“Алсын хараа 2050” бодлогын баримт бичгийг Засгийн газрын тэргүүн хүлээн авлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын ирээдүйн хөгжлийн “Алтангадас” нь энэхүү урт хугацааны хөгжлийн баримт бичиг байх болно” хэмээн тодорхойлно лээ. Үнэхээр ч энэ бол манай улсын сүүлийн 30 жилийг дүгнэж, 2050 он хүртэл буюу ирэх 30 жилийн хөгжлийг тодорхойлох баримт бичиг, сайн хэрэг. Салбар салбарын эрдэмтэн, судлаач, бүх яамны Төрийн нарийн бичгийн дарга, зарим агентлагийн дарга, их, дээд сургуулийн захирал, удирдлага, төрийн бус байгууллагуудын төлөөлөл гээд 1500 орчим хүний хөдөлмөр, оюун ухаан, сэтгэл, зүтгэл шингэсэн ажил. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар ойрын үед хэлэлцүүлсний дараа УИХ-д өргөн барих гэнэ.
Тэднийг зангидаж, удирдаж ажилласан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн хэлснээр Монгол Улс 1992 оноос хойш хөгжлийн урт болон дунд, богино хугацааны 517 төсөл, хөтөлбөр, бодлогын баримт бичиг боловсруулан, мөрдөж ажилласан юм билээ. Гэвч тоогоор нь, бас гоё нэрээр нь бодвол гуравхан сая хүнтэй улсыг 30 жилийн хугацаанд гайхамшгийн охь болгочих байсан эдгээр 500 гаруй баримт бичгийн нэг нь “Алсын хараа 2050” болчих вий гэсэн болгоомжлолоос бултаж чадахгүй нь.
Шалтгааныг нь нэн ойрхон баталсан бодлогын томоохон баримт бичгээр жишээлэн хэлье. 2016 оны хоёрдугаар сард УИХ “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” батлах тухай тогтоол баталсан. Өөрөөр хэлбэл, 2030 онд хүрэх хөгжлийн бодлогоо бид дөрвөн жилийн өмнө тодорхойлчихсон. Өнгөрсөн УИХ-ын сонгуульд өрсөлдсөн улс төрийн намууд үүнд нийцүүлэн мөрийн хөтөлбөрөө боловсруулсан байх учиртай. Учир нь хүчин төгөлдөр мөрдөж буй Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, УИХ-ын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцох нам, намуудын эвсэл нь
мөрийн хөтөлбөрөө Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулна, үүнд нийцсэн, эсэхийг Үндэсний аудитын газар хянаж, Сонгуулийн ерөнхий хороонд дүгнэлтээ хүргүүлэх ёстой. Тиймээс өнгөрөгч сонгуулиар үнэмлэхүй ялсан Ардын намын байгуулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр ч үүнд тулгуурлаж байгаа. Цаашлаад сүүлийн таван жилийн улсын төсөв, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн баримт бичгүүд ч “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д захирагдаж буй. Дөрвөн жилийн өмнө уг баримт бичгийг баталмагц УИХ-аас үндэсний хэмжээний болон салбарын, салбар дундын хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийг эл үзэл баримтлалд нийцсэн, эсэхийг 2016 онд багтаан хянаж, шаардлагатай тохиолдолд шинэчлэн боловсруулахыг тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт даалгасан. Аанай л өнөөдрийнх шиг сонгуулийн уур амьсгал хэдийн бүрдчихсэн, ажил хэрэгч байдал алдагдаж, амлалтад бялуурч явсан үе хойно энэ ажил хийгдээгүй. Ийнхүү “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д нийцэхгүй байгаа бодлого, хөтөлбөрүүдийг шаардлагатай бол өөрчлөөрэй гэсэн чинь малгай болсон баримт бичгээрээ өнөөгийн Засгийн газар оролдож, бүр өөр “Алсын хараа 2050” боловсруулчих нь тэр.
