Метрополитан дахь "Монголын амар амгалан"


Монголын эзэнт гүрний үед харь газар элч зарахдаа тэдний онцгой эрхийг нь бататган олгох алт, мөнгө, хүрэл, модон гэрэгэ буюу пайз олгодог байжээ. Эрх бүхий бичигт пайзтай төлөөлөгчийг саадгүй өнгөрүүлдэг байснаараа одоогийн дипломат паспорттой адил үүрэгтэй байв. АНУ-ын Метрополитан музейн сан хөмрөгт байх Юань гүрний үеийн нэгэн мөнгөн пайзнаа “Мөнх тэнгэрийн хүчинд эзэн хаан зарлиг. Үл хүндэтгэсэн хүн буруутай" хэмээн дөрвөлжин бичгээр бичжээ. Энэхүү пайз нь он цагийн хувьд XIII зууны сүүл үед хамаарна. Мөнгөөр цутгаж хийсэн пайзын урт нь 18.1, диаметр нь 11.4 сантиметр аж. Дээрээ сэнжтэй бөгөөд амьтны дүрсийг сийлсэн байна. 

Метрополитан музейн захиргаа энэхүү ховор дурсгалыг нэрт цуглуулагч Дороти Грэхэм Беннеттийн хувийн цуглуулгад байсныг 1993 онд худалдан авчээ. Музейн тайлбарт элчийг аюулгүй нэвтрүүлэх зорилготой энэхүү пайзыг “Пакс Монголика” буюу “Монголын амар амгалан” хэмээн тодорхойлжээ.  

Дэлгэрүүлбэл, “Эзэнт гүрэн бүхэн ер бусын шинж чанартай байдаг. Жишээлбэл, Ромчууд олон зуун барилга, усан сан барьж, зам тавьсан гавьяатай. Харин Монголын эзэнт гүрний хаад цэргийн хүч чадал, буухиа шуудан, цаасан валют, “Пакс Монголика” буюу дипломат халдашгүй дархан байдал дор аюулгүй аялах зам харилцаа холбооны системээрээ алдартай. Эдгээр өөрчлөлт нь эзэнт гүрний өсөлт, хүч чадал, уян хатан байдлыг сайжруулсан юм.

Пайз: Юань гүрний паспорт

Монголчууд дэлхийн түүхэн дэх хамгийн том хуурай газрын эзэнт гүрнийг байгуулсан. Чингис хаан 20-30 миль тутамд өртөө байгуулж, пайз тэмдэгтэй буухиа элчийг дамжин өнгөрүүлдэг байжээ” хэмээсэн байна. Хубилай хааны үед Монголын эзэнт гүрнээр аялсан Марко Пологийн “Ертөнцийн элдэв сонин” номын 81 дүгээр бүлэгт “Зуутын ноён мөнгөн, мянгатын ноён алтан буюу алт мөнгө хосолсон, түмтийн ноён арслангийн толгой бүхий алтан гэрэгэ хэрэглэнэ. Зуут, мянгатын ноёны гэрэгэ 3.6 кг, арслангийн толгойт гэрэгэ нь 6.6 кг бөгөөд “Мөнх тэнгэрийн ивгээлээр ертөнц дахинд их эзэн хааны нэр сүр мөнхжин аливаа гэмтэн тэрсүүд нар арилан сөнөтүгэй” гэсэн зарлигтай. Бумтын ноён буюу их цэргийн жанжин 12 кг алтан гэрэгэ хэрэглэнэ. Гэрэгэний нүүрэн талд зарлиг бичиж, нар, сар болон арслангийн дүрс сийлсэн байдаг. Тийм гэрэгэ бүхий хүн их хэрэг шийтгэх эрх тушаал хүлээж онцгой эрх дарх эдлэхийн дээр хаа газар морилон явахдаа ямагт бяцхан жууз дотор мөнгөн сандал дээр залрах бөгөөд энэ нь тэр хүний эрхэмсэг их ноён болохыг илтгэнэ. Мөн их хаан зарим их ноёныг элч мэдээчээр илгээхдээ хангарди, шонхор шувууны дүрс бүхий пайз олгон, ингэснээрээ тэднийг өөртэйгөө адил эрх засаг бүхий болгон хааны агт морьдоос ч хэрэглэж болно” хэмээжээ.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.