан энэ гажиг тогтолцоог засахгүйгээр бид Шударга ёсны тухай ярих нь үнэндээ ҮЛГЭР юм
Сэтгүүлч Б.Отгон
Сэтгэгдэл