Уг нь бэлэн, батлаад дөрвөн жил ч болоогүй, дахиад 10 жил баримтлах боломжтой бодлогын баримт бичиг хэрэгжүүлэх гэж байгаа хүмүүстээ гологдох бодитой ганцхан шалтгаан байх учиртай. Тэр нь уг баримт бичиг муу боловсруулагдсан буюу баримталъя гэвч шаардлага хангахгүй байх явдал. Тэгвэл “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ийг ямар нэг байдлаар үнэлж, дүгнэсэн үү. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2018 онд УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын таван гишүүн уг баримт бичгийн хэрэгжилтийн явц, цаашид авах арга хэмжээний талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж асуулга тавьсан байдаг. Эдийн засгаа төрөлжүүлж, олон тулгуурт болгох, ингэхдээ өсөлтийг дэмжсэн, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох томоохон төслүүдийг эрчимжүүлэх чиглэлд олон ажил хийж буйгаа Засгийн газраас хариу мэдээлсэн. Ер нь эл бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх хүрээнд томоохон ажлууд хийж, тодорхой үр дүнд хүрч буйгаа онцолсон. Улмаар Үндэсний хөгжлийн газар байгуулан, бүх яам, Тамгын газарт хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан газар, хэлтэс байгуулан ажиллаж буйгаа дурдсан байна. Тухайн үед буюу эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх баримт бичигт тусгасан 136 арга хэмжээний 99 нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-тай уялдаж байгааг асуулгын хариуд дурджээ. “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” батлах тухай тогтоолын дагуу Засгийн газар хэрэгжилтийг нь хоёр жил тутамд УИХ-д тайлагнах ёстой. Дээрх асуулгын хариуд дурдсанаар эхний тайланг 2018 оны арванхоёрдугаар сард багтаан танилцуулах байсан ч өнөө хэр алга. Өөр, илүү олон жилийн хөгжлийг зурагласан У.Хүрэлсүхийн Засгийн газраас одоо ийм тайланг хүлээх нь илүүц биз. Угтаа АН-ынхны “сэхээн амьдруулах тасагт оруулсан” эдийн засгийг энгийнх рүү шилжүүлсэн гавьяа Ардын намынхных, ингэхдээ ямар нэг бодлого, хөтөлбөр баримталсан бол тэр нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баймаар сан.
Нөгөө талаас 2016 оноос мөрдөж буй Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичиг нь дэвшүүлж байгаа зорилго, зорилтоосоо хамааран урт, дунд, богино хугацааных байхаар заасан байдаг. Тухайлбал, “Урт хугацааны буюу 15-20 жилд хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын баримт бичиг нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал байна” гэж уг хуулийн 6.2-т заасан аж. 15 жилийн хөгжлийг зурагласан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” дөрвөн жил бололгүй нүд аних гэж байхад 30 жил “наслах” учиртай “Алсын хараа 2050”-ийг ямархан ирээдүй хүлээж буй бол.
Гэтэл уг хуулиас анзаарахгүй өнгөрч боломгүй нэг заалт нь хөгжлийн бодлогын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй тодорхой нөхцөл, шалтгааныг хуульчилсан явдал юм. Тодруулбал, хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээгээр түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай нь нотлогдсон, гадаад, дотоод орчны нөлөөлөл, хүчин зүйлээс шалтгаалан улсын эдийн засаг, нийгэм, төсөв, санхүүгийн нөхцөл байдал өөрчлөгдсөн, Үндсэн хуулийн 25.2-т заасан онцгой нөхцөл бий болсон тохиолдолд л гар хүрэхийг зөвшөөрсөн байгаа юм. Хамгийн гол нь 21.3-т нь “Ерөнхийлөгчийн, УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн үр дүн нь урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй” гэж тов тодорхой заасан байна.
Үндсэндээ энэ бол бидний 30 жилийн алдааны илэрхийлэл. Баримт бичиг, бодлого, хөтөлбөр нь муудаа биш, түүнийг хэрэгжүүлдэггүй, хэн дуртай нь өөрчилж ирсэн нь хөгжлийн түүчээ биш, тушаа болсныг илтгэж буй хэрэг. Ямар сайндаа л хуульд ийм хориглолт, хязгаарлалт хийх билээ. Л.Оюун-Эрдэнэ сайд энэхүү хөгжлийн баримт бичгийн төслийг анх удаа олон улсын стандартын дагуу боловсруулж, санхүүгийн тооцоо, эрсдэл хийгээд хэрэгжүүлэх төслүүдийн ТЭЗҮ-ийг хүртэл тооцон, хөрш орнууд болон бусад гадаад талын нөлөөг харгалзан үзсэнээ онцолсон. Гэхдээ тэр сүүлийн 30 жилийн алдаа, дутагдлын нэгдүгээрт, төрийн тогтворгүй байдал эрэмбэлэгдэж буйг ч хэлсэн нь юутай үнэн. Олон улсын стандартын дагуу ямар ч сайн баримт бичиг боловсруулсан бай дараагийн УИХ, Засгийн газар, ер нь эрх авсан хэн ч гэлээ малгай болсон бодлогоор тань оролдож, өөрчлөөд эхэлбэл бид улсаараа хол явахгүй ээ. Хэдийгээр “Алсын хараа 2050”-ийг хараахан батлаагүй ч баталлаа гэхэд биелүүлэх баталгаа алга.
Б.Номин
Эх сурвалж: Өнөөдөр сонин
Сэтгэгдэл