Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ


Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Д.Хаянхярваа нарын санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Журмын төсөлтэй холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Н.Оюундарь нарын асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, ажлны хэсгийн гишүүн С.Бямбацогт нар хариулт өгсөн юм.

Ингээд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан журмын төслийн 6.1.2 дахь заалтын “үндэслэл” гэсний өмнө “хуулийн” гэж нэмэх зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 61.2 хувь нь дэмжиж, тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.

Дараа нь Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан танилцуулав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүдээс асуулт, санал гараагүй тул Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор  санал хураалт явуулж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. 

Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сард баталж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн  шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх үүднээс төрийн албанд дагаж мөрдөх 47 дүрэм, журмыг шинээр буюу шинэчлэн баталж мөрдүүлэх шаардлагатай байгаа бөгөөд үүнээс уг хуульд заасны дагуу 7 дүрэм, журмыг нь Улсын Их Хурлаас тогтоол гаргаж батлах юм.

Тогтоолын төслийг дэмжээгүй учраас төсөл санаачлагчид нь буцаав

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, О.Батнасан, Б.Баттөмөр нарын өргөн мэдүүлсэн “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Төсөл санаачлагчдыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн тогтоолын төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулсан юм.

Монгол Улсад хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм бий болгох Үндсэн хуулийн эрхэм зорилго, Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын үзэл баримтлал болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд төрийн аудитын байгууллагын идэвх оролцоог нэмэгдүүлэх замаар сайн засаглалыг дэмжиж, зөвлөн туслах үйл ажиллагааг тэргүүлэх чиглэл болгон төрийн аудитыг хөгжүүлэх зорилго, зорилтын хүрээнд “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого”-ыг боловсруулсан.

Улс орны тогтвортой хөгжилд төрийн аудитын гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд төрийн аудитын нийгэмд оруулах үнэ цэнэ ба өгөөж, улс орны хөгжилд үзүүлэх бодит нөлөө, аудитын олон улсын хөгжлийн чиг хандлагыг харгалзан үзэж, төрийн аудитыг цаашид хөгжүүлэх бодлогыг тодорхойлох шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Иймд төрийн аудитын бодлого, чиглэлтэй аудитын хуулийн этгээдийн тогтолцоо, дотоод аудит болон байгаль орчны, мэдээллийн технологийн зэрэг бусад аудитын салбарын үйл ажиллагаа, хамтын ажиллагааг сайжруулж, аудитад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, хяналттай, хариуцлагатай аудитын тогтолцоог бий болгож, төрийн аудитын хөгжлийг олон улсын чиг хандлагад нийцүүлж, төрийн аудитын байгууллагын хууль эрх зүйн орчин боловсронгуй болж, хараат бус байдал бэхжинэ гэж үзэж тогтоолын төслийг боловсруулсан гэдгээ төсөл санаачлагч танилцуулав.

Мөн уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо 2018 оны 10 дүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, М.Оюунчимэг, Ц.Мөнх-Оргил, М.Билэгт, Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан нар төсөл санаачлагч гишүүд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Бодлогын баримт бичиг боловсруулах болсон гол шаардлага, шалтгаан, үр дүнг хэрхэн харж байгаа, заавал бодлогын баримт бичиг боловсруулж батлуулах гэхийн оронд одоо мөрдөж байгаа хуулиа шинэчлэхээр оруулж ирэх нь цаг хугацааны болоод эрх зүйн чадамжийн хувьд ашигтай биш үү, цаашид төрийн аудитын байгууллагын эрх зүйн чадамжийг дээшлүүлэх, аудитын хяналт, шалгалтын үр өгөөжийг сайжруулах боломж,  арга зам байгаа талаар гишүүд тодруулж байв.  

Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор С.Оюунблэг гишүүдийн асуултад хариулахдаа, төрийн аудитын байгууллага нь хийсэн хяналт шалгалтын талаарх дүгнэлтээ хууль хяналтын байгууллагад шилжүүлээд л орхидог, эрх зүйн ийм зохицуулалттай, харин хууль хяналтын байгууллагууд нь төрийн аудитын байгууллагын дүгнэлтийг бүрэн нотлох хэмжээний баримт гэж үздэггүй. Тиймээс эрх зүйн энэ зохицуулалтыг өөрчилж, төрийн аудитын байгууллагын чадамжийг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг хэллээ. Мөн төрийн аудитын байгууллагаас өнгөрсөн онд хийсэн аудитын дүгнэлтийн дагуу 667 албан тушаалтанд хариуцлага тооцох саналаа холбогдох байгууллагад хүргүүлсэн, 87 албан тушаалтны асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлсэн гэдгийг дурдав.

Төрийн аудитын байгууллага нь санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн, нийцлийн аудит хийхээр хуульчлагдсан бөгөөд гүйцэтгэдэг аудитын тоо болон ажлын ачаалал их, санхүүгийн тайлангийн аудит хийх нийт байгууллагын зөвхөн тал хувьд нь өөрийн санхүүгийн болон хүний хязгаарлагдмал нөөцөөр аудит хийдэг байна.

Зөвхөн 2017 онд гэхэд улсын хэмжээнд санхүүгийн тайлангийн аудитад хамрагдвал зохих 6,213 байгууллагын 3,179-д нь дүгнэлт гаргаж, аудитад хамрагдвал зохих нийт тайлангийн 51.2 хувьд аудит хийсэн байна. Үүнээс 2,116 аудитыг төрийн аудитын байгууллага, 1,063-ыг хувийн хэвшлийн аудитын хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлжээ.

Төрийн аудитын байгууллагын удирдлагыг Улсын Их Хурлаас томилж, бүтэц, орон тоо, төсвийг нь баталдаг. Тиймээс Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 8.4-т заасан төрийн захиргааны төв байгууллагад хамаарахгүй гэж үзэж байгаа учраас  Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу тогтоолын төслийг боловсруулж оруулж ирсэн гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор С.Оюунблэг хариултдаа дурдлаа.

Харин уг тогтоолын төсөлд Засгийн газраас “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг Засгийн газраас баталсан журмын дагуу боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахаар хуульчилсан байна. Иймд тогтоолын төсөлд тусгасан төрийн аудитын асуудал нь дээр дурдсан тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын тэргүүлэх чиглэлд суурилсан эсэх, уг бодлогын баримт бичгийг Улсын Их Хурлаар батлуулах нь зүйтэй эсэхийг дахин нягтлах” гэсэн санал өгчээ.

Тогтоолын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Энх-Амгалан, Д.Тогтохсүрэн нар төрийн аудитын байгууллага нь төрийн өмч хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, төсвийн хөрөнгийн зарцуулалтад төр, нийт иргэдийн нэрийн өмнөөс хяналт шалгалт хийж дүгнэлт гаргадаг, Улсын Их Хурлын дэргэдэх байгууллага учраас эрх зүйн чадамж, санхүү, хүний нөөцийн чадавхыг нь хангаж өгөх шаардлагатай, иймээс бодлогын баримт бичгийг Улсын Их Хурал хэлэлцэж батлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.

Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Н.Оюундарь, Ц.Мөнх-Оргил нар төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааг улам сайжруулах, чадамжийг нь нэмэгдүүлэх шаардлагатай ч хуульдаа бодлогын баримт бичгийг Засгийн газраас боловсруулж батлахаар заачихсан учраас заавал Улсын Их Хурлаар батлуулна гэж зүтгэх нь хууль дээдлэх зарчимд нийцэхгүй. Харин үүний оронд эхлээд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай юм гэдгийг хэлж байв.

Ингээд “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн Төсвийн байнгын хорооны саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.0 хувь дэмжсэнгүй. Иймээс тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлагдсанд тооцлоо.

 УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.